Нийслэлийн АН-ын хорооны хурал өчигдөр болов. Уг хуралд оролцсон 174 гишүүнээс 165 нь дэмжиж 91.7 хувийн саналаар Нийслэлийн ардчилсан намын даргаар Б.Ган-Очир сонгогдлоо.
Хурлын дараа Б.Ган-Очир сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ: "Юуны өмнө дотоод цэгцрэлээ хангах шаардлагатай. Дүрмийн дагуу дэд дарга нар, тэргүүлэгчид саяхан томилогдлоо. Иймд эхний ээлжинд дотоод ардчиллаа бэхжүүлж, байгууллага дотроо нээлттэй байх нь хамгийн чухал ажил юм. Хоёрдугаарт, иргэний нийгэм болон органик байдлаар идэвхтэй ажиллаж буй залуучуудын зөв үйл ажиллагааг дэмжих нь чухал. Тэдний хийж буй ажлыг улс төржүүлэхгүйгээр, мөн оноо авах хэрэгсэл болголгүйгээр дэмжиж сурах хэрэгтэй. Зөв зүйлийн төлөө ажиллаж буй иргэний нийгэм, залуучуудын өмнө улс төрийн нам өнгөнд нь гарч ирэх бус, харин шуналгүйгээр дэмжигч нь байх ёстой гэж үзэж байна. Аливаа байгууллага өөрийн гэсэн тэргүүлэх чиглэл, “шүхэр” сэдэвтэй байдаг.
Нийслэлийн Ардчилсан намын хувьд Т.Батцогт дарга “хүүхдэд ээлтэй хот” гэсэн уриаг дэвшүүлсэн. Хүүхдэд ээлтэй хот байна гэдэг нь бүх стандарт хангасан хот байна гэсэн үг.
Саяхан Ардчилсан нам дэргэдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн албан ёсны салбар байгууллагатай болсон. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд чухал алхам юм. Ер нь залуу насандаа сайхан амьдарч, өтөл насандаа аз жаргалтай амьдрах боломж бүрдсэн хот л жинхэнэ утгаараа сайн хот гэж хэлж болно. Эдгээр чиглэлүүд дээр судалгааны болон практик олон талт ажлыг хамтран хийх шаардлагатай. Гэхдээ энэ бүхнийг хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө нийслэлийн Ардчилсан нам дотоод цэгцрэлээ бүрэн хангах ёстой. Том бүтэцтэй нам учраас шийдвэр, өөрчлөлт удаан явах хандлагатай байдаг. Тиймээс эхний ээлжинд үйл ажиллагааг илүү хурдтай, шуурхай болгох үүрэг, чиглэл өгөх шаардлагатай байна.
Миний баримталдаг нэг чухал зарчим бол “чаддаг хүнээр нь чаддаг ажлыг нь хийлгэх” явдал. Хүн бүр өөрийн гэсэн давуу талтай. Тиймээс сул талыг нь онцлох бус, давуу талыг нь нэгтгэж, зөв менежмент хийх нь чухал гэж үздэг.
Миний улс төрийн багш Н.Алтанхуяг дарга надад “хүмүүсийн давуу талыг хооронд нь зөв уялдуулж чадвал намын ажил ч, улсын ажил ч урагшилдаг” гэж захидаг байсан. Бид ирээдүйд сайн засаглалтай улс орныг бүтээнэ гэж зорьж байгаа бол түүнийхээ жижиг загварыг нийслэлийн Ардчилсан нам дээр бий болгох ёстой гэж бодож байна." гэв.
Б.Төгсбаясгалан
Даваа - 04 сарын 06,
2026
Сэтгэгдэл3
Эрч хүчтэй, зоригтой дээр нь зарчимтай мэдлэгтэй зөв залуу сонгогджээ, амжилт :)
Улс төрд шихэлэг уур амьсгал авчирч мэдэх хүн байна Гухван чухалмзарчим хэллээ Нэгд хүнээр ёаддаг пмыг нь хийлгэх Хоерт иргэний нийгмийг органик байдлаар хөгжүүлэхийг дэмжих улс төрийн нам ашигоахгүй Гуравт хүний сул талыг онцлох бус давуу талыг нь нэгтгэх гэжээ Монголын улс төрд энэ гурван зарчих бүрэн алдагдсан Хүний баытугай улс орныхоо аль мууг товойлгож хэзээ ч өөрчлөглөхгүй мэт ярьж тэрнээсээ бараг таашаал авдаг болцгоосон
1990 онд Монгол улсын Засийн газрын ордон Галзуугийн эмнэлэг болж өөрчдөгдсөн. Одоо тус эмнэлэгт байгаа бүх хүмүүсийн галзуу өвчин нь улам хүндэрч цаашид засал авахгүй болсон нь тодорхой боллоо. Ум ма ни бад ми хум.