sonin.mn

ХОНКОНГ, 2025 оны арваннэгдүгээр сарын 27 /BBC/. Хонконгийн Тай По дүүрэгт орон сууцны хороололд гарсан томоохон түймрийн улмаас 44 хүн амиа алдаж, 279 хүн сураггүй болоод байна. 

Гал түймрийг унтраахаар 800 гаруй гал сөнөөгч ажиллаж байгаа бөгөөд найман барилгын дөрөвт нь гарсан галыг хяналтдаа авчээ.




Гал түймэр хурдан тархахад хүргэсэн байж болзошгүй хулс, полистирол хөөсөнцөр зэрэг шатамхай материал тавьсан байсантай холбоотойгоор хүний амь насыг санаатай бусаар хохироосон хэргээр барилгын компанийн гурван гүйцэтгэх захирлыг баривчилсан байна. 



Гал түймэртэй тэмцэх алба түймрийг тавдугаар түвшний буюу хамгийн ноцтой ангилалд оруулжээ. Хонконгт хамгийн сүүлд тавдугаар түвшний түймэр гарснаас хойш 17 жилийн хугацаа өнгөрөөд байгаа юм.


Хонконгийн хэвлэлүүдэд мэдээлснээр, шөнийн цагаар явуулсан яаралтай ажиллагааны үеэр нярай хүүхэд, өндөр настай эмэгтэйг аварчээ.

Засгийн газар гал түймэртэй тэмцэж байхдаа амь эрсэдсэн 37 настай гал сөнөөгчид хүндэтгэл үзүүлж, түүнийг “эрэлхэг зоригтой” байсныг сайшаасан байна.

Гал гарсан барилга дотор байгаа хамаатан садантайгаа холбоо тасарсан оршин суугчид эрх баригчдаас тусламж хүсэж байна гэж холбогдох албаны төлөөлөгч BBC телевизэд мэдээлжээ.



Э.Хулан


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг