МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 1 /BBC/. Цэргийн тээврийн Ан-26 нисэх онгоц Крымийн дээгүүр нисэж байхдаа осолдож, багийн гишүүд, зорчигчид амиа алдсан тухай Оросын Батлан хамгаалах яам мэдээлжээ. Тус яам ослын шалтгааныг урьдчилсан байдлаар техникийн доголдол гэж дүгнэсэн байна. Харин төрийн мэдээллийн хэрэгслүүдийн эх сурвалжууд онгоцыг хад мөргөж осолдсон гэж мэдэгджээ.
Эрэн хайх, аврах баг Ан-26 онгоц осолдсон газрыг олсон байна. Ослын газраас ирүүлсэн мэдээллээр, багийн зургаан гишүүн болон уг онгоцоор зорчиж байсан 23 хүн амиа алджээ. “Онгоцонд гадны нөлөө байгаагүй. Ослын урьдчилсан шалтгаан нь техникийн саатал байсан” гэж Батлан хамгаалах яамны мэдээлэлд дурджээ.
Мягмар гаргийн 18:00 цагийн орчимд Ан-26 цэргийн тээврийн онгоцтой холбоо тасарсан гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам өмнө мэдээлж байжээ. Уг онгоц өөртөө нэгтгэсэн Крымийн хойгийн дээгүүр төлөвлөгөөт нислэг үйлдэж байсан байна.
ТАСС агентлагийн эх сурвалж “онгоц хад мөргөсөн” гэж баталж байгаа бол “РИА Новости” агентлагийн эх сурвалж мөн “уг онгоцыг хад мөргөж осолдсон” гэж мэдэгджээ.
Цэргийн тээврийн Ан-26 хөнгөн онгоцыг 1975 онд зэвсэглэлд хүлээлгэн өгчээ. Энэ онгоц нь цэрэг, техникийг дунд зайд тээвэрлэх зориулалттай байна. Ан-26 загварын онгоц осолдсон тохиолдол 2020 оны есдүгээр сард Украины Харьков мужид гарч байсан юм. Сургуулилалт, дадлагын нислэгийн үеэр гарсан уг ослын улмаас 26 хүн амиа алдаж, нэг хүн амьд үлдсэн бөгөөд онгоц Чугуев хотын ойролцоо унажээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Лхагва - 04 сарын 01,
2026
Сэтгэгдэл1
Аль эртний үлэг гүрвэлийн үёийн онгоцоор нисэхээр үхэлгүй яахав дэ ! сууж л байдаг мөн тэнэг хүмүүс шүү !