“Африк тивд анх зохион байгуулагдав”, “Дэлхийн өмнөд бүсийн сэдэвт анхаарлаа хандуулж байна”, “Сорилтуудыг шийдвэрлэхийн тулд эв нэгтэй байхыг уриалав”... Орон нутгийн цагаар 11-р сарын 23-нд Өмнөд Африкийн Йоханнесбург хотод G20-ын удирдагчдын 20 дахь дээд хэмжээний уулзалт өндөрлөлөө. Уулзалтын үеэр Хятад улсын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян хэлсэн үгэндээ, дэлхийн эдийн засгийн сэргэлтийн удаашрал, санал зөрөлдөөн болон засаглалын хүндрэлтэй байдлыг зохицуулахад эв нэгтэй хамтын ажиллагаа хэрэгтэй байгааг онцлон тэмдэглэв. Дээд хэмжээний уулзалтын нээлтийн өдөр хамтарсан тунхаглал нийтэлсэн нь G20-ын дээд хэмжээний уулзалтын түүхэн дэх анхны тохиолдол болж, энэ нь талууд эв нэгтэй хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, нийтлэг сорилтыг зохицуулахын шийдвэр зоригийг харууллаа.
G20-ын механизмыг 1999 оны Азийн санхүүгийн хямрал үүссэн үед байгуулсан. 20 гаруй жилийн хөгжлийн үр дүнд, G20 нь дэлхийн эдийн засгийн засаглалын чухал индэр болсон. Өдгөө дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурд хангалтгүй, ганц талт үзэл, ивээх үзэл газар авч, эдийн засаг худалдааны төрөл бүрийн хязгаарлалт, сөргөлдөөн нэмэгдэж байна. Энэ оны 9-р сард Хятад улсын дарга Ши Жиньпин Дэлхийн засаглалын санаачилгыг дурдаж, дэлхийн засаглалын алдагдлыг шийдвэрлэхэд Хятад улсын арга төслийг дэвшүүлсэн юм. G20 нь олон талт үзлийг манлайлан хэрэгжүүлж, дэлхийн засаглалыг өөрчлөн сайжруулж, улс орнуудын хамтын хөгжлийг ахиулна гэдэгт хүмүүс найдаж байна. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт Африк тивд зохион байгуулагдсан нь дэлхийн өмнөд бүсийнхэн дэлхийн засаглалын тогтолцооны шинэчлэлийг урагш ахиулах хамтын хүсэл эрмэлзлийг илэрхийлээд зогсохгүй G20 болон дэлхийн засаглалын хөгжилд тодорхой “Африк тивийн ул мөр” үлдээж байна.
Эв нэгдэл, хамтын ажиллагаа нь хүн төрөлхтний хөгжлийн гол түлхүүр, G20-ын анхны хүсэл зорилт байсаар ирсэн. 2022 оны G20-ын Балигийн дээд хэмжээний уулзалтын үеэр Ши Жиньпин дарга эв нэгдэл бол хүч, хагаралд хаашаа ч гарц байхгүй гэдгийг онцолсон. 2024 оны G20-ын Рио Де Жанейрогийн дээд хэмжээний уулзалтад Ши Жиньпин дарга бүх улс орны хамтын хөгжлийг ахиулах томоохон санал дэвшүүлж, дэлхийн засаглалыг сайжруулах "замын зураглал"-ыг бий болгосон билээ. Өдгөө G20 нь Африк тивд зохион байгуулагдаж, дэлхийн өмнөд бүсийнхэн дэлхийн засаглалд илүү их оролцож байгаа энэ үед, хэрхэн G20-ийн хөгжлийн шинэ төлөв байдлыг бий болгож, дэлхийн эдийн засгийн өсөлтийг хамтдаа дэмжих вэ?
Талууд эв нэгтэй хамтран ажиллах зөв замд эргэн ирэхийг ахиулж, ашиг сонирхлын хамгийн том нийтлэг зүйлийг идэвхтэй эрэлхийлж, хүчээ нэгтгэж, хамтын ажиллагаагаар бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэж, мөн дэлхийн улс орнуудын ард түмний аз жаргалыг нэмэгдүүлэхийн төлөө хичээн зүтгэх... Энэ удаагийн G20-ын дээд хэмжээний уулзалтад Хятад улс хэд хэдэн прагматик арга хэмжээг дэвшүүлэв. Хятадын орчин үеийн олон улсын харилцааны судалгааны хүрээлэнгийн БРИКС ба G20 төвийн захирал Шюй Фэйбяо “Олон улсын тойм”-д өгсөн ярилцлагадаа, Хятад улс жинхэнэ олон талт үзлийг баримталж, эрчим хүч, үр тариа, хиймэл оюун ухаан зэрэг олон улсын хамтын нийгэмлэг, ялангуяа дэлхийн өмнөд бүсийн анхаарлыг татсан асуудлаар багц амлалтууд хийж, эмх замбараагүй дэлхийд нандин тодорхой байдлыг нэмэрлэсэн. Энэ нь Хятад улс дэлхийн эдийн засгийн засаглалыг бодитой үйл ажиллагаагаар удирдан чиглүүлж байгааг бүрэн харуулж байна гэв.
G20-ын гол гишүүн, хөгжиж буй хамгийн том орны хувьд Хятад улс Африкийн дуу хоолойг сонсож, Африк тивийн анхаарал хандуулж буй зүйлийг чухалчлан үзэж, Африкийн үйл ажиллагааг дэмжихийг санаачилсаар ирсэн. 2016 оны Ханжөүгийн дээд хэмжээний уулзалтаас дэвшүүлсэн "Африк болон буурай хөгжилтэй орнуудын аж үйлдвэржилтийг дэмжих G20-ын санаачилга"-ын дараа Хятад улс энэ онд тус санаачилгыг хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, ололт амжилтыг дүгнэж, Африкийн үйлдвэржилтийг цаашид дэмжих "Хятадын үйл ажиллагаа"-г эмхлэн бүрдүүлэв. Хөгжиж буй орнуудын өрийг багасган чөлөөлөхийг дэмжих, "Африкийн шинэчлэлийг дэмжих хамтын ажиллагааны санаачилга"-ыг Өмнөд Африктай хамтран дэвшүүлж, Дэлхийн хөгжлийн институтийг байгуулахаар болсон зэрэг арга хэмжээнүүд нь Африкийн орнуудын бие даасан хөгжлийн чадавхийг үр дүнтэй нэмэгдүүлж, бүх улс орнуудын хамтын хөгжилд шинэ эрч хүч оруулах болно.
Жинхэнэ хөгжилд хүрэхийн тулд эхлээд бодит асуудлыг шийдэх ёстой. Одоогийн байдлаар дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүч, үр тарианы хүрэлцээт байдал зэрэг олон сорилттой тулгарч байна. Хятад улс эдгээр сорилтыг шийдвэрлэх гурван санал дэвшүүлсэн. Тухайлбал, экологи хүрээлэн буй орчныг хамгаалах хамтын ажиллагааг нэмэгдүүлж, хөгжлийн уян хатан байдлыг дээшлүүлэх, ногоон эрчим хүчний хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, шударга шилжилтийг ахиулах, үр тарианы хүрэлцээт байдлын хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, тогтвортой нийлүүлэлтийг баталгаажуулах эдгээр болно. Эдгээр нь дэлхийн өмнөд бүс, ялангуяа бага дунд орлоготой орнуудын өмнө тулгарсан тулгамдсан асуудлууд байгааг харж болох юм. "Хариуцлагаа харуулж, шуурхай арга хэмжээ авах", "холбогдох технологи, бүтээгдэхүүний чөлөөт урсгал болон хэрэглээг дэмжих", "өлсгөлөн, ядууралтай тэмцэхэд шинэ хувь нэмэр оруулах" зэрэг хэллэгүүд нь Хятад улсын өөрийн хөгжлөөр дамжуулан дэлхийн хөгжлийг ахиулах үүрэг эрхэм зорилгыг илэрхийлж байна.
Хамтын хөгжилд хүрэхийн тулд засаглалын хүндрэлийг даван туулах ёстой. Одоогийн байдлаар дэлхийн эдийн засгийн засаглалын системийн өөрчлөлт шинэчлэл нэлээд хоцорч, дэлхийн өмнөд бүсийн төлөөлөх болон үг хэлэх эрх бүрэн тусгагдаагүй байна. Нөгөөтэйгүүр, технологийн шинэ хувьсгал, аж үйлдвэрийн өөрчлөлтийн хурдац нэмэгдэж байгаа нь урьд өмнө байгаагүй хөгжлийн боломжуудыг авчирдаг ч шинэ тэгш бус байдал, хөгжлийн зөрүүг үүсгэж болзошгүй юм.
Энэ удаад Хятадын тал онцлохдоо, G20 нь олон талт үзлийг дэмжин манлайлж, Дэлхийн банк, Олон улсын валютын сан, ДХБ зэрэг байгууллагуудын шинэчлэлийг түргэтгэх ёстой гэв. Энэ нь хөгжиж буй орнуудын дуу хоолойг нэмэгдүүлж, олон улсын эдийн засаг худалдааны илүү тэгш, нээлттэй дэг журмыг бий болгоход тустай байх болно. Хятад улс мөн хиймэл оюун ухааны түгээмэл ашиглалт болон үр дүнтэй засаглалыг ахиулах, гол ашигт малтмалын харилцан ашигтай хамтын ажиллагаа болон энхийн зорилгоор ашиглахыг дэмжих, дэлхийн өмнөд бүсийн хөгжлийг чадавхжуулж, иргэдийн амьжиргааг дэмжих ажлыг эрчимжүүлэхийг санал болгов. Эдгээр арга хэмжээ нь холбогдох салбар дахь засаглалын дүрэм журмыг сайжруулж, хөгжиж буй орнуудын эрх ашгийг илүү сайн хамгаалж, даяаршлын үр шимийг хүн бүрт илүү тэгш хүртээх болно.
Хятад маягийн шинэчлэл гүнзгийрэн ахиж, дэлхийн засаглалын санаачилга үр дүнтэй хэрэгжихийн хэрээр Хятад улс дэлхийн өмнөд бүсийн бусад орнуудтай хамт G20-ын хөгжил, дэлхийн эдийн засгийн засаглалд "Өмнөдийн хүч"-ийг улам ихээр нэмэрлэх болно.
Г.Бямба
Баасан - 11 сарын 28,
2025

Сэтгэгдэл0