sonin.mn

Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн Зэвсэг, галт хэрэглэл хадгалах тусгай төвийн Зэвсэг, галт хэрэглэл хадгалах тасгийн зэвсгийн нярав, засварчин ахлах ахлагч Ц.Эрдэнэ-Очиртой ярилцлаа.


Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бага нас хаана өнгөрөв, ямар хүүхэд байв гэдгээс яриагаа эхлэх үү?


-Би 1987 онд Ж.Цэрэндагва, Ж.Эрхэмбаяр нарын отгон хүү болж мэндэлсэн. Дээрээ 2 ах, 4 эгчтэй. Хүүхэд нас Эрдэнэт хотод өнгөрсөн. Бусдын л адил аав, ээжийн гар дээр хүмүүжиж, тэндээ сургууль соёлоо дүүргэсэн. Эрдэнэт бол цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй, залуусын гэх тодотголтой хот гэж боддог. Намайг амьдрах үе ч тийм л байлаа. 

Айлын бага гээд нэг их эрх, танхил байсангүй. Харин дүрсгүй сахилгагүй, юм юм руу үсчсэн гэмээр хүүхэд байсан. Тиймдээ ч багадаа оролдож үзсэн спорт олон. Сагс, волейбол, хөл бөмбөг гээд юу эсийг оролдох билээ. Гэхдээ л алинаар ч дагнаж, хичээллээгүй нь сэтгэл гонсоймоор. 


Харин эрийн цээнд хүрч, цэргийн албанд мордсон нь амьдралдаа хийсэн хамгийн зөв бөгөөд чухал сонголтуудын нэг байсан юм. Цэргийн амьдралын зах зухаас үзэж, багаасаа ядаж л гадарлахтайгаа болсон байв. Учир нь аав минь цэргийн хүн байсан. Дэд хурандаа цолтойгоор Зэвсэгт хүчний 186 дугаар ангиас гавьяаныхаа амралтад гарсан байдаг. Тэр үед би их жаахан байсан юм билээ. Аав намайг бага гэж гололгүй цэргийн хүний амьдрал, эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгуулах гэж их хичээдэг байж.  Ингээд иргэний үүргээ биелүүлж, амьдралын их сургуульд сурахаар цэргийн албанд мордсон нь цаашдын зам мөрийг минь ч тэгшитгэсэн гэхэд болно. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл 19 дэх жилдээ албаа амжилттай хааж байна. Ажил, амьдралдаа аавынхаа сургаал, захиасыг байнга бодож явдаг даа.


Хугацаат цэргээс ахлагчийн албанд улирч үлдсэн нь хамгийн нухацтай бодож байж гаргасан шийдвэр байх. Тэр үедээ юу бодож, төсөөлж байв?


-Мэдээж хуульд заасны дагуу цэргийн албаа хаах үүрэгтэй. Тэгээд цэргийн зарлан ирсэн. Цэрэгт байхдаа алсдаа цэргийн хүн болоод ажиллаж, амьдарна гэж хараахан төлөвлөөгүй байсан. Тэгээд цэрэг татлагаар ороод тэнцэхэд гэрийнхэн олон таван үггүйгээр дэмжиж, албаа сайн хаахыг захилаа. Надад зарлан дуудах хуудас ирэхэд аав минь тэнгэрт одсон байв. Уг нь амьд, сэрүүн байсан бол сургаал юугаа хайрлаж, олон зүйлийг захих байсан даа гэж боддог. Одоо ажиллаж байгаа ангидаа хуваарилагдан цэргийн албаа хааж, халагдах болоход дарга нар улиран ажиллуулах санал тавьсан юм. Цэргийн хүн байсан аавынхаа удмыг залгаж, адилхан замаар алхана гэхээр бахархалтай санагдсан. Гэрийнхнээсээ аавынхаа мэргэжлийг өвлөх ганц хүн нь гэдгийг ээж ч мөн хэлж байлаа. Тэгээд бүр олон боломжийн үзүүрээс атгачихсан тул хоёргүй сэтгэлээр албандаа үлдэхийг хүссэн юм.  


Татгалзахын аргагүй энэ саналыг хүлээж авснаар ахлагчийн албанд улирч үлдэв. Одоо сайн санадаг юм. Хугацаат цэргийн албанд байхад захирагч, дарга нар бүгд л өөр өөрийн арга барилтай. Зүйр цэцэн үгсээр их сургамжилна. Жишээлбэл, нарны эртэд малаа бэлчээ, насны залууд эрдэм сур залуучуудаа гэдэг үг сэтгэлд их хоногшиж үлдсэн байна. Тэр дарга нартайгаа хамт ажиллаж, мөр зэрэгцэн алба хаана гэхээр их догдолж байж билээ. 


Харин 2010-2011 онд БХИС-ийг Зэвсгийн нярав, засварчнаар төгссөнөөр үндсэндээ зэвсгийн хүн болсон доо. Өнөөдөр Батлан хамгаалах, Зэвсэгт хүчнийхээ үр шимийг хүртэж, бахархал дүүрэн, зовхи өөдөө л албаа хааж явна.  Аавынхаа хэлж, ярьдаг байсан зүйлсийг ч мөн үр хүүхдүүддээ захиж, ноён нуруутай, түшиг тулгууртай, зөв хүн болж төлөвшөөсэй л гэж бодох юм. Аав нь цэргийн хүн болсных, гурван хүүгээ цэргийн албанд заавал явуулна. 


Зэвсгийн мэргэжилтэйгээс гадна хоолонд ур дүйтэй гэдгээр тань эчнээ мэдэх юм байна?


-Энэ хугацаанд юм, юм л хийж үзлээ. Шаардлагатай үед барилга, тохижилт үйлчилгээний ажил хийж, тогооч болж үзлээ. Зэвсэгт хүчнээс олон ч зүйл сурлаа. Ямар ч нөхцөлд үүрэг гүйцэтгэх, дасан зохицох чадвар маш сайн суудаг юм байна. Энэ бүхэн тэгээд ажил, амьдралд минь тус нэмэр ихтэй. Машин техник эвдэрлээ гэхэд өөрөө гэмтлийг нь оношилчих жишээтэй. Мэргэжлийн авто засварчин шиг биш ч наад захын гэмтлүүдийг засчихна. Орон гэртээ өөрөө засвар, будаг хийчихдэг. Амралт, чөлөөт цагаараа гэрийнхэндээ амттай хоол, ундаар үйлчилнэ. 


Хоол хийх сонирхолтой санагддаг. Энгийн, цэргийн ч тогооч найзууд бий. Судалгаанаас болон миний туршлагаас үүдсэн хувийн л бодлоо сонирхуулъя. Эрэгтэй тогооч, эмэгтэй тогоочоосоо амтлах мэдрэмж илүү сайн, түүнийгээ удаан хадгалдаг гэдэг. Ер нь Монголд, дэлхийд ч тэр томоохон ресторануудын зөвлөх, ахлах тогоочоор эрэгтэй хүн л ажиллаж байна. Миний хувьд өөрийнхөө хэмжээнд гологдохооргүй амтлах мэдрэмжтэй. Хүний хийж байгааг хараад сурчихна, гарт орсон хоолнуудынхаа амт, жорыг нь ч илүү сайжруулаад явахад асуудалгүй. 


May be an image of 12 people

Хүүхэд байхад ах, эгч бид долуул аав, ээжийнхээ гарыг гэрийн ажилд аль болох бага хүргэхийг л бодно. Тэгээд ч ажилч, хичээнгүй, дуулгавартай байх нь гэрийн хүмүүжлийн нэг хэлбэр гэхэд хилсдэхгүй. Бид чадах, мэдэх ажлаа боломжоороо хийнэ. Аав, ээж олон зүйл зааж сургахдаа амьдралд хэрэгтэй шүү гэж ард нь хэлнэ. Ямар ч хүн хоолоо хийгээд идчихдэг наад захын зүйлд суралцах ёстой шүү дээ. Аав надад энгийн монгол хоол хийх аргыг л зааж өгсөн. Яагаад ч юм том болохын хэрээр, хоол гэхээр л их сонирхол татаж, дотор байдаг сониуч, хичээнгүй занг минь өдөөдөг байлаа. Өөрөө ч уйгагүй оролдоно. 


Хоолны чиглэлээр маш их мэдлэг, туршлага хуримтлуулах боломж олдсон нь одоогоос хэдэн жилийн өмнө БНӨСУ-д явагдаж буй энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн тэр цаг үе л дээ. Ротод үүрэг гүйцэтгэж байсан бол гал тогоонд ээлжийн ахлахаар хуваарилагдсанаар маш сайн бэлтгэгдэж, багагүй зүйлийг сурсан. Одоогийн ҮААХ-ийн ахлах тогооч Б.Ганчимэг, Зэвсэгт хүчний зургаан ангийн ахлах тогооч гээд үнэхээр ажилдаа мэргэшсэн улс л тэр ээлжийн гал тогоог хариуцаж ажилласан.


Энэ нь ч миний хувьд азтай, завшаантай хэрэг болсон юм. Сурсан зүйлээ баяжуулаад удалгүй энэ ажилдаа гаршиж эхэлсэн. Ямартай ч энэ зэвсгийн нярав хоолонд бас хоосонгүй юм гэсэн ойлголт төрүүлж чадсан байх. Ингээд 2018 оны дараачаас Зэвсэгт хүчний хэмжээний хүлээн авалтуудад ажиллаж, олон улсын хээрийн сургуулиудаар ч олон хүнд хоол, зуушаар үйлчилж байна. За тэгээд шаардлагатай үед ангидаа тогооч хийнэ. Мартын 8-нд ангийнхаа бүсгүйчүүдэд халуун хоолоор үйлчилнэ. Хугацаат цэргийн алба хаагчдадаа зориулсан өдөрлөг, арга хэмжээнд мөн гал тогоонд ажиллана. Ээлжийн амралттай байгаа тогоочийнхоо оронд ажиллах үе бас гардаг. Болох талаас нь харж, хоёргүй сэтгэлээр зүтгээд явж байна даа.   


Хоол гэдэг тогоочоос ур чадвараас гадна сэтгэл шаарддаг. Ялангуяа олон улсын сургуульд оролцож байгаа цэргийн алба хаагчдад хүрэх хоолны чанар, шалгуур тэр хэрээрээ өндөрсдөг биз? 


-Тийм ээ. Шаардлага өндөртэй. Олон улсын цэргийн алба хаагчдад гадаад хоолоор үйлчилнэ. Тэдгээр нь сонголттой. Нэг тогооч хоёр төрлийн хоол, салат хийх ч юм уу, тийм чадвартай байхыг шаарддаг. Эрүүл ахуй, чанарыг ч сайтар шалгана. Гол нь тавьсан шаардлагын дагуу ажил, үүргээ амжилттай гүйцэтгэхийн хэрээр хүн өсөж, хөгжиж байдаг онцлогтой. 


Амт чанартай, янз бүрийн хоолоор үйлчилдэг хэр нь ээ ямар хоолонд дуртай вэ гэж асуухад тогооч нар ихэвчлэн энгийн хариулт өгдөг. Таны хувьд?


-Би цуйванд дуртай. Цуйванг дажгүй сэгсэрчихнэ. Ер нь тэгээд эрчүүд бид цуйвангаас буцдаггүй. Хэдий цуйванд дуртай ч гэрийнхнээс өөр хоолны захиалгууд ирнэ. Манай хүүхдүүд гэхэд л амралтын өдрүүдээр ихэвчлэн тахиа, пицца л иднэ. Гаднаас хүргэлт, захиалгаар авахгүй. Аав нь л гардаж хийнэ. Хүүхдийн сэтгэл гэдэг их цайлган, цагаахан. Дуртай хоолоо идээд, баярлаж суухыг нь харах сайхан даа. 


Сүүлийн жилүүдэд цахим орчинд хоолны бичлэг, үнэ төлбөргүй сургалтууд ордог болсон байна. Хүмүүсийн хэлдгээр утсаа маажихдаа хоолны блогуудыг харна. Тогтоож, нүдэлж аваад л гэртээ туршина. Мэдээж амтлахдаа өөрийнхөө хүссэнээр хийнэ. Хоол бүрт зохицсон, тохирсон амтыг бий болгохыг зорьдог. Тэгээд хамгийн түрүүнд эхнэр, хүүхдүүддээ амтлуулж, дүнгээ тавиулна даа. Харин цуйванг нэг хүнд, зуун хүнд ч хийсэн адилхан амттай. Гэр, ажлынхан, найз нөхөд ч хэлнэ. Энэ цуйван яг л нэг амтаа барьчихсан гэж ярьдаг. Нэг тийм, дотно танил болсон амт болохоор найзууд идсэн л бол нэмүүлнэ гэдэг дээ.


Ээж тань танд анх албаа үргэлжлүүлж хаа, олон боломжийн үзүүрээс атгачихсан байна гэж хэлсэн нь өнөөдөр хэр биеллээ олж байна?


-Дээр дурдсанчлан захирагч, даргын нарны эртэд малаа бэлчээ, насны залууд эрдэм сур гэсэн нь юутай үнэн үг вэ. Залуучууд аль болох цаг алдахгүйгээр ирээдүйгээ төлөвлөж, харах хэрэгтэй юм байна. Юуг сурах, юунд цагаа зарцуулбал мэдлэг тэлэх, цаашлаад ажил, амьдралд хэрэгтэй гэдгээ мэддэг байх нь чухал. Өнөөдөр ҮБХИС салбарын боловсон хүчнийг бэлддэг, тэнд шат шатны сургалт, дамжаа байна. Залуучуудад цаашдын зам нь нээлттэй. Ангид ирж байгаа шинэ, залуу ахлагч нартаа хэлэхэд одоо цаг үе өөр болсон. Бидний ажиллаж амьдрах, сурч боловсрох, хөгжиж дэвших орчин нөхцөл 10 гаруй жилийн өмнөхтэй харьцуулшгүй өөр болсон. Цалин хангамж ч сүүлийн нэг жилд эрс сайжирсан. Энэ бүхнийг залуу ахлагч нартаа байнга хэлдэг. Үнэхээр үзэл бодол нийлж, амжилтад хүрээд явж байгаа залуус олон байна. Би одоо 5 дахь тасгийн даргатайгаа ажиллаж байна. Бүх л даргатай гар сэтгэл нийлж, хамтарч ажилласаар ирсэн. Гол нь хоорондоо ойлголцож, бие биеэ хүндэлсэн, хүн ёсны харилцаатай байна гэдэг аливаа ажлыг бүтээхэд их дөхөм байдаг. Миний ойлгож байгаагаар анги маань сүүлийн жилүүдэд нийгэм цаг үеэ дагаад их өөрчлөгдсөн. Нээлттэй, тэнд байгаа хүмүүсийн хандлага ч илүү шинэлэг, сэтгэлгээний хувьд залуу үетэйгээ нийцэж алхах, зэрэгцэж хөгжихийг урьтал болгож байна. 


Би өнгөрсөн хугацаанд энхийг дэмжих ажиллагаанд гурван удаа үүрэг гүйцэтгэсэн. Ажил алба, ахуй амьдралд минь олон талаар үр шимээ өгсөн. Халагдсаныхаа дараагаар авто засвар, барилга гээд дараагийн ажлын талбарт гарах бүрэн боломжтой. Эсвэл цайны газар ажиллуулаад түүнийгээ ирээдүйд ресторан болгоно гэсэн зорилго тээгээд явахыг ч үгүйсгэхгүй. Зэвсэгт хүчин намайг энгийн амьдралд ч ингэж л бэлдсэн. Аль ч үед хөрвөж ажиллах чадвар эзэмшсэн. 


Гэр бүл зохиосноос хойш 20 орчим жил болж байна. Эхнэр гурван хүүгийн хамт амьдардаг. Удахгүй охиноо өлгийдөн авна. Зэвсэгт хүчинд ажилладаггүй ч албаны минь онцлогийг мэдэрч, ойлгож ар гэрийнхээ бүх л асуудлыг зохицуулдаг хүн бол эхнэр. Хойноо санаа зовохгүй, хоёргүй сэтгэлээр зүтгэх боломжийг олгож, түшиг тулгуур болж ирсэн ханиараа бахархдаг. Гэрийн маань Зэвсэгт хүчин өнгөтэй өөдтэй байгаа нь эхнэрийн минь ач. Төрийн алба учраас явалгүй бол болохгүй, би хүүхдүүдээ зөөчихнө гээд л намайг хоол ундтай гаргана. Сая хүртэл нааш ирэхэд амжилт хүсээд гаргасан. 


Хол зүйлээ хүн их санаж үгүйлдэг. Ялангуяа манай цэргийнхэн ажиллагаанд яваад ирэхдээ Монгол минь гээд их сэтгэл дэвсэж ярьдаг даа?


-БНӨСУ-д явагдаж буй UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэхэд олон зүйл бодогдсон. Нэг өдөр харуулын цэг дээр үүрэг гүйцэтгэж байхад аав, ээжийн минь захиас толгойд зурсхийсэн. Нээрээ л би монгол цэрэг болж, олон аавын хөвгүүдтэй хаа холын Африкт ирээд үүрэг гүйцэтгэж байх юм. Намайг Зэвсэгт хүчин хэмээн чиглүүлсэн нь тэдний минь хувьд яах аргагүй холыг харсан бодол байж гэдгийг ухаарч л байлаа. Ер нь тэр ажиллагаа миний нүд, чихийг нээж өгсөн дөө. Ажиллагаанд яваад ирэхээр дадлага, туршлагатай болохоос гадна тэр ядуу, буурай оронд очоод хүний эрх гэж ямар чухал зүйл болохыг харж байгаа. Ядуу, зүдрүүг нь хараад өрөвдөж, гар гараа сунгацгаана шүү дээ. Сошиалаар яргачид гэж ярьж, бичээд байгаа болохоос бид маш өрөвч. Тэгж бичээд байгаа хүмүүс өөрсдөө тэр Африкт очоод үзчих хэрэгтэй. Тэнд ямар амьдрал буцалж байгааг харчхаад эргээд нэг бодно биз. Монгол хүний өрөвч сэтгэл гэдэг асар их. Тэгээд БНӨСУ-д байхдаа эх орон, тусгаар тогтнол ямар их үнэ цэнтэй болохыг нэвт ойлгож, би ямар азаар Монголдоо төрөө вэ гэж боддог л юм билээ. Африкт төрчихсөн бол би яаж амьдрах вэ, том болоод гэр бүлээ юугаар тэжээх вэ, хүүхдүүд хаана сурч боловсрох вэ гэж бодохоос л гол зурна. Монгол Улсад төрсөндөө, Зэвсэгт хүчинд алба хааснаараа үнэхээр их бахархаж, баярладаг. Ажилдаа явахад ч урамтай. Нэг л их гоё зүйл рүү яваа мэт сэтгэгдэл төрдөг. Яаж ч орой унтсан өглөө ажилдаа явахад нүүр бардам, итгэл дүүрэн.      


Гурван хүүтэй айлын өрхийн тэргүүн, тэр тусмаа цэргийн хүн гэхээр та гэртээ эх оронч үзэл, хүмүүжлийн гол ухуулагч байх нь?


-Мэдээж. Нас насанд нь тохирохуйц ойлголтыг бага багаар өгч байгаа. Тэгэхгүй бол шууд тулгасан, огцомдсон маягийн зүйлийг ойлгож хүлээж авахгүй нь лавтай. Том хүү маань одоо 8 дугаар ангид сурдаг. Эх оронч үзэл гэж юу болох талаар дүү нараасаа хавьгүй илүүг мэднэ. Юуны тулд аав нь цэргийн хүн билээ дээ. Цэргийн амьдрал нэгд, нэгэнгүй яриад байхгүй ч зарлан ирэхэд цэргийн алба хаана гэдгээ одоо надаар хэлүүлэлтгүй мэддэг. Цэргийн алба гэдэг эр хүн болж төлөвших маш том сургууль, олон аавын хөвгүүдтэй нэг цул болж, нөхөрлөдөг юм шүү гэх зүйлсийг ямартаа ч чихэнд нь хоногшуулчихсан. Цаг нь болохоор цэрэгт явах учраас, одоогоос өөртөө анхаарч, эрүүл чийрэг биетэй байхыг бас захиж байгаа. 


Сүүлийн үед нийгэмд үүсээд байгаа асуудлыг бүгд л цахим орчноос харж, сонсож байна. Саяхан, өглөө гэрээс гарахад хүүхдүүд аав цэрэг зодоод байдаг юм уу гэж надаас асуулаа. Хариуд нь аав нь яалаа гэж тэгэх билээ, цэрэг зодно гэдэг хүүхдээ зодож байгаагаас өөрцгүй шүү дээ гэж хэлсэн. Аав нь ийм мэргэжилтэй, тийм ажил хийдэг, хугацаат цэрэгтэй хүн бүр харьцдаггүй гэдгийг ч учирлаад л гарсан.  


Цахим орчинд тархаж байгаа энэ их мэдээлэлд хүүхдүүд шүүлтүүр хийж чадахгүй байх шиг байна. Тэндээс авсан нэг талын мэдээлэлдээ үндэслэж, надаас та цэрэг зоддог юм уу гэж асуусан гэж бодож байгаа. Дараад нь цаг гаргаж хүүтэйгээ ярилцъя, нарийн ширийн зүйлсийг нь тайлбарлаж өгье гээд тохиролцсон. Сүүлийн өдрүүдэд цахим орчинд Зэвсэгт хүчний талаар маш их ярьж, бичсэн. Үүнээс үүдэлтэйгээр бидний хүүхдүүд хүртэл эцэг, эхээ буруу, зөрүүгээр ойлгож байх шиг. Гэхдээ аль ч салбар, албан байгууллагуудад алдаа дутагдал гардаг. Зэвсэгт хүчнээс өөр газар ч бас зөрчил, дутагдал, засаж залруулах зүйл бишгүй л бий. Алдаа гаргасан бол зохих хариуцлагаа хүлээх нь зүй ёсны хэрэг. Ямартаа ч хууль, шүүхийн байгууллагын дүгнэлтийг бас үндэслэж ярих хэрэгтэй. Тэгэхгүй бол баталгаагүй, учир дутагдалтай энэ их мэдээлэл иргэн-цэргийн харилцаанд сэв суулгах гээд байгаа ч юм шиг харагддаг. Асуудлыг мөшгөж, хөөдөг шигээ сайтар судлаад, танилцах юм бол хугацаат цэргийн алба ч бас сайлуулж, гайхуулах зүйл олонтой.  Оройн тоондоо алхаж яваа ангийнхаа цэргүүдийг харахад 20-иод жилийн өмнөх өөрийгөө ч бас хардаг. Жижүүрийн туслахаар гарахдаа хааяа жижүүрийн байрнаас цэргүүдийг хараад өөрийн эрхгүй огшдог юм. За тэгээд тэр хавиар байгаа айлуудын эрчүүдэд, аавуудад тийм омогшил төрж, цэрэгт явсан үеэ дурсдаг байлгүй дээ. Би ч ангитайгаа ойрхон амьдарч л байсан. Тэгэхэд жагсаж байгаа цэргүүдийг харах гэсэн хүмүүс ангийн хашааны урдуур бишгүй л таарна. 


Миний хувьд Зэвсэгт хүчиндээ 19 дэх жилээ үдэж байгаагийн ард бодоход хугацаат цэргийн алба бол их сайхан алба. Онжавууд маань одоо ч хоорондоо нөхөрлөж явна. Энэ мэтчилэн цэргийн амьдрал, Зэвсэгт хүчинтэй байхын ач тус, чухлыг харахгүйгээр элдэв дайралт хийж байгаад их харамсаж байна. 


Удахгүй шинэ хүнээ өлгийдөж бүл нэмэх гэж байгаа нь чихэнд сонсголонтой сайхан мэдээ байна. Тэгвэл ажил, албаны талаар ойрмогхон бодож төлөвлөсөн зүйл юу вэ?

 -Гэр бүлийн хүнээ тайван амгалан амаржуулж, шинэ хүнээ тосож аваад хэсэг хугацаанд гэр бүлдээ гол анхаарлаа хандуулна. Хүүхдүүдийнхээ хоолыг нь гардаж хийгээд, эхнэрээ сайтар гам бариулж, сайн халамжилна. Энэ бол аавын үүрэг. Албаны тухайд 2023-2024 оны сургуулийн жилийг Ахлагчийг дэмжих жил болгон зарлах гэж байгаа тухай сонссон. Тиймээс энэ хүрээнд манай ангийн ахлагч нарт ч бас хийх ажил их бий. Нийгэм, цаг үеийн шаардлагад нийцсэн өөрчлөлт рүү бид алхам алхмаар орж байна. Тиймээс бид хөгжиж дэвших ёстой. Үүнийгээ л Ахлагчийг дэмжих жилтэйгээ уялдуулна даа.  



Ахлах дэслэгч Ц.ЭНХ-ОРГИЛ

Эх сурвалж: "Соёмбо" сонин