sonin.mn

Мароккод болж буй Африкийн цомын тэмцээнд амжилтгүй оролцож, хэсгийн шатнаас хасагдсан Габон улсын шигшээ багийг татан буулгах, түүний гол тоглогчдыг багийн бүрэлдэхүүнээс хасах шийдвэрийг тус улсын засгийн газар гаргажээ. Энэ тухай Францын спортын мэдээний RMC Sport агентлаг мэдээлсэн байна. 


Африкийн цомын тэмцээн 2025 оны 12 дугаар сарын 21-нээс 2026 оны нэгдүгээр сарын 18 хүртэл явагдаж байгаа юм. Габоны шигшээ баг хэсгийн шатанд Камерун /0:1/, Мозамбик /2:3/, Кот-д'Ивуарын /2:3/ багуудад хожигдсоноор F хэсэгт сүүлийн байрыг эзэлсэн байна. 


Лхагва гарагт Габоны Спортын сайд Симплис-Дезире Мамбула шигшээ багийн тоглолтын талаар хэлэхдээ “энэ бол шившиг” гэжээ. “Дараагийн шийдвэр гарах хүртэл дасгалжуулагчдын баг ба шигшээ багийг татан буулгаж, тус багийн бүрэлдэхүүнээс Брюно Экуэль-Манга, Пьер-Эмерика Обамеянг нарыг хасах шийдвэрийг засгийн газар гаргасан” гэж сайд мэдэгдсэн байна. Обамеянг бол Габоны шигшээгийн бүрэлдэхүүнд 39 гоол оруулсан хамгийн шилдэг довтлогч бол Манга шигшээд 118 тоглолт хийснээр дээд амжилт тогтоосон юм. 



Б.Адъяахүү