sonin.mn

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц сэтгүүлчдийн асуултад хариулав. Тэрээр: "Ёс зүйг хэмжих нь маш төвөгтэй асуудал. Энэ нь хүнээсээ, нийгмээсээ, улсаасаа, мөн цаг үеэсээ хамааран өөр өөрөөр ойлгогддог. Ингэж хэлж байгаа нь УИХ-ын гишүүд ёс зүйгүй байхыг дэмжиж байна гэсэн үг огт биш.


Харин ч ёс зүйг яг таг хэмжих, үнэлэх нь хэрхэн явагдах ёстой вэ гэдэг дээр тодорхой хариулт олоход хүндрэлтэй гэж үзэж байна. Ялангуяа байгалийн шинжлэх ухааны чиглэлээр ажилладаг миний хувьд ёс зүйг ямар хэмжүүрээр үнэлэхийг ойлгоход амаргүй санагддаг.

Тиймээс энэ асуудлыг төрийн байнгын хороод хэлэлцэж, мэргэжлийн хуульчид, парламентын тогтолцооны хүрээнд хэрхэн шийдвэрлэхийг тодорхой болгох нь зүйтэй гэж бодож байна.


Миний хувьд эдийн засгийн эрх чөлөөг дэмжих, ногоон хөгжлийг урагшлуулах, авлигаас ангид байх бодлогыг дэмжиж байгаа. Тухайлбал, өмнө нь данс нь хаалттай байсан 12,000 хүний дансыг нээсэн гэх арга хэмжээ нь тодорхой үр дүнтэй гэж үзэж болно.


Гэсэн хэдий ч гадаад нөхцөл байдал хүндэрч буй энэ үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд цаг үеэ олсон байх шаардлагатай. Тогтмол татвараа төлдөггүй аж ахуйн нэгжүүдийн дансыг шууд хаах нь урт хугацаандаа зохисгүй шийдэл байж болох юм.

Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзвэл иргэдэд чөлөөтэй ажиллаж, бизнес эрхлэх боломж, орон зайг нь бүрдүүлэх нь чухал байна.


Мөн аливаа үйл ажиллагаа явуулахад зайлшгүй шаардлагатай байдаг дарга, агентлаг, яамдын зөвшөөрөл, гарын үсгийг хүлээж удааширдаг энэ тогтолцоог өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна. Ийм хүнд суртлыг халж, илүү нээлттэй, шуурхай тогтолцоонд шилжихийг би бүрэн дэмжинэ. Засгийн газрын авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаануудыг дэмжиж байгаа " гэлээ.


Б.Төгсбаясгалан