sonin.mn

Ардчилсан хувьсгалын 35 жил, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн алдар цолтой, хүчит 128 бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Нутгийн Буян групп, Барилга инженерийн цэргийн удирдах газар, "Их Монголын Хүчтэн" дэвжээний бөх, улсын арслан Цэдэнсодномын Бямба-Отгон түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-014 анги, Юү Эл И ХХК, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, Эбэг ХХК, "Хан Хэнтийн Аварга" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Даваасүрэнгийн Алтанцоож үзүүрлэв. 


Дөрөвт Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, "Алдар" спорт хороо, Эм Си Эс групп, Богд банк, Хос Хаш Оюу ХХК, Гал Хонгор ХХК, Тэргүүн Богд дэвжээний бөх, улсын арслан Э.Батмагнай, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, "Сүлд" спорт хороо, Сүүнгийн Туяа ХХК, Зорчигч Тээвэр 2 ОНӨААТҮГ, "Булган Хангай" дэвжээний бөх, улсын начин Б.Түвшинтөгс нар шалгарлаа. 


Наймд улсын заан Б.Бат-Өлзий, улсын начин Т.Дүгэрдорж, улсын начин Э.Мөнхжаргал, аймгийн арслан Ц.Төмөрцоож нар үлдэв. 


Тус барилдааны түрүү бөх 10 сая төгрөг; үзүүрлэсэн бөх 6 сая төгрөг; шөвгөрсөн хоёр бөх тус бүр 4 сая гардсан бол Ардчилсан намын дэргэдэх залуусын Зориг ардчиллын хүрээлэнгээс уламжлал болгон олгож буй "Зоригтон" бөхийн шагналыг Ховд аймгийн Мөст сумын харьяат, аймгийн заан О.Чадалбатад олгосон юм. Тус шагналыг 3 сая төгрөг дагалддаг уламжлалтай. 

Тус барилдааныг тохиолдуулан МҮБХ-оос Монгол Улсын их хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга, аймгийн заан Р.Сэддоржид хүндэтгэл үзүүлсэн юм.