sonin.mn


ХКН байгуулагдсаны 105 жилийн ойд                      


         

   2026 он БНХАУ-ын хувьд онцлог нэгэн жил болж байна. Хятадын Коммунист Нам байгуулагдсаны 105 жилийн ой, Хятад улсын “XV Таван жилийн төлөвлөгөө”-ний гарааны жил энэ онд тохиож байна. 

105 жилийн өмнө буюу 1921 оны 7 дугаар сард арван хэдхэн хүн анх үүсгэн байгуулсан ХКН эдүгээ 100 сая гаруй гишүүнтэй, “Дэлхийн анхны том нам”-аас “Дэлхийн хамгийн хүчирхэг улс төрийн нам” болох замаар замнан, Хятадын олон үндэстэн ард түмний “Хөл дээрээ өндийн босож, баян чинээлэг болохоос хүчирхэгжих хүртэлх аугаа их үсрэлт”-ийг хэрэгжүүлж байна. 

Өөрчлөлт шинэчлэлт, нээлттэй бодлого хэрэгжүүлж ирсэн 40 гаруй жилийн дотор БНХАУ үсрэнгүй хөгжиж, дэлхийн хоёр дахь том эдийн засгийн цогц болж, “Дэлхийд ховор тохиох хоёр их гайхамшиг”-ийг бүтээгээд байна. ХКН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Манай нам ард түмнээ манлайлан, дэлхийд ховорхон хоёр их гайхамшгийг бүтээсэн билээ. Нэг нь эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн гайхамшиг. Манай улс их үсрэлтээр эрин үетэйгээ мөр зэрэгцэн, хөгжингүй орнуудын хэдэн зуун жилийн турш туулсан аж үйлдвэржилтийн үйл явцыг хэдэн арван жилд туулж, дэлхийн хоёр дахь том эдийн засгийн цогц болж, ...Хятадын олон үндэстэн дэлхийн дорно дахинд цоо шинээр сүндэрлэн боссон юм. Хоёр дахь нь нийгмийн урт хугацааны тогвортой байдлын гайхамшиг. Манай улс урт хугацаанд нийгэм эе зохиролтой, бат тогтвортой, ард түмэн амар тайван аж төрөх явдлыг баталгаажуулан, олон улсын хамтын нийгэмлэгээр хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн аюулгүйн мэдрэмж бүхий орны нэг болоод байна” (“Ши Жиньпин Төр улсыг засах тухай III боть, 124-р тал) хэмээн онцолсон байдаг. Түүнчлэн “Энэ шинэ эрин үе бол ...Хятадын олон үндэстний аугаа их сэргэн мандлын Хятадын мөрөөдлийг хэрэгжүүлэх эрин үе, манай улс өдрөөс өдөрт дэлхийн тавцны төв рүү улам бүр ойртож, хүн төрөлхтөнд илүү их хувь нэмрийг тасралтгүй оруулах эрин үе мөн” (ХКН-ын XIX хурлын тайлан илтгэл) хэмээн дурджээ.  


Шинжлэх ухааны онол болбоос практикийн шимт хөрсөн дээр суурилдаг. Онолын амьдрах чадвар нь байнга инновац хийхэд оршдог гэсэн үг байдаг. 


Бүх Хятадын намын бүтээн байгуулалтын ажлын зөвлөгөөн энэ 6 дугаар сарын дундуур Бээжин хотод болж, урт хугацаанд засгийн эрх барих ямар улс төрийн намыг бүтээн байгуулах, урт хугацаанд засгийн эрх барих улс төрийн намыг хэрхэн бүтээн байгуулах гэсэн эрин үеийн шинжтэй томоохон сэдвийг тойруулан, хэд хэдэн шинэ үзэл баримтлал, шинэ үзэл санаа, шинэ стратеги дэвшүүлжээ. Тийнхүү Ши Жиньпиний намын бүтээн байгуулалтын үзэл санаа бүрэлдсэн ажгуу. Тэрхүү намын бүтээн байгуулалтын үзэл санаа нь намын төвлөрсөн нэгдмэл удирдлагыг баримтлах, намыг иж бүрэн хатуу чанд засах, анхны зориг санаагаа эс умартан, үүрэг зорилгоо хатуу санах зэрэг онолын хөгжил, практик туршлагуудаас бүрдэх агаад түүнийг “Арван дөрвөн зүйлийг баримтлах” хэмээн нэрлэж байна. 

Тэрхүү “Арван дөрвөн зүйлийг баримтлах” үзэл санаа нь шинжлэх ухаан онолоос эхтэй, Хятадын уламжлалт соёлд суурилсан ажээ. Тэдгээрийн дотроос зарим чухал үзэл санааг онцлон авч үзэж болох юм. 


       АНХНЫ ЗОРИГ САНААГАА ЭС УМАРТАХ ХИЙГЭЭД АРД ТҮМНИЙГ

                       ДЭЭДЛЭХ НЬ


Эртнээс нааш, Хятад улсын төр улсыг засах үйл хэрэгт их ёс суртлыг эрхэмлэх, төрийн хэргийг түмэн олны үйл болгох, засаглахуй нь иргэн олныг тэтгэхүйд орших, ард түмнийг алив бүхний тэргүүнд тавих зэрэг баялаг үзэл санаа уламжилж ирсэн түүхтэй юм. Хятадын 5000 гаруй жилийн түүхтэй соёл иргэншил нь төр улсыг засах ухааны баялаг уламжлалыг бүтээсэн агаад тэрхүү уламжлал нь шинэ эрин үеийн намын бүтээн байгуулалтыг тэтгэх соёлын эх ундарга болж байгааг онцолж байна.  

Эртний мэргэдийн сургаалд “Улс орон болбоос иргэн олныг үндэс болгомуй, улс орон болбоос иргэн олны тулд тогтмуй” хэмээн сургасан ажээ. Эртний Хятадын төр засаглалын “Засагт ном”-д “Иргэн олон болбоос төр улсын үндэс нь болой, үндэс нь бат бэх аваас төр улс төвшин амгалан оршмуй” хэмээн сургажээ.

“Арван дөрвөн зүйлийг баримтлах”-ын нэг чухал агуулга нь “Анхны зориг санаагаа эс умартан, үүрэг зорилгоо хатуу санах” үзэл санаа юм. 

“Анхны зориг санаагаа эс умартах аваас эцэстээ ялалтад хүрнэ. Хятад коммунистуудын анхны зориг санаа, үүрэг зорилго бол Хятадын ард түмний аз жаргалын төлөө зүтгэх, Хятадын олон үндэстний сэргэн мандлын төлөө зүтгэх явдал юм.                                     

                                                                                                                                                   

Намын бүх нөхөд цаг ямагт ард түмэнтэйгээ хамт амьсгалж, нэг хувь заяатай, сэтгэл зүрхээрээ нэгдмэл байж, ард түмний сайн сайхан амьдрах хүсэл тэмүүллийг тэмцлийн мөнхийн зорилгоо болгож, ...Хятадын олон үндэстний аугаа их сэргэн мандлыг хэрэгжүүлэх их зорилго өөд тасралтгүй тэмцэн урагшлах ёстой” (“Ши Жиньпин Төр улсыг засах тухай III боть, 1-2-р тал) хэмээн онцолсон байдаг.  


“Анхны зориг санаагаа сахих гэдэг нь бүх сэтгэл зүрхээрээ ард түмэндээ үйлчлэх үндсэн зорилгоо хатуу санах явдлыг хэлэх бөгөөд тууштай туйлын хүслэн, итгэл үнэмшлээр анхны зориг санааг хатуу баримтлан, ард түмний сайн сайхан амьдралын төлөө хүсэл тэмүүлэл бол бидний тэмцлийн зорилго гэдгийг хатуу санах явдал мөн” (“Ши Жиньпин Төр улсыг засах тухай III боть, 523-р тал) хэмээн онцолжээ. 

ХКН-ын XX их хурлын илтгэлд, урагшлах замдаа хатуу чанд баримталбаас зохих таван чухал зарчмыг онцлон дурдсан бөгөөд тэдгээр чухал зарчмуудын нэг нь “Ард түмнийг гол төв болгосон хөгжлийн үзэл санаа” юм. 

Уг илтгэлд “Ард түмнийг гол төв болгосон хөгжлийн үзэл санааг баримтлах ёстой. Ард түмний язгуур эрх ашгийг сахин хамгаалж, иргэдийн амьжиргаа, сайн сайхан байдлыг сайжруулан, хөгжил нь ард түмний төлөө байх, хөгжил нь ард түмэнд түшиглэх, хөгжлийн үр шимийг ард түмэн хамтдаа хүртэх явдлыг тасралтгүй хэрэгжүүлэн, орчин үеийн бүтээн байгуулалтын үр шимийг илүү ихээр, илүү тэгш шударгаар бүх ард түмэнд хүртээх ёстой” хэмээн заажээ. 

Аливаа улс төрийн нам, аливаа засаглалын ирээдүй, хувь заяа нь эцсийн эцэст ард түмний сэтгэлийг олж чадсан эсэхээс шалтгаална. Гагцхүү ард түмэнд гүнзгий суурилж, ард түмнийг нягт түшиглэх аваас шавхагдашгүй эрч хүчийг олж, хүнд бэрхийг даван туулж, хөгжин урагшлах болно. Тиймийн учир “Эрин үе шалгаж, бид шалгалтад хариулж, ард түмэн дүнг нь тавьдаг” хэмээн онцолжээ. 

ХКН-ын XX их хурлын илтгэлд мөн “Улс орон бол ард түмэн мөн, ард түмэн бол улс орон мөн. ХКН ард түмнээ удирдан, улс орноо байлдан олж, улс орноо сахин хамгаалж, ард түмнийхээ сэтгэл зүрхийг сахин хамгаалж байна. Улс орныг засахуйд тогтсон хууль журам байх боловч, олон түмэнд ашиг тустай байх нь язгуур үндэс нь болой. Ард түмэнд аз жаргалыг цогцлоох нь нийт олны төлөө намыг байгуулж, ард түмний төлөө эрхийг барих язгуур шинж чанарын шаардлага мөн.” (“Ши Жиньпин Төр улсыг засах тухай V боть, 36-р тал) хэмээн онцлон дурдсан байна.


            НАМЫГ ИЖ БҮРЭН ХАТУУ ЧАНД ЗАСАХ НЬ


Ши Жиньпиний намын бүтээн байгуулалтын үзэл санааны нэг чухал агуулга нь “Намыг иж бүрэн хатуу чанд засах явдлыг баримтлах” юм. 

Төр улсыг засахын тулд юуны өмнө намыг засах ёстой, нам бэхжиж мандаж байж сая төр улс хүчирхэгжинэ. Тиймийн учир намын бүтээн байгуулалтыг их үйл хэрэг болгон өрнүүлж, намыг иж бүрэн хатуу чанд засах зарчим, чиг шугамыг хатуу баримтлах ёстой ажээ.

“Хоёр 100 жил”-ийн тэмцлийн зорилгыг хэрэгжүүлэх, Хятадын олон үндэстний аугаа их сэргэн мандлын Хятадын мөрөөдлийг хэрэгжүүлэхийн тулд Хятад улсын хөгжлийн бодит байдлыг иш үндэс болгон, “дундаж чинээлэг нийгмийг иж бүрэн байгуулах, өөрчлөлт шинэчлэлтийг иж бүрэн гүнзгийрүүлэх, улс орныг хуулийн дагуу иж бүрэн засах, намыг иж бүрэн хатуу чанд засах” зорилт дэвшүүлж, түүнийг “Дөрвөн иж бүрэн” стратегийн төлөвлөлт хэмээн нэрлэж байна. 


“Дөрвөн иж бүрэн” стратегийн төлөвлөлтийн нэг чухал агуулга нь “Намыг иж бүрэн хатуу чанд засах” явдал юм. Улсын засахын тулд эхлээд намыг засаж, намыг засахдаа хатуу чанд байх ёстой хэмээн онцолж байна. Эдүгээ Хятад улсын “Хоёр 100 жил”-ийн тэмцлийн зорилгын эхний 100 жилийн тэмцлийн зорилго бүрэн хэрэгжиж, энэ зууны дунд үе гэхэд, Хятад орныг баян, хүчирхэг, ардчилсан, соёл иргэншилтэй, эе зохиролтой, үзэсгэлэнтэй сайхан социалист орчин үежсэн хүчирхэг гүрэн болгон бүтээн байгуулах хоёр дахь 100 жилийн тэмцлийн зорилгыг хэрэгжүүлэх шинэ их аянд дэвшин ороод байна. 

2024 оны 12 дугаар сарын эцсийн байдлаар, ХКН-ын гишүүдийн нийт тоо 100 саяыг давсан ажээ. Намын гишүүдийн эгнээ өргөжин тэлэхийн хэрээр, намыг удирдах, намыг засах зорилт улам бүр нарийн төвөгтэй болж байгаа нь мэдээж. 

 Ши Жиньпин “Манай нам бол дэлхий дээр хамгийн том улс төрийн нам, том нь томын шинж төрхтэй байх учиртай, гэвч томд бас томын хүндрэл бэрхшээл буй” хэмээн онцолсон байдаг. Тиймийн учир “Намыг иж бүрэн хатуу чанд засах” явдлыг “намын урт хугацааны стратеги, өнө мөнхийн сэдэв болгох” зорилт дэвшүүлсэн ажээ. 


“Намыг иж бүрэн хатуу чанд засах”-ын нэг чухал зорилго нь ялзрал авлигын эсрэг хийх тууштай, эрс шийдвэртэй тэмцэл юм. Тийнхүү “ялзрал авлигыг үл тэвчих” өндөр шаардлага дэвшүүлэн, “ялзрал авлигыг үйлдэж зүрхлэхгүй байх, ялзрал авлигыг үйлдэж чадахгүй байх, ялзрал авлигыг үйлдэхийг бодохгүй байх” хуулиар улсыг засах улс төрийн уур амьсгалыг бүрдүүлж байна. 


“Эрдэмт сайдын засаглахуйн ёсон болбоос өөрийн биеийг засахуйг эх үндэс болгомуй” хэмээсэн Хятадын хууч үг байдаг. “Шүүмжлэл өгүүлэл” номд “Өөрийн биеийг боловсруулаад өргөн олныг амаржуулбаас сая болмуй” хэмээн сургажээ. “Их суртахуй” номд “Улсаа зассугай хэмээгсэд эхлээд гэрээ төвшитгөмүй, гэрээ төвшитгөсүгэй хэмээсэд эхлээд биеэ засмуй, биеэ зассугай хэмээгсэд эхлээд сэтгэлээ тэгшилмүй” хэмээн сургасан байдаг. 

Ши Жиньпиний намын бүтээн байгуулалтын үзэл санаа нь шинэ эрин үед намын бүтээн байгуулалтад тулгарч байгаа шинэ нөхцөл байдал, шинэ сорилтыг зөв таних суурин дээр бүрэлдсэн шинжлэх ухааны онол, үзэл санаа, түүнчлэн дэлхийн улс орнуудын улс төрийн намуудын бүтээн байгуулалт, болон төр улсыг засах хэрэгт оруулж байгаа Хятадын хувилбар хэмээн судлаачид үнэлж байна.   




                    М.ЧИМЭДЦЭЕЭ (Доктор Ph.D, хятад судлаач, орчуулагч)