sonin.mn

13.5 тэрбум төгрөгөөр элэгний Д вирусийн меркуледикс Б тариагаа авч хамтдаа элэг бүтэн амьдаръя сэдвээр хэсэг иргэд мэдээлэл хийлээ.


Энэ үеэрээ тэд: "Өнөөдөр Монгол улсад элэгний B, D вирустэй 450 мянган иргэн байна. Үүнээс элэгний D вирусийн идэвхжилтэй 150 мянган иргэнийг төлөөлж бид энд ирээд байна. Элэгний D вирусийн өвчлөлийн улмаас өнөөдөр Монгол улсад өдөрт 12-15 хүн, сард 450 хүн, нэг жилд 5400 хүн нас барж байгаа нь гашуун үнэн. Бид D вирусийн тарианд хамрагдахын тулд 2016 оноос хойш үе үеийн Эрүүл мэндийн сайд, холбогдох дарга нарт хандаж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл шийдэлд хүрсэнгүй. Элэгний D вирусийн тариа 2014 онд ОХУ-д гарсан. Үүнээс хойш уг тариаг оруулж ирэх талаар ажиллаач гэж ЭМЯ-ыг шахаж ажилласан боловч үр дүн гарсангүй.



450 мянган өрхөд элгээр нас бараагүй хүн гэж байхгүй боллоо. Энэ асуудал Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрлээ.



Бидний амь нас цаг минутаар хэмжигдэж, дараагийн нас барах хүмүүсийн тоонд орчихоод байна. Иргэд жагсаж байж 2023 онд АНУ-д гарсан 30 ширхэг тариа оруулж ирсэн боловч Эрүүл Мэндийн Яаман дээр ирээд хэн авсан нь мэдэгдэхгүй, замхраад алга болсон. 2023 онд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн 13.5 тэрбум төгрөгийг улсын төсөв дээр төсөвлөсөн гэдэг асуудлаар ЭМЯ-нд шаардлага хүргүүлсэн боловч хариу өгөөгүй. 13.5 тэрбум төгрөгийг ЭМЯ зориулалтын бусаар зарцуулсан байгаа.



Ер нь ЭМЯ удаа дараа элэгний B, D вирустэй хүмүүсийн нэрээр өчнөөн тэрбум төгрөгийг суулгаж, авч иддэг.



Энэ удаа харин 13.5 тэрбум төгрөгийг бидэнд өгөөч ээ. Бид элэг бүтэн амьдармаар байна. Бид энэ хорвоогоос явмааргүй байна.Тийм учраас энэ мөнгийг бидэнд үлдээж өгөөч ээ гэж л хүсэж байгаа юм. " гэв.



М.Чой