sonin.mn

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц өчигдөр улс орны эдийн засаг, хөгжилтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрээр:

"Өнөөдрийн байдлаар экспортыг хамгийн их өсгөж, эдийн засгийг тэлж байгаа салбар бол уул уурхай. Тиймээс энэ салбар дээрээ ямар бодлого баримтлах вэ, хувийн хэвшил болон гадаадын хөрөнгө оруулалтыг яаж дэмжих вэ гэдэг хамгийн чухал асуудал болж байна.Бид уул уурхайгаа зогсоох тухай биш, харин илүү үр ашигтай, илүү хариуцлагатай, илүү тогтвортой байдлаар хөгжүүлэх тухай ярих ёстой. Том төслүүдээ улс төрөөс ангид байлгаж, урт хугацааны бодлогоор дэмжиж чадвал


Монгол Улс эдийн засгийн хувьд хэд дахин тэлэх боломжтой.Цаашдаа бид нэг хүнд ноогдох ДНБ-ээ 10,000 ам.долларт хүргэх хэмжээний хөгжил рүү явах ёстой.


Энэ нь нэг хүн жилдээ ойролцоогоор 35 сая төгрөгийн орлоготой тэнцэх эдийн засгийн чадавх бүрдэнэ гэсэн үг. Тиймээс улс төрийн популизм биш, харин орлогоо яаж өсгөх вэ, эдийн засгаа яаж тэлэх вэ, баялгаа хэрхэн зөв эргэлтэд оруулах вэ гэдэг бодлогыг л илүү ярьж, хэрэгжүүлэх шаардлагатай байна." гэсэн байна.


М.Чой