БЕРЛИН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Reuters/. Герман, Сири улсууд олон зуун мянган дүрвэгсдийг эх оронд нь буцаах тал дээр хамтран ажиллахаар болсон талаар Германы Канцлер Фридрих Мерц даваа гарагт мэдэгджээ. Дүрвэгсэд эх орондоо эргэн ирснээр дайны хөлд сүйдсэн Сирийг сэргээн босгох ажилд гол үүрэг гүйцэтгэнэ гэж тэрбээр хэлсэн байна. Ф.Мерц Сирийн Ерөнхийлөгч Ахмед аль-Шараатай Берлин хотноо уулзсаныхаа дараа хийсэн хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ, Германд ирсэн сиричүүд тус улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд тэдний ихэнх нь нутаг буцах хүсэлтэй байна гэжээ.
"Олон жилийн дайнд эвдрэн сүйдсэн үйлдвэр, сургууль, цэцэрлэг, эмнэлгийг дахин босгоход эдгээр иргэдийн оролцоо нэн чухал" хэмээн Канцлер хамтарсан хэвлэлийн хурлын үеэр хэлсэн байна.
Одоогийн байдлаар Германд Сирийн 700-800 мянга орчим иргэн орогнол хүсэн амьдарч байгаа бөгөөд тэдний 80 орчим хувь нь ойрын гурван жилийн хугацаанд нутаг буцах төлөвтэй байгаа ажээ. Ингэхдээ оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан болон гэмт хэрэгт холбогдсон иргэдийг нэн тэргүүнд буцаах бодлого баримтална гэдгийг Ф.Мерц мэдэгджээ Германы өмнөх Канцлер Ангела Меркель Сири, Афганистан зэрэг орнуудаас нэг сая орчим дүрвэгчийг хүлээн авах шийдвэр гаргасны дараа цагаачлалыг эсэргүүцдэг "AfD" намын дэмжлэг эрс нэмэгдсэнтэй холбогдуулан өнгөрсөн онд засгийн эрхэнд гарсан Ф.Мерцийн эвслийн засгийн газар цагаачлалын асуудлаар хатуу бодлого явуулж байгаа юм.
Германы Засгийн газар Сирийг сэргээн босгох үйл явцад дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн бөгөөд Дамаскын засаг захиргаатай хамтран дүрвэгсдийг буцаах тусгай хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлж эхэлжээ.
Ф.Мерц хэлэхдээ, Германы Засгийн газар Сирийг сэргээн босгох үйл явцыг дэмжих хүсэлтэй байгаа бөгөөд эх орондоо буцах хүсэлтэй иргэдэд тусламж үзүүлэхийн тулд Дамаскийн засгийн газартай хамтран ажиллаж байна гэж мэдэгдсэн байна. Сирийн Ерөнхийлөгч А.Шараа иргэний дайны хүнд хэцүү цагт дүрвэгсдэд үүд хаалгаа нээсэн Германы талд талархал илэрхийлээд, хоёр улсын түншлэлийн харилцаа шинэ шатанд гарч буйг онцолсон байна.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Мягмар - 03 сарын 31,
2026
Сэтгэгдэл0