СӨҮЛ, 2026 оны тавдугаар сарын 7 /Xinhua/. БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёлийн бослого дэгдээх оролдлогод тусалсан хэргээр ял сонссон тус улсын Ерөнхий сайд асан Хан Дог Сүгийн хорих ялыг давж заалдах шатны шүүхээс 15 жил болгон хөнгөрүүллээ.
Сөүлийн дээд шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Хан Дог Сүд оноосон 23 жилийн хорих ялыг ийнхүү 15 жил болгон бууруулжээ.
Өмнө нь нэгдүгээр сарын 21-нд Сөүл хотын төв дүүргийн шүүхээс түүнийг албан тушаалаасаа огцорсон Ерөнхийлөгчийн үймээн самуун дэгдээх оролдлогод дэмжлэг үзүүлж, хамтран оролцсон гэм буруутайд тооцон 23 жилийн хорих ял оноогоод байсан юм. Хан Дог Сүг төрийн хоёр дахь өндөр албан тушаалтны хувьд хүлээсэн хариуцлагаа умартаж, үймээн самуун дэгдээх оролдлогод оролцсон нь түүний гэм бурууг маш ноцтойд тооцох үндэслэл болсон гэж шүүгч мэдэгдэж байв.
Түүнийг Юн Сог Ёлийн зарласан онц байдлын үеэр үймээн самуун дэгдээхтэй холбоотой гол үүргүүдийг гүйцэтгэсэн гэж буруутгасан байна.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёлд өнгөрсөн хоёрдугаар сард бүх насаар нь хорих ял оноосон юм. Юн Сог Ёл 2024 оны 12 дугаар сарын 3-ны шөнө онц байдал тогтоосон боловч хэдхэн цагийн дараа тус улсын Үндэсний ассамблей уг шийдвэрийг хүчингүй болгосноор үймээн самуун дэгдээх оролдлого нь бүтэлгүйтсэн билээ.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 05 сарын 07,
2026
Сэтгэгдэл0