sonin.mn

АНУ Венесуэлд цэргийн цохилт өгч, ерөнхийлөгч Мадурог хүчээр хяналтдаа авсны дараахан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп: “Надад олон улсын хууль хэрэггүй” хэмээн мэдэгдсэн нь АНУ ганц талт ноёрхлын замаар улам бүр шулуудан алхаж буйг тод харууллаа. “Нью-Йорк Таймс” сонин үүнийг Трампын ертөнцийг үзэх үзлийн хамгийн ил тод илэрхийлэл гэж үзэн, тэрээр АНУ-ын ноёрхлыг бэхжүүлэхийн тулд цэрэг, эдийн засаг, улс төрийн ямар ч арга хэрэгслийг чөлөөтэй ашиглаж болно гэж үздэгийг онцолсон байна. Хятадын Төв Радио Телевизийн CGTN суваг дэлхий даяар явуулсан санал асуулгаар оролцогчдын 93.5 хувь нь “ганц талт үзэл”-ийг баримталж буй АНУ өөрийгөө олон улсын хамтын нийгэмлэгийн эсрэг талд гаргасан гэж үзсэн бол 91.7 хувь нь дэлхийн засаглалын тогтолцоог шинэчлэх шаардлага яаралтай тулгарсныг хүлээн зөвшөөрчээ.


Трамп уг мэдэгдлийг гаргахаас нэг хоногийн өмнө АНУ олон улсын 66 байгууллагаас нэгэн зэрэг гарч буйгаа зарлаж, “гэрээг цуцлах, бүлгээс гарах” тоогоороо дээд амжилт тогтоосон нь уур амьсгал, эрчим хүч, дэлхийн засаглал зэрэг олон салбарыг хамарсан. Трамп эдгээр байгууллагын үйл ажиллагаа АНУ-ын ашиг сонирхол, бүрэн эрх, эдийн засгийн хөгжилд харшилж байна гэж тайлбарласан байна. Үүнтэй холбогдуулан оролцогчдын 84.1 хувь нь АНУ-ын энэ алхмыг гайхах зүйлгүй гэж үзэв, 88.9 хувь нь “АНУ нэн түрүүнд” зарчмын хүрээнд хийсэн дахин нэг удаагийн туйлширсан алхам гэж дүгнэв, 93 хувь нь “ашигтай үед ашиглаад, ашиггүй үед орхих” бодлого нь одоогийн олон улсын дэг журам, шударга ёсыг ноцтойгоор хохироож байна гэж шүүмжлэв, 88.3 хувь нь АНУ их хэмжээгээр “бүлгээс гарах” явдлаараа “хариуцлагагүй их гүрэн” болохоо дахин илчилж, олон улсын нэр хүндээ ихээхэн унагалаа гэж үзэв, 88.5 хувь нь энэ нь дэлхийн засаглалд хандах АНУ-ын сөрөг хандлагыг харуулж байна гэж хариулжээ.


Сүүлийн үед АНУ-ын засгийн газрын ганц талт дээрэнгүй үйлдлүүд олон улсын хамтын нийгэмлэгийн дунд түгшүүр, дургүйцлийг өргөнөөр өдөөж байна. “Хүч чадал бол үнэн ёс”, “зэвсэг бол шударга ёс” гэсэн “ширэнгэн ойн хууль”-д тулгуурласан энэ бодлого дэлхийн засаглалын тогтолцоонд ноцтой цохилт өгч байгааг судалгаа харууллаа. Оролцогчдын 89.9 хувь нь зохицол, хамтын ажиллагаанд суурилсан олон талт үзэл нь өнөөгийн дэлхийн засаглалын хүндрэлүүдийг шийдэх гол гарц хэвээр гэж үзсэн бол, 94.4 хувь нь дэлхийн засаглалын тогтолцооны шинэчлэлийг ахиулж, олон улсын хууль дээдлэх зарчмыг хамгаалан, олон талт механизмын үр нөлөөг дээшлүүлэх нь нэн чухал гэж үзэв. Түүнчлэн 90 хувь нь том гүрнүүд дэлхийн засаглалын шинэчлэлд илүү их хариуцлага хүлээж, илүү бүтээлч үүрэг гүйцэтгэх ёстой гэж дүгнэжээ.


Уг санал асуулгыг CGTN англи, испани, франц, араб, орос таван хэлээр явуулсан байна.


Г.Бямба