Энэ удаад мөхөс миний өгүүлэх гэсэн зүйл бол Чингис хааны хөрөг болой. 2016 онд Тайваньд ажиллаж байхдаа “Хааны ордон” музейн сан хөмрөгт далдын далд хадгалагдаж байдаг их хааны эш хөргийг бид урьдчилан ноот бичгээр зөвшөөрөл авч байж орж үзсэн билээ. Бид гэдэг нь Хятад судлаач, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Сүрэнжав, МУИС-ийн багш, манжич доктор М.Баярсайхан, О.Оюунжаргал бид юм. Музейн ажилтнуудын хамтаар цахилгаан шатаар доош хоёр, гурван давхарт бууж музейн сан хөмрөгт орж очив. Эрдэнэсийн сан гэсэн үг л дээ. Том том өрөө тасалгаануудад цэгцтэй өрж хураасан болд төмөр авдрууд тавиуруудад эгнэн ярайна. 1949 онд Дундад Иргэн Улсын Ерөнхийлөгч Чан Кайши тэргүүтэй Гоминдан намын Засгийн газрынхан ялагдан Тайвань арал руу дүрвэн гарахдаа гурван чухал зүйлийг авч явсан гэдэг.
Нэгдэх нь Хятадын банкины бүх хадгаламж, энэ бол улсын санхүү,
хоёрдахь нь Хятадын үе үеийн архивын данс бичгүүд, энэ бол улсын ой санамж,
гуравдахь нь Бээжингийн Хааны ордны хамаг үнэт эрдэнэс, энэ улсын эрдэнэсийн сан.
Музейнхний ярьснаар, 21 мянган ийм төмөр авдар авч гарснаас зарим нь бөмбөгдөлтөнд өртөж, зарим нь далайд живээд, гуравны нэг нь ирсэн нь энэ гэсэн. Тэдгээрийн нэлээдийг нь өнөөдөр ч нээж онгойлгож амжаагүй, ямар гайхамшигт өв эрдэнэс байгааг хэлж мэдэхгүй гэнэ. Монгол бичигтэй ном судар, данс хараа их байдаг ч, монгол хэл бичиг мэддэг хүн үгүй тул гар хүрч чаддаггүй, та нартай л хамтармаар байна гэнэ. Товчхон хэлэхэд лавтайяа сүүлийн мянга орчим жилийн туршид Хятад орныг эрхшээсэн үе үеийн монгол, хятад, манжийн хаад төрж барьсаар ирсэн Бээжин дэх Хааны ордонд тэдгээр үе үеийн хаад, дээдэс эдэлж хэрэглэж, хадгалж ирсэн хэдэн мянган эд өлгийн зүйлс, хаадын эрдэнэсийн санг зөөж аваачсаны дотор энэ хөрөг хүндтэй байр эзэлдэг хосгүй үнэт өв дурсгал авай.
Дэлхийн музейнүүдийн эрэмбэд эхний 17-д жагсдаг тус музейгээс үе үе дотооддоо болон гадаадад томоохон үзэсгэлэн дэглэн гаргадаг бөгөөд тэр бүрт Монгол тухайт үзмэрүүд “нүүр тахладаг” гэдэг.
Бидэнд амны хаалт зүүлгэж, цагаан бээлий өмсүүлээд, хэт ойртож болохгүй, гар утсаар зураг авч болохгүй гээд ширээн дээр урьдчилан авчирч тавьсан хөрөг зураг руу ойртохыг зөвлөв. Их хааныхаа эш хөргийг нүдээр үзэж, сүслэн мөргөж, сэтгэл итгэлээ шившин хүргэх ховорхон завшаан тохиож буйд баярлан, мөхөс бичгийн хүмүн би бээр сэтгэл дотроо тэр бүхнээ шивнэн шившив. Чингэж их хааныхаа сүнс сүлд оршсон гэгээн дүрийн өмнө саатан зогсохуй удам хойчис нь болсон бидэн юу эсийг бодож, юу эсийг тунгаах билээ. Найман зууны тэртээх их өвөг дээдэс, Монгол гэсэн нэрийг ертөнцийн чихнээ дуурсгаж, Монголоо гэх сэтгэлээр нэгэн насны үйлийг бүтээн, өөрийгөө шатааж, өрөөлийг гийгүүлсээр дууссаны гүн учир шалтгааныг эртний мэргэдийн хэлсэнчлэн бийр бэхсээс бус, биет хөрөг дүрээс нь олж харахыг хичээн зогслоо. Эзэн богд Чингис хааны эл хөргийг 1280 оны үест Хубилай хааны ордны зураач Хорихусун хэмээх монгол хүн зурсан гэж түүх бичлэгт тэмдэглээстэй байдаг. Хааны ордонд Монголын язгууртан дээдсийн хэрэглэж асан эд зүйлс, хааны сэнтий, исэр суудал, хивс, хөшиг, ширээ сандал, ер буй бүхэн нь гайхамшигтай байжээ. Зарим нь ур хийц, чанар чансаагаараа өнөөгийнхөөс ч илүү тансаг байсан гэдэг.
Хубилай хаан насныхаа сүүл рүү өвөг дээдсийнхээ зураг хөргийг зуруулан ордондоо залж, тэдний тахилгын сүмийг байгуулж, зургуудаас нь хувь хуулбар хийлгэн залж, тахиж шүтэх болжээ. Тэгж өвөг эцэг Чингис хаан, эмэг эх Бөртэ үжин, өөрийн эцэг Тулуй, эх Сорхугтани бэхи нарын хөргийг зуруулсан байна.
Зарим түүхийн тэмдэглэлд өндөр өвөг Есүхэй баатар, өндөр эмэг Өэлүн эхийн хөрөг дүрийг ч бүтээлгэн сүмд залсан гэх нь бий. Тэдний тахилгын сүм тус тусдаа байсан нь үнэн юм. Түүх бичлэгээс үзвэл, тэр цагт Монголын Юань улсын сүм хийдүүдэд гурван богдын эш хөргийг залж шүтдэг байжээ. Гурван богд хэмээх нь Бурхан Будда, Хятадын Күнз мэргэн, Бомбын ёсны их арш Лаоз гурав аж. Гэхдээ бас нарийн дэг жаягтай. Бурхан Буддагийн хөргийг дээр нь, нөгөө хоёрыг нь доор нь зэрэгцүүлэн залдаг байж. Найман зууны тэртээд ийм л байж. Тэгэхлээр Хубилай хааны ордонд, дээдсийн тахилын сүмүүдэд эш хөрөг, баримал шуумал залж шүтдэг байсан нь үнэн бодитой зүйл байж таарна аа. 1960-аад оныг хүртэл Бээжинд Хубилай хаан, түүний хатан, ханхүү гурвын чулуун хөшөө байдаг байгаад Соёлын хувьсгалын үеэр алга болсон гэж Өвөр Монголын нэртэй эрдэмтэн др.Н.Ринчендорж гуай 2000-гаад оны эхээр ярьж байсныг санаж байна.
Чингис хааны энэ эш хөрөг бол яг тэр үед ийм зорилгоор бүтээгджээ. Түүнээс өмнө их хааны хөрөг зураг байсан, түүнийг ордны зураач Хорихусун харж байгаад хуулж зурсан, бас Хубилай хаан түүнд, миний өвөг эцэг ийм хүн байсан хэмээн дүрслэн хэлж зуруулсан гэдэг.
Тэгэхээр өнөөг хүрч ирсэн энэ эш хөрөг бол Чингис хааны хөрөг мөн гэдэгт эргэлзэх учиргүй. Яахлаараа мянга шахам жил ордлон сууж ирсэн үе үеийн хаад дээдэс Чингис хааны хөрөг хэмээн өөр хүний зургийг шүтэн тахиж, хамгаалан хадгалж ирэх билээ? Чингэж хэдэнтээ их хааныхаа сүнс сүлд оршсон гэгээн дүрийн өмнө саатан зогсч, тэрхүү эш хөргийг тогтоон ажиж, эртний гайхамшигт судар ном шимтэн унших лугаа адил сэтгэл татагдан үзэвэй. Их хааны эш хөрөг үнэхээр гайхамшигтай ажээ. Тайванийн “Хааны ордон” музейгээс хэвлүүлсэн “Хааны ордны уран зураг, уран бичлэгүүдийн бүртгэл”-д дурдсанаар, тус музейд хадгалагдаж буй Чингис хааны энэ хөргийн өндөр нь 59.4 см, өргөн нь 47 см хэмжээтэй, торгоор бүрж хавтасласан зураг юм. Хаадын зураг тус бүрийн баруун талын хуудсан дээр тухайн хүний товчхон намтрыг хавсаргажээ.
“Юань улсын түүх, тахил тайлгын тэмдэглэл”-д дурдсаныг үндэслэвэл, 1277 оны наймдугаар сард Хубилай хаан гүрний их нийслэл Дайду-Хаанбалгаст дээдсийн тахилгын сүм байгуулах зарлиг буулгаж, улмаар удаахь оны арван нэгдүгээр сард дахин зарлиглаж Чингис хааны хөргийг бүтээхийг ордны зураач монгол үндэстэн Хорихосунд даалгасан байна. Хорихосун зураач их хааныг амьд сэрүүнд нь хараагүй боловч ач хүү Хубилайнх нь дүр төрхөөр баримжаалж зурсан гэж үздэг. 1279 оны хоёрдугаар сард дахин зарлиг буулгаж Чингис хаан, Өгөдэй хааны хөргийг хувилан Судар бичгийн хүрээлэнд байрлуулж хавар, намрын улиралд тахилга үйлддэг болжээ. Тэгвэл “Буянт хаан Аюурбарвад 1311 онд хаан ширээнд суугаад 6-р сарын улаагчин могой өдөр Бичгийн мэргэдийн хүрээлэн, Улсын түүхийн хүрээлэнд зарлиг өгч, жил бүрийн хавар, намарт Тулгуур урьдас, Тулгуур хаан, Сод хааны гэгээн хөргийг тахих ёслол үйлдэж, оны зуршил болготугай” хэмээжээ. “Юань улсын судар”-ын дэд дэвтрийн 24 дүгээр ботийн “Энэрэлт хааны цадиг”. Мин, Сүн Лян нар зохиов. “Юань улсын түүх” дэд дэвтэр, Хөххот, 2022 он, 518-р тал. Энд дурдсан Тулгуур урьдас нь Чингис хаан, Тулгуур хаан нь Өгөдэй, Сод хаан нь Чингис хааны отгон хүү, Хубилайн эцэг Тулуй болой.
Дээрх мэдээнд дурдсанаар бол нэгэнт бүтээгдэж залагдсан Чингис хаан тэргүүт өвөг дээдсийн эш хөргийг мөн оноос буюу 1311 оноос жилд хоёр удаа тахиж тайх болсон тухай чухал мэдээллийг бидэнд өгч байна. Эдгээр эш хөргүүд бол бидний өгүүлэн буй эш хөргүүд мөн гэдэгт эргэлзэх хэрэггүй биз ээ.
Өнөө үед буюу 2024 онд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж их хааны эш хөргийг байгууллага, айл өрх бүр залж эрхэмлэн дээдлэх болсон нь угтаа тэр, зуун зууны тэртээх дээдсийн их ёсыг сэргээсэнтэй агаар нэгэн бошго мөн. Цаг хугацааг хамгийн агуу зүйл гэдэг. Гэвч цаг хугацааны хүчин зүйл үйлчлээгүй юм гэж бас байдаг ажээ. 750 шахам жилийн өмнө зурсан энэ эш хөрөг дөнгөж шинэхэн зуруулаад бэх нь хатаагүй, шинэхэнээрээ мэт байнам. Ингэж хадгалж хамгаалж ирсэн хятад нөхдөд талархууштай. 1368 онд Юань гүрний сүүлчийн хаан ухаант Тогоонтөмөр Дайду-Хаан балгасыг орхин гарахдаа Хубилай хаанаас хойших Монголын есөн хаан зуу шахам жил ордлон суусан энэ хот, орд харшаас бараг юу ч авч явж чадаагүй байдаг. Тиймээс дэлхийн хагасыг эзлэн нэгтгэсэн их гүрний хааны ордонд дэлхийн өнцөг булан бүрээс цугларсан тоо тоймгүй их гайхамшигт эд зүйлс үлдэж хоцорсон нь мэдээж юм. Тэр бүхний дотор Чингис хааны эл эш хөрөг байсан нь лавтай. Хааны ордонд ганцхан энэ эш хөрөг биш, лав өнөөдрийг хүрч ирсэн 23 хаад, хатдын эш хөрөг, мөн “Хубилай хаан авд мордсон нь” зэрэг олон зураг, баримал залаастай байсан байх аа.
Их хааны хөргийг сайтар ажин өгүүлье: Хаан бээр тэргүүндээ элдэв гоёл чимэглэлгүй жирийн нэг малгай өмсчээ. Малгайн нүүрэн тал нь цагаан өнгөтэй, орой нь хар өнгөтэй, арьсан малгай бололтой. Хубилай хааны зураг дээр бас яг ийм, гэхдээ нүүрэн тал нь хар, орой нь цагаан өнгөтэйгөөр дүрслэгджээ.
Нарийн ажвал малгайг хийсэн бөс эдийн ширхэг, ангийн үсний ширхэг нь ялгаран харагдана. Тэгэхлээр энэ бол булган малгай биз. Өмссөн дээл нь цагаан өнгөтэй. Мөн л элдэв гоёл чимэглэл, товч сэлт байхгүй, эртний монгол дээлийн нийтлэг хийц хэлбэртэй. Хубилай хаан зураг дээрээ бас яг ийм дээлтэй байна.
Тэр үеийн монголчууд толгойн оройн үсийг хусч, зулай дээрээ тав гэзэг үлдээдэг, мөн хоёр чихний дээд ард туг үс үлдээн, түүнээ доош сүлжин унжуулдаг байжээ. Үүгээрээ хитанчуудын үсний засалттай адилхан юм. Түүх бичлэгт тэмдэглэсэнчлэн, Чингис хааны хөргийг зурсан энэ тиг жаягаар хожмын хаадын хөргийг зурдаг журамтай болсон нь үнэн аж. Хайсан хүлэг, Төмөр өлзийт, Ринченбал эрдэнэцогт, Содбал гэгээн хааны хөрөг бүгд ижил хийц загвартай, өмссөн дээл хувцад, үс гэзэг, суугаа байрлал зэрэг нь яг адилхан байна. Тэр үеийн Хятадын Сүн улсын элч Жао Хун бээр 1220-иод оны үед Сүн улсын элч болж Монгол оронд зорчин ирж их хаанд бараалхаж байсан бөгөөд харьж очоод бичсэн “Монгол татаарын тухай бүрэн тэмдэглэл” хэмээх судар нь дэлхийн Монгол судлалд нэгдүгээр эх сурвалж болдог үнэт бүтээл билээ.
Тэрээр уг бүтээлдээ ингэж бичжээ: “Татаарын эзэн Тэмүжиний бие төрх хүдэр чийрэг, магнай өргөн, сахал урт, сүрлэг агуу, ер бусын болой” гэсэн байдаг.
Чингис хааныг нас барснаас хойш дөч гаруй жилийн дараа Хубилай хааны дэргэд ирж шадарласан италийн алдарт жуулчин Марко Поло өөрийн сонссончлон: “Чингис хааны бие бялдар хүдэр чийрэг, билэг ухаан хурц сэргэлэн, үг яриа онцгой агаад баатар эрэлхэгээрээ алдаршжээ” гэж тэмдэглэсэн бөгөөд, “Хубилай хааны төрх байдал нь түүний өвөг эцэг Чингис хаан лугаа адил” гэж сонссоноо бичсэн байдаг. Эдгээр мэдээ занги, эл эш хөрөг зэргээс үзэхэд Чингис хаан нь өндөр сүрлэг, хүдэр чийрэг биетэй, өргөн нүүр, уужим магнайтай, урт цагаан сахалтай, ухаалаг тогтуун харцтай хүн байжээ.
Чингис хааныг сэрүүн тунгалаг ахууд нь уулзаж учирсан өөр нэг хүн бол Даос хэмээх Бомбын шашны их арш Чанчунь бомбо мөн. Түүнийг дагалдан бараа болж аялан явсан шавь Ли Жичан нь аян замын тэмдэглэл хөтөлж явсан агаад Хятаддаа буцаж очсон хойноо “Чанчунь бомбын өрнө зүгт аялсан тэмдэглэл” хэмээх алдарт судрыг тэрлэн бичжээ.
Харамсалтай нь энэ сударт их хааны дүр төрхийн тухай огт дурдсангүй. Үүнийг хоёр зүйлээр таамаглан цайруулж болно. Эхнийх нь, Чингис хаан бусдаас ялгарахгүй монгол хүн байж. Тиймээс явуулын хүмүүс түүнийг онцлон дурдаагүй байх нь. Өнөөдөр гадаадын зарим улсад Чингис хааныг монгол биш, казах хүн байсан, япон, орос, европ хүн байсан гэх зэргээр булаалдах болсон. Хэрэв тийм бол түүнтэй уулзаж, бараалхаж явсан Жао Хун, Чанчунь бомбо гээд олон хүн энэ тухай зайлшгүй дурдах ёстой байсан. Үгүй ядаж л “Өнөөх зэрлэгүүдийн чинь дунд нэг огт өөр хүн…, хотон хүн, араб хүн, орос хүн байж байна шүү!” гэж дуу алдах байсан нь гарцаагүй. Гэтэл хэн ч тэгж хачирхаж гайхсангүй. Хэрэв тийм байсан бол хожмын Марко Поло, Плано Карпини, Вилгельм Рубрук зэрэг олон элч төлөөлөгчид ч энэ тухай сонсч л таарна. Гэвч хэн ч тэгж хэлсэнгүй, бичсэнгүй. Тэгэхлээр Чингис хаан бол яах аргагүй монгол хүн байсан, хүн гайхаж хачирхамгүй, бусад монголчуудаасаа үл ялгарах эгэл жир монгол хүн л байсан байж таарна аа. Энэ хөрөг бол энд тэндээс, өөр газраас, хожим хойно тэгж ингэж олдсон гэсэн зохиомол үлгэр домоггүй. Бас өнөө үеийн элдэв бэлгэдэл зохиомжит уран зураг ч биш. Үүнтэй холбогдуулан нэгэн зүйлийг дурдахад, XX зууны эхэн үеийн Хятадын нэрт Монгол судлаач, “Монголын нууц товчоон” судлалын цолгорсон их эрдэмтэн Ван Гүөвэй нэгэнтээ Манж Дайчин улсын сүүлчийн эзэн хаан Айсингёоро Пу И-г гэртээ урьжээ. Энэ бол түүнийг хаан ширээнээс бууснаас нь хойших явдал аж. Тэгээд Ван эрхэм эртний эд өлгийн ховор нандин цуглуулгаа сэтгэл хангалуун үзүүлж байж.
Гэтэл Пу И: “Эд нар жинхэнэ биш, дуураймал хийц байна” гэжээ. Чингэмэц Ван Гүөвэй цочин дуу алдаж: “Яалаа гэж! Би маш их үнээр худалдаж авсан юм шүү!” гэж. Пу И инээмсэглэн: “Их үнээр авсан л байх. Гэхдээ л миний ордонд байснаас өөр байна шүү!” гэсэн гэдэг.
Др. Я.Ганбаатар,
2026 оны 4 дүгээр сар.
Баасан - 04 сарын 17,
2026
Сэтгэгдэл4
21 мянган төмөр авдараас 7 мянган авдар л Тайфайд очиж ! бусад нь бөмбөгдүүлээд далайд живж Тайванын хоолойд !! Далайн эрдэнэсийн хайгуулчид хайвал олох л байх ! гэхдээ удахгүй дайн болох гэж байгаа халуун бүс болохоор аль аль тал нь оруулахгүй л дэ !! Нэг зүйл хэлэхэд 1380 онд Мин улсын цэрэг Хархорумыг эзлээд бүрэн галдан шатаахад маш их зүйл устсандаа ! Монгол цэрэг нь цаашаагаа Архангай ру цугтчихсан гэсэн ! арчаагүй юмнууд !
Мөнх хааны гэрээслэлтэй хүмүүс байдаг гэсэн тэд нар засахгүй бол энэ улс орон бүр утгаа алдах юм байна хулгайчуудын дайны талбар боллоо.
Жинхэнэ хуулбарыг нь сайн ажиглавал шүдээ зуусан тун ууртай заналхийлсэн харцтай хүний дүр тодордог доо. Хайнга харахад энэ нь анзаарагдахгүй юм билээ. Нууц товчоог уншихад чингэс хаан маш сайн ойтой хүн байсан гэж бодогддог. Өчнөөн олон жилийн өмнөх үйл явдлуудыг саяхан болсон мэтээр дүрслэх нь ёстой аймшигтай. Одоо монголд ийм ой санамжтай хүнтэй бараг таарч байсангүй. Бүгд л нэг тиймэрхүү мартамхай л байдаг ш дээ
Одоо их хуралд байгаа гишүүд ч гэсэн урьд болсон үйл явдалуудыг харьцуулаад багцалаад дүгнэх нь маш ховор. Нууц товчоонд гардаг шиг тий ой тогтоолттой хүмүүс бараг байхгүй дээ. Ерөнхийлж багцаалахаас хэтрэхгүй хэдэн мартамхай хүмүүс л өнөө маргаашийн хэрүүл хийгээд л их хуралд хуралдаж байгаа харагдах юм. Өрөвдмөөр ч юм шиг