sonin.mn

Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол, Хятад улсын Гашуусухайт-Ганцмод боомт-ын төмөр замын хил холболттой холбоотой гэрээний талаар сонсгол хийх саналыг дэмжээгүй билээ. Үүний дараа Д.Энхтүвшин, Д.Ганбат, Ж.Баярмаа тэргүүтэй УИХ-ын гишүүд уг шийдвэрийг эсэргүүцэн мэдээлэл хийсэн юм.


Тэгвэл УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өчигдөр мэдээлэл хийж, “Улсаа бодох уу, улс төрөө бодох уу? Харбины гэрээ бол хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээ. Үнийг хэт хямд, алдагдалтай байгуулсан гэж үзэж байвал би шалгуулахад бэлэн. Нүүрсийг 50 хувь хямд зараад байгаа зүйл огт байхгүй.


Манай урд хөрш энэ асуудалд маш эмзэг хандаж байгаа. Та нар өөрсдөө гуйж ирсэн. Бид та нараас нүүрс авах албагүй. Та нар бидний нэр хүндэд халдаж байна. Биднийг хөрш орноосоо хямд нүүрс авсан мэтээр дэлхий дахинд улсын нэр төрийг гутааж байна гэж хэд хэдэн удаа маш хатуу илэрхийлсэн. Бидний зардаг нүүрс Хятад улсын нийт нүүрсний ердөө хоёрхон хувь. Ийм утгагүй хэрүүлээ болимоор байна, улсаа бодоцгооё.


Хятадын талаас, ‘Та нар сонсгол хийхээрээ нэг нэгнээ гутаан доромжилдог. Сонсгол хийвэл тэрэн шигээ л манай улсыг гутаан доромжилно гэдгийг мэдэж байна. Иймээс Харбины гэрээний сонсголыг УИХ-аар хийвэл хилээ хааж, нүүрс авахаа болино’ гэж ярьдаг” гэв.


Энэ нь ч үнэн юм. Харбины гэрээ нэгэнт байгуулагдсан, ажил нь ч үргэлжилж буй. Иймээс уг гэрээг улс төржүүлж, маргаан дэгдээх нь цөөн хэдэн улстөрчдөд лайк авчрах байж болох ч нийт ард түмэнд эдийн засгийн хүндрэл, бэрхшээл авчрах нь гарцаагүй юм.


Б.Балжир