Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг довтлогч, Канадын хоккейчин Уэйн Гретцки баасан гарагт болох хөл бөмбөгийн ДАШТ-ий сугалааны ёслолд оролцоно гэж ФИФА-гийн хэвлэлийн алба мэдээллээ. Ёслолд мөн Супербоулын 7 удаагийн аварга, америк хөл бөмбөгийн тоглогч асан Том Брэди, Үндэсний сагсан бөмбөгийн холбооны аварга шалгаруулах тэмцээний 4 удаагийн аварга Шакил О'Нил, Америкийн бейсболын тэргүүн лигийн /MLB/ гурван удаагийн хамгийн үнэ цэнтэй тоглогч Аарон Жаж нар оролцох ажээ.

Ёслолыг “Манчестер Юнайтед” клуб, Английн шигшээ багийн тоглогч асан Рио Фердинанд, сэтгүүлч Саманта Жонсон хөтлөн явуулна. “Хөл бөмбөгийн спорт бол бүх дэлхийн хүмүүсийг нэгтгэх онцгой увдистай бөгөөд хамгийн өргөн хүрээтэй ДАШТ-ийг зохион байгуулах тэр мөчийг тэсэн ядан хүлээж байна.
Оролцогч багуудын хувь заяаг шийдэх, дэлхий дахиныг догдлуулах сугалааны ажиллагаанд оролцох болсондоо би туйлын их баяртай байна. Энэ бол миний хувьд хэзээ ч мартагдашгүй мөч юм” гэж Гретцки ярилаа.
Өдгөө 64 настай У.Гретцки Стэнлийн цомыг дөрвөн удаа хүртсэн домогт хоккейчин бөгөөд Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн тэмцээнүүд нийт 894 гоол оруулан дээд амжилт тогтоож байв. Түүний энэ амжилтыг “Вашингтон Кэпиталз” багт тоглож буй Оросын хоккейчин А.Овечкин өнгөрсөн улиралд эвдсэн ба одоо тэрбээр 911 шайб оруулаад байна. АНУ, Канад, Мексикт 2026 оны зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 19 хүртэл зохион байгуулагдах хөл бөмбөгийн ДАШТ-д анх удаагаа 48 баг оролцох бөгөөд тэмцээний сугалаа маргааш явагдана.
Б.Адъяахүү
Пүрэв - 12 сарын 04,
2025

Сэтгэгдэл0