АНУ-ын дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс хоёр өдрийн айлчлал хийхээр гэргий Уша Вэнсийн хамт өчигдөр Унгарын нийслэлд хүрэлцэн ирэхэд тус улсын Гадаад хэргийн сайд Петер Сийярто цэцэг барин угтжээ. Вэнс ирсэн даруйдаа “Унгарын сонгуулийн явцад хөндлөнгөөс оролцож байна” хэмээн Европын Холбоог буруутгажээ. Тэрбээр энэ удаагийн айлчлалаараа “Брюсселийн хүнд сурталтнуудад дохио өгөхийг хүссэн” байна.
“Тэд Унгарын ард түмнийг номхотгохын тулд бүхнийг хийсэн, учир нь ард түмнийхээ эрх ашгийг хамгаалдаг Унгарын ерөнхий сайд тэдэнд таалагдаагүй” гэж Вэнс хэллээ.
Харин АНУ-ын өндөр албан тушаалтны айлчлал бол сонгуулийн кампанит ажлын төгсгөлд Ерөнхий сайд Виктор Орбаныг шууд дэмжиж буй үйлдэл гэж Европын хэд хэдэн улсын удирдагчид болон Унгарын сөрөг хүчнийхэн үзэж байна. Унгарын парламентын сонгуулийн санал хураалт ирэх ням гарагт болно.
В.Орбаныг дэмжиж байгаагаа Вашингтон өмнө нь хэдэнтээ илэрхийлж байсан бөгөөд тэрбээр Д.Трамптай нягт харилцаатайгаас гадна Орос-Украины дайнд Москваг дэмждэг хүн юм.
Орбаны “Фидес” намын гол өрсөлдөгч болох Унгарын сөрөг хүчний “Тиса” намын удирдагч Петер Мадьяр мэдэгдэхдээ, эрх баригчдын сонгуулийн кампанит ажилд Оросын пиарчид оролцож байна гэжээ. Мөн Чех, Словакийн ерөнхий сайд нар болох Андрей Бабиш, Роберт Фицо нар Орбаныг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Өдгөө 62 настай В.Орбан 16 жилийн турш засгийн эрхийг барьж байгаа юм. Ирэх ням гарагт болох сонгуулийн үеэр тэрбээр сүүлийн жилүүд дэх хамгийн хүнд сорилттой тулгарахаар байна. Учир нь, ердөө хоёр жилийн өмнө байгуулагдсан сөрөг хүчний “Тиса” нам санал асуулгын дүнгээр Орбаны удирдсан “Фидес-Унгарын иргэний холбоо” намыг гүйцэж түрүүлжээ.
Б.Адъяахүү
Лхагва - 04 сарын 08,
2026
Сэтгэгдэл4
Барууны сэтгэцтэй ардчилагчид Европыг сүйрүүлж байна.
Эмээ уу,,,, тэнэгээ,,,,
Барууны сэтгэцтэй ардчилагчид Европыг сүйрүүлж байна.
Вэнс бол Оросын тагнуул Красновын орлогч юм чинь орос хошного долоогч Орбан дээр очиж л таараа