sonin.mn

ВАШИНГТОН, 2026 оны дөрөвдүгээр сарын 9 /Reuters/. Иранд зэвсэг нийлүүлж буй орнуудын бараа бүтээгдэхүүнд ямар нэгэн хөнгөлөлтгүйгээр 50 хувийн гаалийн татвар ногдуулна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп лхагва гарагт мэдэгджээ. Тэрбээр Ирантай хоёр долоо хоног хугацаанд гал зогсоох тохиролцоонд хүрснээс хэдхэн цагийн дараа ийнхүү дахин татвараар сүрдүүллээ. 

Ираны пуужин харвагч төхөөрөмжүүд, цэргийн байгууламжууд, зэвсгийн үйлдвэрүүдэд таван долоо хоног гаруйн турш цохилт өгсний дараа Д.Трамп гадаад бодлогынхоо гол хөзөр болох гаалийн татварын хөшүүргийг дахин ашиглаж эхлэв. Түүний нийгмийн сүлжээндээ нийтэлсэн эл мэдэгдэл нь Иранд зэвсэг нийлүүлэхгүй байхыг Хятад, Орос улсуудад хатуу анхааруулсан хэрэг боллоо.




Гэвч өнгөрөгч хоёрдугаар сард АНУ-ын Дээд шүүх 1977 оны хуулийн дагуу тогтоосон Д.Трампын өргөн хүрээний гаалийн татваруудыг хууль бус гэж үзэж, "Олон улсын онцгой байдлын үеийн эдийн засгийн эрх мэдлийн тухай хууль"-ийг ашиглан татвар ногдуулах өргөн эрх мэдлийг нь цуцалсан юм. 




"Иранд цэргийн зориулалттай зэвсэг нийлүүлсэн аль ч улсын АНУ-д борлуулах бүх бараа бүтээгдэхүүнд өнөөдрөөс эхлэн 50 хувийн татвар шууд ногдуулна. Үүнд ямар ч хөнгөлөлт, чөлөөлөх нөхцөл байхгүй! Ерөнхийлөгч ДЖТ" хэмээн тодорхой улс орныг нэрлэлгүйгээр Д.Трамп "Truth Social" нийгмийн сүлжээний хуудсандаа бичжээ.

Хятад, Орос улсууд Иранд пуужин, агаарын довтолгооноос хамгаалах систем, хоёрдмол зориулалттай бүтээгдэхүүн нийлүүлэх зэргээр АНУ, Израилаас тус улсад үзүүлж буй шахалтыг эсэргүүцэхэд цэргийн чадавхаа зузаатгахад нь тусалжээ. 


Г.Энх-Од


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг