sonin.mn

Хүүхэд бүр дахин давтагдашгүй ертөнцийн эзэд. Тэдний сэтгэлд гайхалтай их төсөөлөл, хүсэл мөрөөдөл, авьяас билиг, энэрэл хайр, гэгээн бүхэн оршиж байдаг. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хүүхдийн ертөнц” буландаа “Dream Art” урлангийн багш З.Золжаргал болон түүний шавь нарын бүтээлийг нь онцоллоо.


Э.Анир 5 настай, Г.Оюунмөрөн 4 настай, Н. Билэг-Учрал 8 настай, А.Анударь 5 настай


-Танай дугуйлан хүүхдүүдийн зураг зурах ур чадварыг хөгжүүлэхийн тулд ямар арга барилаар хичээл заадаг вэ?


-Хүүхдийн ур чадварыг нэг жишиг аргачлалд баригдуулдаггүй. Харин хүүхэд бүрийн нас, сэтгэмж, мэдрэмж, хөгжлийн түвшинд тохируулан хичээлээ заадаг. Хүүхэд бүр өөрийн хурдаар суралцдаг учраас манай сургалтын үндсэн зарчим бол нэгдүгээрт, ажиглалт дээр суурилсан багшийн заах арга байдаг. Үүний хүрээнд багш хүүхдийн одоогийн түвшин, барилтаас нь эхлэн хувь хүний онцлогт тохируулан чиглүүлдэг.


Хоёрдугаарт, хүүхдийн төсөөллийг идэвхжүүлэх дадлага, тоглоомын арга. Энэ нь хүүхдийн уран сэтгэмжийг чөлөөтэй гаргах орчныг бүрдүүлдэг. Мөн өнгөний мэдрэмж, дүрслэх чадварын шаталсан хөгжүүлэлт, алдаанаас айлгахгүй, туршиж үзэх боломж олгосон аюулгүй орчин, бүтээл бүрд нь хувьчилсан зөвлөгөө, гарын техникийг зааж өгөх нь чухал юм. Бидний зорилго бол зөвхөн зураг “сайхан зурдаг” болгох бус, сэтгэн бодож, ажиглаж, өөрийгөө илэрхийлдэг хүүхэд бий болгох юм.


Ч.Мишээл


-Урлаг, тэр дундаа дүрслэх урлагтай хүүхдийг багаас нь ойр байлгаснаар ямар ач холбогдолтой вэ?


-Хүүхэд зураг зурна гэдэг нь зөвхөн “гоё зураг бүтээх” биш, маш олон давхар ач холбогдолтой. Хүүхдийн төсөөлөл хөгждөг. Ингэснээр жижиг зүйлсээс ч шинэ санаа олж харах чадвар нь амьдралын бүх салбарт хэрэг болдог. Мөн анхаарал төвлөрөл нь сайжирна. Энэ нь зурах үед хүүхэд нэг зүйл дээр төвлөрч сурдаг нь суралцах чадварт эерэг нөлөөтэй. Мөн гоо зүйн мэдрэмж төлөвшинө. Ингэснээр өнгө, хэлбэр, зохиомжийг мэдэрч сурна. Энэ нь ирээдүйд ямар ч мэргэжил эзэмшсэн давуу тал болдог. Мөн өөрийгөө илэрхийлэх чадвар нэмэгддэг. Хүүхэд үгээр хэлж чадахгүй мэдрэмжээ зурагт буулгаж сурна. Энэ бол сэтгэл зүйн хувьд маш эерэг нөлөөтэй. Мөн зураг зурснаар хүүхдийн өөртөө итгэх итгэл нэмэгддэг. “Би чадлаа” гэсэн мэдрэмж бүр хүүхдийн дотоод ертөнцийг хүчтэй болгодог. Товчхондоо, урлаг хүүхдийг илүү бүтээлч, тайван, өөртөө итгэлтэй, мэдрэмжтэй болоход тусалдаг.


-Хүүхдийн зурсан зурагнаас тухайн үеийн сэтгэл зүй, мэдрэмж нь харагддаг гэдэг?


-Тийм ээ. Хүүхдийн зурагт тухайн үеийн сэтгэл санаа, мэдрэмж ихэвчлэн илэрдэг. Гэхдээ бид үүнийг “онош тавих” зорилгоор биш, харин хүүхдээ илүү сайн ойлгох, дэмжих нэг төрлийн харилцааны хэл гэж үздэг. Жишээлбэл, хүүхэд баяртай, догдолсон үедээ хүүхдүүд тод өнгө, том хэлбэрүүдээр зурдаг. Харин айдас, санаа зовнилтой үедээ жижиг, нарийн, хаалттай дүрслэл хийх нь бий. Шинэ зүйлд дурласан эсвэл сонирхолтой байгаа үедээ тухайн обьектоо давтаж олон хувилбарт зурдаг. Гэхдээ бараан өнгө хэрэглэсэн нь заавал сөрөг гэсэн үг биш. Тэр үеийн сонирхол, төсөөлөл, харж буй кино, ном зэрэг нөлөөлсөн байх тохиолдол ч маш их. Бидний зорилго бол хүүхдийн зургийг “үнэлэх” биш, харин тэдний дотоод ертөнцийг ойлгож, илэрхийлэх боломжийг нь нээх юм.


Б.Мөнх-Анар 9 настай


-Хүүхдүүд ихэвчлэн ямар сэдвийн хүрээнд зураг зурах дуртай байдаг вэ?


-Хүүхэд бүрийн дуртай сэдэв өөр өөр байдаг ч нийтлэг ажиглагддаг хэд хэдэн чиглэл бий. Нэгдүгээрт, гэр бүл. Хүүхэд аав, ээж, ах, эгч, дүү хамт байсан дурсамжаа дүрслэх нь хамгийн түгээмэл. Энэ нь хүүхдийн хувьд хайрлаж буй хүмүүсээ “зураг” хэлбэрээр илэрхийлэх нэг арга байдаг. Мөн нохой, муур, загас, туулай гээд хүүхдүүдийн төсөөлөлд амьтад маш том байр эзэлдэг. Нар, үүл, уул, цэцэг, далай зэрэг энгийн хэр нь олон өнгийн илэрхийлэлтэй сэдвийг тэд зурах дуртай байдаг. Мөн дүрслэх урлагийн баатрууд, тоглоом, үлгэрийн баатрууд, өөрсдийн бодож олсон уран зөгнөлт ертөнцөөр хүүхэд өөрийн харах өнцөг, төсөөлөл, мэдрэмжээ чөлөөтэй илэрхийлдэг. Заримдаа хамгийн энгийн мэт зүйлс хүртэл хүүхдийн хувьд чухал агуулга, дурсамжтай байдаг.


-Бяцхан зураач хүүхдүүддээ хандаж юу гэж хэлмээр байна?


-Хүүхэд бүр төрснөөсөө л уран бүтээлч. Зөвхөн янз бүрийн арга техникийг сурахдаа бус, өөрийн өнгө, өөрийн ертөнцийг бүтээж байгаа гэдгээ битгий мартаарай. Зурахдаа мэдэрдэг баяр хөөр бол таны авьяас чадварын хамгийн үнэт илэрхийлэл. Туршиж үз, зоригло, бүтээ. Урлагт “зөв”, “буруу” гэж байхгүй. Чиний гарын зурсан бүх зүйл үнэтэй.


У. Элбэрэлт 5 настай


Э.Анир 5 настай



П.АМГАЛАНБАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин