БИСАУ, 2025 оны арваннэгдүгээр сарын 27 /DW/. Баруун Африкийн Гвиней-Бисау улсын Ерөнхийлөгч Умару Сисоку Эмболог цэргийн эргэлтээр түлхэн унагажээ. Тус улсын улс төрийн бүх байгууллагыг, мөн далай, агаар, газрын хилийг түр хугацаагаар хаасан тухай цэргийнхэн лхагва гарагт төрийн мэдлийн TGB телевизийн фэйсбүүк хуудсаар мэдэгдсэн байна.
Цэргийнхний мэдэгдсэнээр, энэ сард болсон сонгуулийн дүнд нөлөөлөх, улс орныг тогтворгүй болгох төлөвлөгөөг Зэвсэгт хүчний дээд командлал илрүүлсний дараа цэргийн эргэлт хийхээс өөр аргагүй болсон байна. Уг төлөвлөгөөнд улстөрчид болон мансууруулах бодисын зартай наймаачин оролцсон гэдгийг онцлон дурджээ.
Нийслэл Бисау хот дахь ерөнхийлөгчийн ордон болон Сонгуулийн төв хорооны байрны ойролцоо орон нутгийн цагаар 13 цагийн орчимд буун дуу сонсогджээ. Үүний зэрэгцээ Jeune Afrique сэтгүүлд Умару Сисоку Эмбалогийн мэдэгдлээс эш татан мэдээлснээр, өөрийг нь, мөн Дотоод хэргийн сайд болон Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг ерөнхийлөгчийн ордонд саатуулсан байна.
Дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг болох Гвиней-Бисауд 11 дүгээр сарын 23-нд ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль болжээ. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн Умару Сисоку Эмбало болон түүний гол өрсөлдөгч Фернанду Диаш де Кошта нар өөрсдийгөө ялсан хэмээн зарласан байна. Санал хураалт тайван болсон бөгөөд сонгуулийн дүнг 11 дүгээр сарын 27-нд зарлах ёстой байжээ.
2020 оноос хойш Гвиней-Бисауг удирдаж байсан генерал асан Умару Сисоку Эмбалогийн бүрэн эрхийн хугацаа хэдэн сарын өмнө дууссан байжээ. 2023 оны эцсээр Эмбало парламентыг тараасан байна. Түүнийг шүүмжлэгчид сөрөг хүчнийхнийг, мөн сэтгүүлчид болон хүний эрхийн хамгаалагчдыг мөрдөж хавчиж байсан гэж буруутгаж байна.
Сөрөг хүчний гол намыг сонгуульд оролцуулаагүй байна. Иймээс тус нам бие даан нэр дэвшсэн Диашийг дэмжжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 11 сарын 27,
2025

Сэтгэгдэл0