sonin.mn

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрээр: " УИХ-ын чуулганы үеэр 68 гишүүний 60 нь сайдын албан тушаал хашиж байсан” хэмээн дурьдсан нь анхаарал татаж байна. Энэ нь ямар ч сайд томилогдсон бодит өөрчлөлт гарахгүй, нөхцөл байдал хэвээр үргэлжлэх хандлагатай байгааг илтгэж байна. Ийм байдал нь урам хугарахад хүргэж, улмаар хүлээлт буурах нөхцөлийг бий болгож байна.



Миний хувьд хэн сайд болохоос үл хамааран дорвитой өөрчлөлт гарна гэсэн итгэл сул байна.



Бид Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 2025 оны гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх гэж байна. Харин 2025 оны үйл явцыг эргэн харахад бодлогын хэрэгжилтээс илүү албан тушаал, эрх мэдлийн маргаан давамгайлсан нь ажиглагдаж байна.


Тухайлбал, улсын төсөв батлагдах үед болон Монгол Улсын таван жилийн төлөвлөгөө хэлэлцэгдэх явцад улс төрийн маргаан, албан тушаалын асуудал давамгайлж, бодлогын чанартай хэлэлцүүлэг хангалттай явагдаагүй. Иймд одоогийн нөхцөлд бодит үр дүн хүлээхэд хүндрэлтэй гэж үзэж байна.Зарим улс төрийн албан тушаалтнууд төрийн өндөр албан тушаалуудыг шат дараалан хашиж байгаа нь ажиглагдаж байна. Гэсэн хэдий ч цаашид илүү өндөр албан тушаалд хүрэх боломж, нөхцөл бодитой эсэхэд эргэлзээ байна.


Дэд сайдын тухайд, ажлын хэсэг болон байнгын хороодын үйл ажиллагаанд оролцох замаар тодорхой үүрэг гүйцэтгэж, ажлын уялдаа холбоог хангадаг гэж үзэх тал бий. Иймд тухайн албан тушаалын хэрэгцээ, үр нөлөөг бодитой үнэлэх шаардлагатай. Ажил хариуцан авсан тохиолдолд үр дүн гаргах нь зүйн хэрэг юм.Г.Занданшатарын удирдсан Засгийн газрын үед төрийн албаны цомхотгол хийж байсан туршлага бий. Тухайн үед бодлого боловсруулагчид орон нутагт ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцсаны үндсэн дээр ийм шийдвэр гаргасан гэж үзэж болно. Харин одоогийн нөхцөлд ийм төрлийн бодит судалгаа, газар дээрх үнэлгээ хангалтгүй байгаа нь анзаарагдаж байна.



Сүүлийн үед эв нэгдлийг эрхэмлэх талаар ярьж байгаа боловч бодит байдал дээр улс төрийн зөрчил, талцал үргэлжилсээр байна.



Тухайлбал, тодорхой асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг дуудаж, хариуцлага тооцох шаардлага тавигдаж байхад эсрэг байр суурьтай үйлдлүүд ажиглагдаж байна.Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэхэд хэн сайдын албан тушаалд томилогдсон ч бодлогын чанарт дорвитой өөрчлөлт гарах эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Мөн Ардчилсан намын хувьд Засгийн газарт хамтран ажиллах эсэх асуудлыг нухацтай авч үзэх шаардлагатай. Одоогийн нөхцөлд богино хугацаанд бодит үр дүн гаргах боломж хязгаарлагдмал бөгөөд Засгийн газрын тогтвортой байдалд ч эргэлзээ байсаар байна." гэв.


Б.Төгсбаясгалан