ЭР-РИЯД, 2025 оны арваннэгдүгээр сарын 27 /Bloomberg/. Саудын Арабад ирэх оны нэгдүгээр сараас эхлэн гадаадын иргэдэд зориулан үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг нээхээр болжээ. Тодруулбал, тус улсын тодорхой бүсэд гадаадын иргэд орон сууц болон худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө худалдан авах боломжийг олгох хуулийн нэмэлт өөрчлөлтүүд хэрэгжиж эхлэх ажээ.
Саудын Арабад гадаадын хөрөнгө оруулалтыг татах, “Vision 2030” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд үл хөдлөх хөрөнгө эзэмших тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг энэ оны долоодугаар сард хэлэлцжээ.
Хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар гадаадын иргэд орон сууц, худалдаа үйлчилгээ, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн барилга барих зориулалттай газрыг худалдан авах боломжтой болох юм. Эдгээр өөрчлөлт 2026 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ.
Саудын Арабын засгийн газар одоо гадаадын иргэдэд үл хөдлөх хөрөнгө худалдан авахыг зөвшөөрөх тусгай бүсүүдийн газрын зургийг гаргаж байгаа ажээ. Гэхдээ ийм бүсүүд нь Эр-Рияд, Жидда, Мекка, Медина хотуудад байна гэдгийг өмнө нь мэдэгдээд байсан юм. Ариун Мекка, Медина хотод зөвхөн гадаадын муслим шашинт иргэд үл хөдлөх хөрөнгө худалдан авч болох ба хөрөнгийн эзэмшлийн хувийг 70-90 хувиар хязгаарлах ажээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 11 сарын 27,
2025

Сэтгэгдэл0