sonin.mn

ХИЛ ХАМГААЛАЛТЫН ҮР ДҮН


Хил хамгаалах байгууллага нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж, 2025 оны эхний 11 сарын байдлаар хилийн зөрчил 53, хилийн дэглэмийн зөрчил 38, хил орчмын дэглэмийн зөрчил 299 удаа гарсныг илрүүлж, хуулийн дагуу шийдвэрлэсэн. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хилийн зөрчил 3.6, хилийн дэглэмийн зөрчил 15.5, хил орчмын дэглэмийн зөрчил 6.5 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас улсын хилд тулсан 163 удаагийн 15.282 малыг тогтоон, эздэд нь хүлээлгэн өгч 13.8 тэрбум төгрөгийн болзошгүй хохирлоос урьдчилан сэргийллээ.   

Улсын хилээр 190 орны 7.2 сая зорчигч, 58 орны 5.9 сая тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлсэн ба өмнөх оны мөн үетэй харьцуулбал зорчигч 9.8, тээврийн хэрэгсэл 21.9 хувиар өссөн байна.


БООМТЫН ӨРГӨТГӨЛ ШИНЭЧЛЭЛ


Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан Боомтын сэргэлтийн хүрээнд “Алтан булаг” олон улсын стандартад нийцсэн боомтыг бүрэн ашиглалтад орууллаа. Тус боомтоор өмнө нь жилд 600-900 мянган зорчигч, 200-400 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрч байсан бол боомтыг өргөтгөж, цахим гарц суурилуулснаар 1.5-2.0 сая зорчигч, 600-800 мянган тээврийн хэрэгсэл нэвтрэх хүчин чадалтай боллоо. Мөн Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь Хилийн цэргийн 0108 дугаар ангийн 0318 дугаар салбарт иж бүрэн камерын системийг төхөөрөмжлөх ажил бүрэн хийгдэж Шалган нэвтрүүлэх албанд шилжүүллээ. Тус камерын системийг ашиглалтад оруулснаар Монгол Улсын хилээр нэвтэрсэн ачааны галт тэрэгний хяналт шалгалтын технологи шинэчлэгдэж, аюулгүй ажиллагаа хангагдан галт тэргийг шалган нэвтрүүлэх хугацаа багасаж, ачаа тээврийн эргэлт жилд 2.1 сая тонноор нэмэгдэх давуу талтай.


УЛСЫН ХИЛ ХАМГААЛАЛТАД ОРЧИН ҮЕИЙН ДЭВШИЛТЭТ ТЕХНИК, ТЕХНОЛОГИ АШИГЛАЖ БАЙНА


Монгол Улсын хилийн 5433.8 км хэсэгт бие даасан тоон радиорелейн системийг байгуулж, хил хамгаалалт, дохиолол хяналт, шалган нэвтрүүлэх алба, гадаад сүлжээгээр мэдээ, мэдээлэл дамжуулах нөхцөлийг бүрдүүлсэн. Улсын хилийн хариуцсан хэсгийн тодорхой хэсгүүдэд дохиолол, теле хяналтын систем суурилуулж, нисгэгчгүй нисэх хэрэгсэл (дрон)-ээр хангаж, хил хамгаалалтад ашиглаж байна.


ХИЛИЙН ЦЭРГИЙН НИСЭХ ТУСГАЙ САЛБАРЫГ БАЙГУУЛЛАА


Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар хилийн цэргийн 0134 дүгээр тусгай /нисэх/ салбарыг байгуулж, чиг үүрэг, бүтэц, орон тоог батлан, албан тушаалтнуудыг томилж, үйл ажиллагааг нь эхлүүллээ.

Тус тусгай /нисэх/ салбар байгуулагдаж, Франц улсад үйлдвэрлэгдсэн “H225 Super Puma” загварын нисдэг тэргийг улсын хил хамгаалалтад ашиглаж эхэлснээр хил хамгаалалтад агаараас дэмжлэг үзүүлэх, удирдлагын шуурхай байдлыг хангах, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх, гамшиг ослын үед татан гаргалтыг зохион байгуулах үндсэн чиг үүргийг бие даан гүйцэтгэхээс гадна хилийн цэргийн алслагдсан анги, салбар, хүрэхэд хүндрэлтэй хэсгүүдэд төрөл бүрийн хангалтыг цаг тухайд нь хүргэх нөхцөл бүрдэж дотооддоо шүхэрчдийг бэлтгэх эхлэл тавигдлаа.


“ХИЛИЙН ТЭНГЭР” ОРОН СУУЦНЫ ХОТХОН БАРИГДАЖ БАЙНА


Хил хамгаалах байгууллагаас хилчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Хилийн тэнгэр” 1098 айлын орон сууцны цогцолбор хотхон байгуулах ажлыг “Дархан хан спийд” ХХК-тай гэрээ байгуулан, 2025 оны 05 дугаар сараас хамтран ажиллаж, барилга угсралтын ажил 80 хувьтай явагдаж байгаа бөгөөд 820 хилчин хамрагдахаар гэрээ байгуулжээ.


“АЛТАН ШОНХОР” НӨХӨН СЭРГЭЭХ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЛЭЭ


Хил хамгаалах байгууллагын “Алтан шонхор” нөхөн сэргээх төв ашиглалтад орж, алба хаагчид амрах, сувилуулах, эрүүл мэндийн нөхөн сэргээх үйлчилгээ авах бүрэн боломжтой боллоо. Тус төв нь амрах, сувилах, сэргээн засах эмчилгээ үйлчилгээг батлагдсан удирдамж, стандартын дагуу мэргэжлийн түвшинд үйлчлүүлэгчдэд үзүүлэх зорилго тавин ажиллаж байна.


ХИЛЧДИЙН БАХАРХАЛ


Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ахмад дайчин, хошууч Ундрахын Доржпаламд Монгол Улсын баатар цол олгож хилчид 15 баатартай болсон бол Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын Гавьяат зүтгэлтэн, хилчин яруу найрагч Пунцагийн Бадарч Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртсэн билээ. Мөн энэ онд хилчдийн дундаас зургаан гавьяат тодорч, хошууч генерал Пүрэвийн Даш, бэлтгэл хурандаа Жамсрангийн Чойнямбуу нар “Үйлчилгээний гавьяат ажилтан”, бэлтгэл дэд хурандаа Доржийн Жигжид “Гавьяат нисгэгч”, бэлтгэл дэд хурандаа Даваагийн Баатархүү “Гавьяат дасгалжуулагч”, бэлтгэл хурандаа Чулуунбатын Алтангэрэл “Соёлын гавьяат зүтгэлтэн”, бэлтгэл ахлах ахлагч Цэрэндоржийн Наранцэцэг “Гавьяат жүжигчин” цолыг тус тус хүртсэн юм.


“ШИНЭ ЭРИН-НОГООН ХӨГЖИЛ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА


Хил хамгаалах байгууллагаас хэрэгжүүлж буй “Шинэ эрин-Ногоон хөгжил” хөтөлбөрийн хүрээнд Хилийн цэргийн 25 салбарын 100 айлын албаны орон сууцанд их засвар хийж, хилийн цэргийн нэг салбарыг төвлөрсөн эрчим хүчинд холбон, хилийн цэргийн 24 салбарт 20-60 кВт-ын нарны цахилгаан үүсгүүр суурилуулж, хилийн цэргийн 2 анги, нэг боомтыг хийн халаалтад шилжүүлсэн байна. Мөн НҮБ-ын Хүүхдийн сан, Хаан банкны дэмжлэгтэйгээр хилийн цэргийн гурван ангид хүүхдийн цэцэрлэг, бага сургууль барьж ашиглалтад орууллаа.


ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГА “НОГООН ХЭРЭМ” ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн, Хил хамгаалах байгууллагаас хэрэгжүүлж буй “Ногоон хэрэм” төслийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны тушаалаар Хилийн цэргийн 0133 дугаар тусгай салбар (Ойжуулах ногоон байгууламж, сургалт судалгааны төв)-ыг байгуулж, Өвөрхангай аймгийн шинэ Хархорум хотын 387,5 га талбайд 300,000 ширхэг, Өмнөговь аймгийн Номгон, Манлай, Цогт-Овоо сумдын 150 га талбайд 94,000 ширхэг, Богдхан уулын 30 га талбайд 22,000 ширхэг, Сүхбаатар аймгийн Онгон, Эрдэнэцагаан сумдын 56 га талбайд 92400 ширхэг навчит болон шилмүүст модыг тарьж, хээрийн ойжуулалт хийсэн байна. 

 



Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин