Энэ долоо хоногийн эхний өдрүүдэд Армени улсын нийслэл Ереван хотод Европын улс төрийн хамтын нийгэмлэгийн /EPC/ 8 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт, Армени-Европын Холбооны анхны дээд хэмжээний уулзалт гэсэн хоёр том хурал болж өнгөрлөө.
Эдгээр үйл явдал тус улсад парламентын сонгууль болохоос яг нэг сарын өмнө, Ерөнхий сайд Никол Пашинян Москвад айлчилснаас хойш яг нэг сарын дараа болсноороо ажиглагчдын анхаарлыг татав.
Европоос алс холд орших Өмнөд Кавказын 3 сая хүрэхгүй хүн амтай Арменид болсон хоёр саммитад оролцохоор Европын 30 гаруй улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд, дэд ерөнхийлөгч, гадаад хэргийн сайд нараас гадна Европын комиссын дарга Урсула фон дер Ляйен, Европын зөвлөлийн дарга Антониу Кошта, НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте, ЕАБХАБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Феридун Синирлиоглу нар болон бусад өндөр албан тушаалтнууд бөөнөөрөө ирсэн нь анхаарал татахгүй байхын аргагүй.
Ингэснээр ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудаас Армени улс EPC-ийн саммитыг зохион байгуулсан хоёр дахь улс /Молдавын дараа/ боллоо.

А.Кошта хэлэхдээ, Ереваны дээд хэмжээний уулзалтууд бол түүхэн үйл явдал гэдгийг онцлон тэмдэглээд, юуны түрүүнд Азербайжан, Арменийн хооронд энхийн гэрээ байгуулагдсанаар хоёр саммитыг зохион байгуулах боломжтой болсон, хоёрдугаарт, Европын бус зочдоос Канадын Гадаад хэргийн сайд Марк Карни анх удаа оролцсоныг дурдлаа. Мөн Азербайжаны ерөнхийлөгч И.Алиев саммитад цахимаар оролцжээ.
Уулзалтын дүнгийн тухай фон дер Ляйен, А.Кошта, Н.Пашинян нарын хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, талууд аюулгүй байдал, батлан хамгаалахаас гадна эрчим хүч, тээвэр, цахим технологи болон цагаачлалын салбарт хамтран ажиллахаар тохиролцжээ.
Европын Холбоо Өмнөд Кавказын бүс нутагт хэрэгжүүлэх геополитикийн төлөвлөгөөгөө багагүй хэмжээний санхүүжилтээр баталгаажуулахад бэлэн байна. Тухайлбал, Арменийн тогтвортой байдал, хөгжилд зориулсан 270 сая еврогийн санхүүжилтийн төлөвлөгөө нь цаашдаа 2.7 тэрбум еврогийн хөрөнгө оруулалтыг татах боломжтой. Энэ мөнгө нь Арменийн бизнес эрхлэгчид шинэ зах зээлд гарах, мөн Уулын Карабахаас ирсэн хүмүүсийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зарцуулагдах юм.
Хамтын ажиллагааны өөр нэгэн чухал чиглэл бол эрчим хүч бөгөөд Арменийн эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад зориулан ЕХ 25 сая евро гаргахаар болжээ. Оросын хий, уран зэрэг түүхий эдээс бараг бүрэн хамааралтай тус улсын хувьд энэ бол нэлээд чухал асуудал юм.
ЕХ дахь Арменийн гол лоббичин Э.Макрон хэлэхдээ “8 жилийн өмнө бол энд хэн ч ирэхээргүй байсан, харин Арменийн одоогийн чиг баримтлал нь Украин, Молдовад өрнөж буй үйл явдлын үед Европын сэргэлтийн өргөн далайцтай үйл явцын нэгэн хэсэг болж байна” гэлээ.
Оросоос хамааралтай Арменид европчууд хуралдах болсны учир
Эрчим хүчний эх үүсвэрийн хувьд Армени улс Оросоос маш их хамааралтай гэдгийг В.Путин Москвад ирсэн Армений Ерөнхий сайдад сануулан хэлсэн юм. Тухайлбал, Европт 600 долларын үнэтэй байгаа 1000 шоо метр хийг армянчууд 177.5 доллароор Оросоос худалдан авдаг. Тус улс Евразийн эдийн засгийн холбоо, Тусгаар улсуудын хамтын нийгэмлэг, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага зэрэг Москвагаас чиглүүлдэг интеграцийн нэгдлүүдэд оролцдог. Оростой харилцаагаа тасалсан тохиолдолд Арменийн эдийн засаг шууд 23 хувиар унана гэсэн тооцоолол ч бий. Түүнээс гадна, Арменийн нутагт Оросын цэргийн бааз байрласан хэвээр. Тэгээд ч Путин Арменийн Ерөнхий сайдад хандан “Евразийн эдийн засгийн холбоо ба Европын Холбоонд нэгэн зэрэг гишүүнчлэлтэй байх боломжгүй” гэдгийг сануулж байсан юм. Тэгэхээр Оросоос ийм их хамааралтай улсад Европын удирдагчид болон Украины Ерөнхийлөгч хуран чуулсны учир юу вэ гэсэн асуулт урган гарна.

Үүнд юуны түрүүнд Армени-Азербайжаны дайн дууссан нь хамгийн ихээр нөлөөлсөн. Азербайжаны арми армянчуудын мэдэлд байсан Уулын Карабах болон түүнийг тойрсон 6 районыг эзлэн авснаар 100 мянга гаруй армянчууд бүс нутгийг орхин гарсан юм. Харин 2020 оны 44 өдрийн дайны дараа Карабахт байрлах болсон Оросын энхийг сахиулагчид болон Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын зүгээс энэ бүхний эсрэг ямар ч хариу үйлдэл хийсэнгүй.
“Одоо үйлчилж буй аюулгүй байдлын бүтэц үүргээ гүйцэтгэхгүй байна гэдгийг тэр үед бид ойлгож ухаарсан” хэмээн Арменийн Үндэсний хурлын Олон улсын харилцааны байнгын хорооны дарга Саргис Ханданян ярилаа.
Түүний хэлснээр, жилийн өмнө “хил хязгаарыг хүлээн зөвшөөрөх тухай гэрээ”-г байгуулахад Европын Холбоо зуучлагчаар оролцсон бөгөөд Европын бодит оролцоо нь манай улсын иргэдийн бодол санааг өөрчилж, ЕХ-той илүү нягт хамтран ажиллах нь зүйтэй гэсэн сэтгэгдлийг төрүүлсэн” хэмээн тэрбээр дүгнэн хэллээ. Удалгүй 2025 оны 3 дугаар сард Арменийн парламент ЕХ-нд элсэх үйл явцыг эхлүүлэх тухай хуулийг баталлаа. Үүнтэй зэрэгцээд Армени, Азербайжаны хооронд энхийн гэрээ байгуулах хэлэлцээний явц ч түргэслээ. Ингээд 8 дугаар сард Вашингтон хотноо хоёр улсын удирдагчид 30 гаруй жил үргэлжилсэн мөргөлдөөн дайсагналыг зогсоох түүхэн гэрээнд гарын үсэг ёслол болж, түүнд Д.Трамп оролцов. Мөн “Трампын маршрут” гэдэг нэртэй тээврийн коридорыг бий болгох үйл явц эхэлснийг зарласан бөгөөд Ирантай залгаа Арменийн хилийн дагуух энэхүү чиглэл нь бүс нутгийг Европын зах зээлтэй холбох юм.
В.Зеленскийн зорилго
Түүхий эд, эрчим хүч, аюулгүй байдал зэрэг бараг бүх талаар Оросоос хамааралтай Арменид Оростой дайтаж буй улсын төрийн тэргүүн ирнэ гэдгийг саяхныг хүртэл төсөөлөхөд бэрх байлаа. Гэтэл В.Зеленский Ереванд ирсэн нь Европын Холбооны зүгээс Москвад өгч буй дипломат дохио юу эсвэл Европын улс төрийн хамтын нийгэмлэгийн саммитын ердийн нэг элемент үү хэмээн олон хүн таамаглаж ядаж байна. Тэрбээр хоёр саммитад оролцсоны гол зорилго бол, дайныг нэр төртэйгээр дуусгах явдлыг түргэсгэх, Европоос Украинд олгох гэж буй 90 тэрбум еврогийн асуудлыг шийдэх, Украины агаарын довтолгооноос хамгаалах системийг бэхжүүлэх явдал гэж ажиглагчид дүгнэлээ.

Зеленский Ереван хотноо Их Британийн ерөнхий сайд К.Стармертай уулзахдаа Украинд үзүүлэх цэргийн тусламж, Оростой энхийн гэрээ байгуулах боломжийг хэлэлцжээ. Мөн Финланд, Норвегийн ерөнхий сай нартай уулзаж, батлан хамгаалахын ба эрчим хүчний салбарт эдгээр улсаас үзүүлэх тусламжийн асуудлаар ярилцсан байна. Мөн дрон үйлдвэрлэхэд хамтран ажиллах асуудлыг ч хэлэлцжээ. Тэрбээр мөн Улаан талбайд болох Ялалтын парадын үеэр Москва руу дроноор довтлох тухай ярьсны хариуд Оросын тал хатуу сануулга өгөв.
Европ руу тэмүүлэгч “арал”-ын ирээдүй ба бодит байдал
Саммит амжилттай болсон хэдий ч Армени улс газарзүйн бодит байдалтай нүүр тулаад байна. Тус улс Европ руу тэмүүлэгч “арал” болж хувирсан бол бүс нутгийн улсууд эсрэг зүгт явж байна.
Саяхан Европын интеграцид нэгдэх тал дээр “манлайлж” байсан хөрш Гүрж улс одоо Брюсселиэс зайгаа барьж байгаа бол азербайжанчууд улс төрийн талаар ЕХ-той ойртох сонирхолгүй байгаа юм.
Тэд прагматик байр сууринаас асуудалд хандаж, эрчим хүчний салбар дахь Европын түнш байхыг илүүтэй сонирхдог. Турк улс 25 жилийн турш ЕХ-нд элсэхээр оролдож байгаа боловч бодит байдал дээр энэ асуудлыг үндсэндээ орхигджээ. Тэгэхээр ЕХ-той хил залгадаггүй, бүс нутгийн дэд бүтцээс ихээхэн хамааралтай Армени улс тус холбоонд элсэх магадлал хэр өндөр вэ? Хэдийгээр Арменийн парламент ЕХ-нд элсэх үйл явцыг эхлүүлэх тухай хууль баталсан боловч гүйцэтгэх засаглалынхан эл асуудлаар маш прагматик байр суурьтай байгаа юм. Ерөнхий сайд Н.Пашинян хэлэхдээ “бидний зорилго бол Брюсселийн тусламжид тулгуурлан Европын стандартыг бүрэн нэвтрүүлснээр шүүхийн тогтолцоогоо шинэчилж, авлигатай хийх тэмцлийг эрчимжүүлэх явдал юм” гэжээ.
“Биднийг ЕХ-нд элсүүлэх үү гэдэг нь улс төрийн шийдвэрээс шалтгаална, элсүүлээгүй байсан ч гэсэн бид хожно, учир нь, Армени улс Европын стандартад нийцсэн улс болно” гэж тэрбээр дүгнэн хэллээ.
Эл байр суурийг тайлбарлан Арменийн улс төр судлаач Нарек Минасян хэлэхдээ, Ереваны хувьд шууд гишүүнчлэл гэхээсээ илүүтэй интеграцийн хэт төлвийн талаар ярьж байгаа нь өнөөгийн нөхцөлд илүү бодитой бөгөөд баталгаатай стратеги юм гэлээ. Учир нь, Европын интеграцид нэгдэхийн тулд томоохон “гэрийн даалгаврыг” гүйцэтгэх шаардлагатай болно, гэтэл Армени улс энэ даалгаврыг дөнгөж хийж эхлэх гэж байна. Нөгөөтэйгүүр, эрсдэлийг маш болгоомжтойгоор удирдаж, шинээр асуудлууд үүсгэхээс, ялангуяа Оростой харилцахад асуудал үүсгэхээс зайлсхийх нь чухал гэдгийг шинжээч онцоллоо.
Б.Адъяахүү
Эх сурвалжууд: ВВС, DW
Баасан - 05 сарын 08,
2026
Сэтгэгдэл0