sonin.mn

Зариг.мн мэдээллийн сайтыг хаасантай холбоотой асуудлаар МСНЭ-ээс ЦХХХ-ы сайд Н.Учралд шаардлага хүргүүллээ. Энэ үеэр ЦХХХ-ы сайд Н.Учрал:



"Би Цахим хөгжлийн сайдын ажлыг хийж байгаа болохоос биш цахим сайтыг хязгаарладаг, боомилдог эрх надад хуулиар байхгүй. Гэхдээ МСНЭ зохих шаардлага хүргүүлж байгаа учраас та бүхнийг хүндэтгээд тус шаардлагыг хүлээж авч.



Энэ бол зөвхөн Өнөрөө гэж нэг хүний асуудал биш. Энэ бол хүн бүрийн, сэтгүүлчдийн, хэвлэл мэдээллийн байгууллагуудын үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх ардчиллын суурь зарчимд халдаж байгаа асуудал. Тийм учраас сэтгүүлчид маань цаашдаа бидэнд ч гэсэн ийм болгоомжлолоор МСНЭ бидэнд хандаж байна гэж ойлгож байна. Тус сайтыг хязгаарласан асуудлаар мэдээллийг өнөө өглөө авсан. ХХЗХ-ы дарга руу мэдээлэл авах гэж холбогдсон. Үүний дараа өөрийн зүгээс бичиг хүргүүлсэн. Албан ёсны хариу ирсэн. ХХЗХ бол манайд харьяалагддаг агентлаг огт биш юм. Хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг учраас энэ талаараа надад мэдэгдэх үүрэг ч байхгүй. Өөрсдийн баталсан журмаар хууль хяналтын байгууллагаас бичиг ирүүлээд, шалгах үйл ажиллагаа явж байх хугацаанд нь хязгаарлах үүргийг авсан байдаг юм байна. Надад тайлбарлахдаа прокурорын бичиг ирсэн. Шүүхийн Ерөнхий зөвлөл гомдол гаргаад, шүүхийн хараат бус байдалд нөлөөлж болзошгүй гэдэг нөхцөл байдал тогтоогдсон учраас цагдаагийн байгууллага үүний дагуу ХХЗХ-нд шаардлага тавьсан байна. Ингээд журмынхаа хүрээнд тодорхой хугацаанд хязгаарласан юм байна. 



Би улстөрч хүний хувьд, УИХ-ын гишүүний хувьд ч амьдралдаа ямар ч сайтыг эрүүгийн болон иргэний журмаар ямар нэгэн гомдол гаргаж байсан түүхгүй.



Би өөрөө ч хэвлэл мэдээллийн байгууллага байгуулж, хэвлэл мэдээллийн салбартай, сэтгүүлчидтэй ойр ажилладаг хүний хувьд ардчиллын энэ суурь зарчмыг хамгаалах талд нь үргэлж зогсоно. Өнөрөөгийн явуулж байгаа үг болгон надад таалагддаггүй. Гэхдээ үг хэлэх эрх чөлөөг нь би үргэлж хүндэтгэнэ. Амнаас нь гарч байгаа үг нь таалагдахгүй байлаа гээд амыг нь боомлих асуудал ардчилсан нийгэмд хэрхэвч байж болохгүй." гэсэн юм.



О.Чулуу