sonin.mn

 1-р сарын 8-нд Хятадын Коммунист намын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И Африкийн холбооны төв байр, Аддис-Абеба хотод Африкийн холбооны комиссын дарга Махамуд Али Юсуфтэй Хятад–Африкийн холбооны ес дэх стратегийн яриа хэлэлцээг хийлээ. 


Ван И уулзалтын үеэр Африкийн холбоо нь тус тивийн эв нэгдэл, хамтын ажиллагааг тэргүүлэн чиглүүлэгч "зүтгүүр" байж, Хятад-Африкийн харилцаанд чухал байр суурь, онцлог үүрэгтэйг тодотгов. Ши Жиньпин дарга 13 жилийн турш дараалан Африкийн холбооны дээд хэмжээний уулзалтад баярын захидал илгээж байгаа нь Хятад улс тус холбооны харилцаандаа өндөр ач холбогдол өгдгийг илэрхийлж байна гэдгийг тэмдэглэлээ. Тэрээр цааш нь энэ жил Хятад, Африк хоёрын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, мөн Хятадын гадаад хэргийн сайдын шинэ оны анхны айлчлал нь Африк тивд явагдаж байгаа 36 дахь жилээ угтаж буйг дурдаж, энэхүү уламжлал нь Хятад–Африкийн нөхөрлөлийн үргэлжлэл, Африкийн чиглэлд баримталдаг бодлогын тогтвортойг харуулж, хөгжиж буй орнуудын эв нэгдлийг илтгэж байгааг хэлэв. Хятад, Африкийн нийт 2.8 тэрбум гаруй хүн нэгдэн хамтран ажилласнаар аливаа бэрхшээл, сорилтыг хамтдаа давж, орчин үеийн хөгжлийн хурдаа нэмэгдүүлж, илүү шударга, тэгш, эвтэй, тогтвортой дэлхийд хувь нэмэр оруулах боломжтой гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. 


Ван И мөн Хятад, Африк аль аль нь хөгжлийн чухал эргэлтийн үед байгаа бөгөөд хамтын ажиллагаанд шинэ, өргөн боломжууд нээгдэж буйг тэмдэглэжээ. Хятад улс өөрийн хөгжлийг ашиглан Африк тэргүүтэй хөгжиж буй орнуудад тус дэм болох, дэлхийн өмнөд хэсгийн нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах, ахиц дэвшлийг хамтдаа бий болгоход бэлэн байгаагаа илэрхийллээ. Хятад–Африкийн хамтын ажиллагааны форум (FOCAC) нь хоёр талын хамтын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд энэхүү тавцанг цаашид бүрэн ашиглаж, бодит үр дүнтэй хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, амжилттай түүхийг хамтдаа бүтээх ёстой гэж онцоллоо. Цаашид хоёр талын хамтын ажиллагааны стратегийн, үлгэр жишээч, үр дүнтэй шинж чанарыг улам бэхжүүлж, Африкийн холбоо хоёр талын харилцаанд илүү чухал удирдах үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв. 




Махамуд Али Юсуф хэлэхдээ, Хятад улс бол Африкийн бүрэн итгэж, түшиж болох түнш. Хятадын гадаад харилцааны сайд шинэ жил бүрийн анхны айлчлалаа Африкт хийдэг уламжлал нь Хятад улс Африк тивд өндөр ач холбогдол өгдгийг илтгэнэ. Африк, Хятадын найрамдал харилцан хүндлэл, энх тайван, хөгжил цэцэглэлийн нийтлэг үзэл санаанд суурилж, дэлхийн өмнөдийн хамтын ажиллагааны үлгэр жишээ болсныг онцолж байна. Африкийн холбоо Хятадын олон жилийн туршид бүх салбарт үзүүлсэн үнэнч дэмжлэг, туслалцааг өндрөөр үнэлж, хамтын ажиллагааны форумын амжилт, хоёр тивийн ард түмэнд хүртээмжтэй өгөөжид талархал илэрхийлж байна. Африкийн холбоо Нэг Хятад зарчмыг тууштай баримталж, Тайваньтай холбоотой асуудлаар Хятадын үндсэн ашиг сонирхлыг хамгаалахад бүрэн дэмжиж, Хятад улс задарсан аливаа үйлдлийг эсэргүүцэж байна гэжээ.


Г.Бямба