Хүүхэд бүр дахин давтагдашгүй ертөнцийн эзэд. Тэдний сэтгэлд гайхалтай их төсөөлөл, хүсэл мөрөөдөл, авьяас билиг, энэрэл хайр, гэгээн бүхэн оршиж байдаг. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хүүхдийн ертөнц” буландаа “LoveArt" арт урлал клубийн дүрслэх урлагийн багш, квиллинг арт урлаач Н.Номин болон авьяаслаг сурагчдыг онцолж байна. Н.Номин багшийн хувьд зургаа дахь жилдээ цаасан урлалаар хичээл зааж буй туршлагатай нэгэн юм.
-Танай дугуйлан хүүхдүүдийн зураг зурах ур чадварыг хөгжүүлэхийн тулд ямар арга барилаар хичээлээ заадаг вэ?
-"LoveArt" арт урлалын клуб нь 2022 оноос эхлэн хүүхдийн уран зургийн бямба, ням гаригийн ангиа тогтмол хичээллүүлж байна. 5-14 насны ангилалтай. Таван насыг бага гэлтгүй хамруулж байгаа нь хүүхдийн гарын эв дүй, жижиг булчинг хөгжүүлэх зорилготой. Мөн хүүхдүүд бүтээлээ цагаан цааснаас эхлээд бүрэн дууссаны дараа сэтгэл ханамж авах, өөртөө итгэх итгэлийг нь бадраах зэрэг сэтгэлийн баяслыг сургуульд орохоос нь өмнө мэдрүүлэх ач холбогдолтой юм.
Насны зөрүү хамаарахгүй хамтдаа дугуй ширээгээ тойроод суудаг нь нийтэч хамтач сэтгэхүй болон бие биедээ туслах, ялгаатай зурж бүтээж болохоо ойлгож зөвшөөрөх, санал сэтгэгдлээ солилцох боломж олгож байгаа хэлбэр юм.
Хүүхдүүддээ зориулж хааяа өөрсдийнх нь дуртай контент, тоглоом, анимэшн дүр дээр тулгуурлан түүний дүрс сүүдэр, байгуулалт, уран сэтгэмжийг зуруулдаг. Үзэж, сонсохоос илүүтэй гараараа бүтээсэн үйлдэл илүү сайн тархинд хадгалагдаж үлддэг. Хичээлийнхээ сэдвийг түлхүү амьдралд ойр гэгээлэг байлгахыг хичээдэг.
-Урлаг тэр тусмаа дүрслэх урлагтай хүүхдийг багаас ойр байлгаснаар ямар ач холбогдолтой вэ?
-Ямар нэг зүйлийг гоо зүйтэй, урлагтай дүрслэн илэрхийлэхэд хүүхдээс тодорхой хүчин чармайлт шаарддаг. Бүтээлийн бүх процессыг толгойдоо эхлээд боловсруулж төлөвлөнө. Жижиг гэлтгүй нэг сэдэв, хичээл хүүхдийн хувьд бие даасан төсөл гэсэн үг. Хамгийн чухал нь хүүхэд өөрөө өөрийгөө бодитой дүгнэж алдаа гарах үед засаж сайжруулсаар ахиц дэвшлээ үнэлэх боломж гардаг.
-Хүүхдийн зурсан зурагнаас нь тухайн үеийн сэтгэл зүй, мэдрэмж нь харагддаг гэдэг?
-Тухайн үеийн сэтгэл санаа нь хүүхдийн зурсан зургаас нь мэдрэгдэх тохиолдол бий.
Дуу муутайхан орж ирээд хичээл дуусахад "Дараа амралтаар уулзъя багш аа" гээд цовоо дуугарахад маш сайхан мэдрэмж авдаг.
-Хүүхдүүд ихэвчлэн ямар сэдвийн хүрээнд зураг зурах дуртай байдаг вэ?
-5-7 насныхан түлхүү бүх өнгийг ашиглаж зурах дуртай байдаг.Сэдвийн хувьд өхөөрдөм болон трэнд болж буй зүйлс дээр төвлөрч буй нь ажиглагддаг.
Харин 8-11 насныхан өнгө дагнаж, уусгах дуртай. Мэргэжлийн будаг бийрээр түлхүү зурах, сэдэв дээр өөрийн төсөөллөөр баяжуулах хандлагатай, сонирхлоо эрэн хайж буй мэт байдал анзаарагддаг.
Харин 12-14 насныхан ихэвчлэн хар зурагт дуртай байдаг. Нүд, нүүрний хувирал дээр маш нямбай ажилладаг.
-Бяцхан зураач шавь нартаа хандаж юу гэж хэлмээр байна?
-Чиний зурсан зураг цор ганц шүү. Алдаа гаргасан ч зүгээр ээ. Ахин дахин оролдлого хийж засаж сайжруулаарай. Оролдлого сайт оройд нь шүү. Төсөөллөө чөлөөл, бийрээ зоригтой хөдөлгө гэж захъя.
П.АМГАЛАН
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Пүрэв - 11 сарын 27,
2025

Сэтгэгдэл0