sonin.mn

Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа хоёр дахь жилээ үдэх (648 өдөр шөнө) дөхөж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Freeдom ТВ, ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков, оросын сөрөг хүчний төлөөлөгч Леонид Гозман, украины цэргийн эксперт Александр Мусиенко нарын ярьснаас орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.



“Тооны олноор тэсч байна. Чанар гэж алга”–Оросын сөрөг хүчнийхэн Оросынхоо армийн байж байгааг үнэлсэн нь энэ. Ердөө л асар их хүн, зэвсэг техник Украин руу аваачаад амьд бамбай хийчихсэн, тэсэрдэг дэлбэрдэг төмөр овоолчихсон. Давшилт болгон нь бүтэлгүй. Нэг давшилтад зэвсэг, хүнд техникийнхээ 80%-ийг алдах нь энүүхэнд. Дор хаяж 5500 танкаа украины нутагт сөнөөлгөсөн, эсвэл булаалгасан. Энэ нь оросын зэвсэгт хүчний танкийн паркийн тал нь (нийт 12 мянга орчим) болж байна.



Гэхдээ Украиныг залхтал сульдтал байлдах оросын зорилго хэвээрээ. Британийн “Гардиан” сонины мэдээгээр Украины фронт дээр орос цэргийн хохирол 400 мянга руу дөхөж байна. Ганц жүжигчинтэй театр. Ганц жүжигчин нь өөртөө дайсан олж илрүүлэн, өөрөө дайснаа дарах гэж хамаг байдгаа бараад л. Тэр ганц жүжигчин зайлж одоход бүх дэглэлт шууд зогсоно. Энэ бол Орос-Украины дайны 21 сарын үр дүнг хоёр гуравхан өгүүлбэрээр илэрхийлсэн хэрэг. 


Бас нэг тайлбар байна. Оросын диктатор Путин Украинаа хэлэлцээ рүү байнга шахах боллоо. “G20” уулзалт, Минскэд ОДКБ-гийн хурал дээр “Хэлэлцээ хийхэд Орос ямагт бэлхэн, харин хэлэлцээ хийж өгөхгүй байгаа Украин буруутай” гэсэн утгатай мэдэгдэл хийв. Москва сайхан сэтгэл гаргаад Киев муухай сэтгэлээр хариулаад гэж ойлгуулахыг хичээнэ. Бүр сүүлдээ Украиныг хэлэлцээ рүү түлхэж оруулахыг даян дэлхийгээс шаардав. Украиныг хувааж хэсэглэн заримыг нь ОХУ-ын нутаг дэвсгэр болгосноо үүрд баталгаажуулах, амсхийлт авах, цэрэг армиа дахин цэгцлэн бэхжүүлэх, дараагийн дайндаа бэлтгэхийн тулд Украиныг хэлэлцээнд шахлаа хэмээн үзэж Киевийн зүгээс эрс тэс татгалзана. Орос-Украины дайныг олон улсын анхааралд байлгах Оросын заль мэх нэг иймэрхүү.



НАТО-д элсэхгүй гэсэн баталгаа өгвөл дайнаа зогсооё гэсэн санал нь мөнхийн дуудлага мэт оросын суртал нэвтрүүлэгчид байнга улиглана. НАТО-гүй Украиныг дуртай цагтаа дарамталж, хүссэн цагтаа түрэмгийлж байх хүслээ тэгж илэрхийлнэ. 2024 оны улсын төсөвт Путин гарын үсэг зурснаар төсвийн 3-ны 1 нь цэргийн зардал байхаар заасан нь түрэмгийлэх хүслийнх нь тусгал ажээ. 



Майданы төрийн эргэлт Украинд дэгдсэн, Израильчууд палестины ард түмнийг хүйс тэмтэрч байгаа хэмээн хоёр үзэгдлийг нэг самбарт зохиомжлон тавьж зүйрлүүлэн ярьснаараа Владимир Путин хөзрөө шууд дэлгэв. Ерөөсөө л бөөн гомдол, бас айдас. Украины тагнуулын албаны дарга Москвад бэлтгэгдсэн чекист А.Литвиненко Путины төлөвлөгөөг илчилсан ярилцлагадаа тэр төлөвлөгөө нь 10-15 жил үргэлжилнэ, янз бүрийн масштабын мөргөлдөөн байнга сэднэ, цөмийн зэвсэг хаяж ч магад гэжээ. Путины төлөвлөгөөнд Украиныг яаж ийж байгаад дуусгаад дараа нь хуучин СССР-ийн баруун хэсгийг бүхэлд онилон дайрна. Түүний арааны шүдэнд зуугдсан Молдова, Балтийн орнууд (Литва, Латви, Эстон) бэлээхэн байж байна. Тэндхийн орос хэлтнүүдийн эрх зөрчигдсөн тухай байнга улиглан ярих нь тэгж довтлох нэгдүгээр шалтаг нь мөн гэв. 


Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков бүр ч задгай ярьжээ. Орост даралт шахалт үзүүлэхээр барууны улсууд янз бүрийн хувилбар эрэлхийлж байна, энэ бол факт. Гэхдээ тэд ёстой тарчилж байна. Тэдний тавьсан санкц үйлчилдэггүй. Оросууд бид тэр санкцаас нь ашигтай гарчих ухаан сийлдэг ард түмэн. Дэлхий дахин шинэ хуваарилалт хийж байна. Ийм үед үймээн самуун мөргөлдөөн заавал дэгдэнэ. Хэрэв Орост ногдох нөлөөний хүрээний тэр бүсийг нь өгөхгүй бол өөр халуун цэгүүдэд илүү олон дайн, мөргөлдөөн өдөөх болно. Бүх Европыг Оросын флот далайгаас бүслэх болно гэжээ.



Гэхдээ Украины эсрэг Путины энэ дайныг дэмжигсэд Орост тун өчүүхэн байна гэдгийг оппозицын улс төрч Леонид Гозман барим тавим илчилжээ. Бүр ямар ч дэмжлэг алга гээд Путинээ Гитлертэй харьцуулжээ. Гитлерт адын санаа байсан, тэр нь үзэл суртал болж хэлбэржээд үй түмэн хүн араасаа дагуулсан, тэгвэл оросын диктаторт тийм санаа зорилго, үзэл суртал алга.



Харин ч энэ дайндаа Путин ялагдчихлаа гэсэн үзэл битүүхэн давамгайлж байна. Украины эсрэг халдан түрэмгийлэхэд нь л оросууд зүгээр нэг бэлгэ тэмдэг, ёс төдий, гэхдээ ОХУ-ын Ерөнхийлөгч ялагдлаа даа гэж хүлээн авсан. Дайтахын төлөө дайтсан символ нь ялагдал авчирсан гэж үзсэн, путины ба гитлерийн дэглэмийн гол ялгаа нь энэ хэмээн Гозман дүгнэжээ. Оросын хот мужууд украины дроны халдлагад өдөр бүр өртөж, хотууд шатаж, Крым Хар далайд живнэ. Одоо Украины эсрэг дайнд итгэл сүсгээрээ явж байлдах орос хүн олдохгүй болж байна. Шинэхэн мэдээ. Орост 4000 гаруй цэргийн албан хаагч анги байрлалаа орхин зугтаж алга болоод олдохгүй байна. Тушаал биелүүлэхээс татгалзсан гэдгээр 317 цэрэгт ял оноосон ба оргон зугтсан хэрэгт 96 цэрэг ялаа эдэлж байна. Оросын арми там болж хувирсан. Одоо Орост эдийн засгаа дайны горимд шилжүүлээд ч явж байлдахад итгэдэг сүсэглэдэг орос хүнийг олоход бэрх. Иймд цэрэг элсүүлэх бүx хүч нөөцөө ОХУ-ын эрх баригчид ашиглах үлдлээ. НАТО-гоор айлгаад нэмэргүй, Украинд нацизм байдагт итгэхгүй, тэгэхлээр нь ВЕРБОВКА гэх сүүлчийн хөзрөө дэлгэх үлдлээ. Москвачуудыг элсүүлнэ гэхэд 100 мянган рублийн цалин амлана. Москвачуудаас тийм цалин авдаг хүн тун цөөхөн. Харин Оросын бүс нутаг мужуудад бага цалин амлана. Угаасаа мөнгө цаасаар тарчиг тул явж л таарна. Бас БХЯ-тай албадаж контракт байгуулуулах гэж нэг арга байна. Албадна гэдэгт тэгж албадуулахаар аргагүй болчихсон гэмт хэрэгтэн, өртөн, хахуульдагч, өөр муу нэртэй хэн ч гэсэн очно хэмээн FREEДOM-ын эфирээр “Важные истории” сэтгүүлийн эрхлэгч Ирина Долинина ярив. 


Бүр баримт дэлгэв. Москвагийн Домодедовод цагдаа нар нийтийн байрнаас 38 нөхрийг баривчлан авч элдэв хэрэг тулгаж байгаад, эрүүл мэндийн үзлэгээр оруулалгүй, юу юугүй цэргийн анги руу илгээжээ. Ингээд тангараг өргүүлэн фронт руу илгээжээ. Оросын националистууд гудамжнаас гадаадын иргэдийг хомроглон баривчлан фронт руу илгээв. Смоленск мужийн № 3 колониос эрүүгийн ялтнуудыг фронт руу явуулахаар суллажээ.



ШУА-иас гадаадын иргэдтэй холбоотой гэх хэргээр хэсэг залуу эрдэмтэнд эрүү үүсгэн дарамтлаад фронт руу илгээх болжээ. Хар тамхины хэрэгт сэжиглэгдсэн дундад азийн гурван нөхрийг ялаас чөлөөлөн Луганскийн фронт руу илгээв. Самар хотод электрон тамхи татсан хэсэг оюутан фронтод илгээгдэх дуудлага авав гэхчлэн баахан баримт Долинина хатагтайд байна.



Украиныг НATO тултал нь дэмжинэ гэдэг нь Рамштайн-17 уулзалтаас тодорхой болжээ. Оросыг агаарт ноёлуулахгүй байх зорилгоор “F-16” онгоцны бүхэл бүтэн эскадриль мөдхөн байгуулна. Дани 12-ыг, Нидерланд 46-г, Норвег 18-ыг, ингээд 76 онгоц эхний ээлжинд очно. Канад, Португал, Испани хэдийг өгөхөө шийднэ. АНУ-аас шинээр авах “F-35”-ын сураг дуулдана. “F-16” өгөх асуудлаа бас шийднэ. Ерөнхийдөө он гараад дайны хоёр жилийн ойн өдөр гэхэд ойролцоогоор 120-140 онгоц бүхий Украины цоо шинэ агаарын цэргийн хүчин дайнд орох ба фронтод оросын армийг 2-3 хэсэг болгон задлаж, хоорондоо холбоогүй, ложистикгүй, командын байргүй, ухрах гарцгүй болтол нь бөмбөгдөнө. Керчийн гүүр энэ 12 дугаар сар гэхэд жагсаалаас бүрэн гарна. Жо Байдан, Шарль Мишель нарын мэргэн үгээр мэдээллээ төгсгөе. “Украиныг дэмжих нь бидний аюулгүй байдалдаа оруулж байгаа хөрөнгө оруулалт юм”, “Путины байлдан дагуулах эрэл хайгуулыг зогсоохын тулд бид Украинд зэвсэг, эдийн засгийн тусламж үзүүлж байна”–Байден. Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Шарль Мишель:–Украиныг үргэлжлүүлэн дэмжих нь нэн чухал байна, тэгснээрээ Европынхоо аюулгүй байдлыг хангана гэжээ.


Орос, англи хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь