Барилгын хана нураах ажил хийж байсан 15 настай хүү нурангинд дарагдан амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн тавдугаар сард гарсан. Энэ талаар талийгаач хүүгийн ар гэрийнхэн болон өмгөөлөгч нь мэдээлэл хийлээ.
Энэ үеэр талийгаачийн эгч: "Одоогоор холбогдох хоёр байгууллагатай ямар нэгэн байдлаар холбоо тогтоогоогүй байгаа. Ямартай ч Баянгол дүүргийн байцаагч нарт мэдэгдлээ хүргүүлж, мэдэгдлийг хүлээн аваад явж байгаа. Тухайн үед 2026 оны 5 дугаар сарын 18-ны өдөр нас барсан тухай дуудлага ирсэн. Яг юунаас болж, юу болсон талаар асууж тодруулахад тухайн үед талийгаач “Самушил” ХХК-аар дамжуулан ажилд явсан байсан.
Тус компани нь барилгын хог цэвэрлүүлэхээр авч явсан боловч бодит байдал дээр барилгын хүнд даацын хана нураах ажил хийлгэж байсан байна. Улмаар хана нурах үед хүнд даацын хана толгой хэсэгт нь унаж, газар дээрээ нас барсан.
Шүүхийн шинжилгээний хариу өнгөрсөн 5 дахь өдөр гарсан бөгөөд талийгаач нь толгойн хэсэгтээ хүнд даацын зүйлээр цохиулсны улмаас нас барсан гэсэн мэдээллийг өгсөн. Монгол Улсын Ерөнхий сайдад насанд хүрээгүй хүүхдийг ийм байдлаар ажилд зуучилдаг, хяналтгүй ажиллуулдаг байгууллагууд дээр анхаарал хандуулж, холбогдох байгууллагуудтай хамтран хяналт шалгалтыг сайжруулж, дараагийн ийм асуудал дахин гарахаас урьдчилан сэргийлж ажиллахыг хүсэж байна.
Энэ асуудлыг анхааралдаа авч, эрчимтэй шалгаж шийдвэрлэж өгөөч гэсэн шаардлагыг хүргүүлж байна. Талийгаачийг ажилд зуучилсан “Самушил” ХХК нь хорооллын эцэст байрладаг. Харин талийгаачийг ажиллуулсан газар нь хороололд байдаг “Кимбаб чонгуг” гэх хувь хүнтэй холбоотой газар байсан байна. Би “Самушил” ХХК-тай холбогдож тодруулахад, иймэрхүү хэрэг асуудал өмнө нь удаа дараа гарч байсан, бүр 4 удаа ийм асуудал гарч байсан талаар хэлсэн. Мөн өмнө нь анхааруулж байсан бөгөөд “би цаашдаа хууль ёсны дагуу явна, ажилчиддаа энэ хүнтэй битгий холбогдоорой, хэрэв холбогдох гэж байвал миний дугаарыг өгөөд надтай холбогдуулаарай” гэсэн утгатай зүйл ярьсан.
Би талийгаачийн эгч нь бөгөөд ээж нь бие муутай, ярианы бэрхшээлтэй, хэвтрийн хүн байдаг. Тиймээс би эгчийнхээ албан ёсны төлөөлөгчийн хувиар энэ асуудлыг хөөцөлдөж байгаа.15 настай хүүхдийг ийм байгууллага яагаад ажилд зуучилсан талаар асуухад “Самушил” ХХК нь хүүхдийн биеийн өндөр, бие бялдрыг нь хараад насанд хүрсэн мэт үзсэний үндсэн дээр ажилд зуучилдаг гэсэн тайлбар өгсөн. Мөн интернет, сошиал орчноор бүртгэл авч ажилд явуулдаг байсан байна. Гэтэл насанд хүрээгүй хүүхдийг ажилд авахдаа төрсний гэрчилгээ, асран хамгаалагчийн зөвшөөрөл зэрэг шаардлагатай бичиг баримтыг шалгасан эсэх тодорхойгүй байна. Энэ талаар асуухад “манайх мэдэхгүй” гэсэн тайлбар өгсөн.
Одоогоор ямар нэгэн хохирол барагдуулаагүй байгаа бөгөөд зөвхөн цагдаагийн байгууллагын шалгалтыг хүлээж байгаа гэсэн байдалтай байна. Ажиллуулсан газар нь эмгэнэл илэрхийлсэн боловч “Самушил” ХХК нь өмнө нь ийм асуудал гарч байсан, бид сануулж хэлж байсан гэх тайлбар өгсөн. Хоёр байгууллага хоёулаа хариуцлагаас зайлсхийж, нэг нэг рүүгээ бурууг шилжүүлсэн байдалтай байна. Ажил эхлэхийн өмнө өгөх ёстой байсан аюулгүй ажиллагааны зааварчилгааны асуудлыг ч мөн хоёр байгууллага бие биерүүгээ хариуцлага болгон түлхэж байна. Талийгаач нь өмнө нь ажил хийж байгаагүй. Ажил хийх болсон шалтгаан нь ээжийнх нь бие муу, ар гэрийн нөхцөл хүнд, мөнгө төгрөгийн хэрэгцээ байсан учраас ажил хийсэн.
Одоогоор цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явагдаж байгаа, хүлээж бай гэсэн байдлаар явж байна. Талийгаач нь сургуульд сурч байгаад 2 жилийн өмнөөс завсардсан, айлын бага хүүхэд байсан. Ар гэрийн зүгээс “Самушил” ХХК-д үнэхээр гомдолтой байна. 15 настай хүүхдийн амь нас хохирсон байхад “хууль ёсоороо явна” гэсэн байдлаар хандаж байгаа нь буруу гэж үзэж байна" гэлээ.
Б.Төгсбаясгалан
Мягмар - 06 сарын 09,
2026
Сэтгэгдэл1
Хэрвээ талийгаач хөвгүүний аав,ээж нь боломжийн амьдралтай эрүүл саруул хүмүүс байсан бол хүү эндэхэд хараал идсэн дүр эсгэсэн хуурамч ардчилсан нийгэм нь харуусахгүй учраас ийм гарчиг өгсөн үү.