sonin.mn

БРЮССЕЛЬ, 2026 оны дөрөвдүгээр сарын 8 /Reuters/. Европын Холбооны /ЕХ/ хил дамнасан нүүрстөрөгчийн зохицуулалтын механизмын (Carbon Border Adjustment Mechanism, CBAM) хүрээнд олгодог гэрчилгээний үнийг Европын Комисс анх удаа дөрөвдүгээр сарын 7-ны мягмар гарагт олон нийтэд танилцууллаа. 2026 оны эхний улиралд нэг тонн хорт ялгарлын үнэ 75.36 евро буюу 87.14 ам.доллар байна.


ЕХ-ноос нэвтрүүлсэн хил дамнасан нүүрстөрөгчийн зохицуулалтын механизм бол ган, хөнгөн цагаан, цемент зэрэг хүлэмжийн хийг их хэмжээгээр ялгаруулан үйлдвэрлэдэг импортын бараанд ногдуулж буй дэлхий дээрх анхны татвар юм.


Германы Байгаль орчныг хамгаалах газрын цахим хуудсанд дурдсанаар, CBAM-ын гэрчилгээ бүр нь импортоор орж ирж буй бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцад ялгарсан 1 тонн CO₂-той тэнцэх хэмжээний ялгаралтай (үүнийг "саарал ялгарал" гэж нэрлэдэг) дүйцэх ажээ. Хэрэв тухайн барааг үйлдвэрлэсэн гуравдагч улсад нүүрстөрөгчийн татвар аль хэдийн төлөгдсөн бол давхар татвар ногдуулахаас зайлсхийх үүднээс ЕХ-нд худалдаж авах шаардлагатай гэрчилгээний тоог зохих хэмжээгээр бууруулж болно гэдгийг дурджээ. Уг механизмыг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх тал дээр харьцангуй зөөлөн дүрэм журамтай орнуудын компаниудын өрсөлдөөнөөс Европын үйлдвэрлэгчдийг хамгаалах зорилготой юм.


2027 оны хоёрдугаар сараас эхлэн CBAM-ын зохицуулалтад багтсан бараа бүтээгдэхүүний импортлогчид 2026 онд худалдан авсан бараандаа дүйцэхүйц гэрчилгээг нөхөж худалдан авах үүрэг хүлээнэ.


CBAM механизмын ачаар гадаадын үйлдвэрлэгчдийн барааны үнэ Европын зах зээл дээрх дотоодын бүтээгдэхүүний үнэтэй дүйхүйц түвшинд очих юм. Учир нь Европын үйлдвэрлэгчдийн зардалд байгаль орчны стандартыг дагаж мөрдөхтэй холбоотой зардлыг шингээсэн байдаг. Франц, Итали, Хорват улсууд бордооны импортод ногдуулах CBAM-ын гэрчилгээг цуцлахыг өмнө нь уриалж байв. Европын Комисс 2026 онд CBAM-ын тарифыг улирал тутамд, харин 2027 оноос эхлэн долоо хоног бүр шинэчлэн нийтлэхээр төлөвлөж байна. 2026 оны хоёрдугаар улирлын "нүүрстөрөгчийн татвар"-ын хувь хэмжээг долоодугаар сарын 6-нд зарлах ажээ.





Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг