sonin.mn

КУАЛА-ЛУМПУР, 2025 оны арваннэгдүгээр сарын 25 /АР/. Малайзад 2026 оноос эхлэн 16-гаас доош насны хүүхдүүдийг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглохоор төлөвлөж байна. Ингэснээр хүүхдүүдийн цахим хэрэглээний насны хязгаарыг чангатгаж буй Австрали зэрэг орнуудын эгнээнд нэгдэж байна. 

Харилцаа холбооны сайд Фахми Фадзилын мэдэгдсэнээр, Засгийн газар энэхүү шийдвэрийг залуу үеийнхнийг цахим орчин дахь дээрэлхэл, луйвар, бэлгийн мөлжлөг зэрэг аюулаас хамгаалах өргөн хүрээтэй хүчин чармайлтын нэг хэсэг болгон баталжээ. Түүнчлэн Австрали болон бусад орнуудын авч хэрэгжүүлж буй арга барил, хэрэглэгчдийн насыг баталгаажуулахын тулд үнэмлэх, паспортыг ашиглах боломжийг судалж байгааг хэлсэн байна. Тэрбээр уг хоригийг яг хэзээнээс хэрэгжүүлэхийг тодорхой хэлсэнгүй.




“Хэрэв Засгийн газар, зохицуулах байгууллагууд, эцэг эхчүүд бүгд өөрсдийн үүргийг гүйцэтгэвэл Малайз дахь интернэт нь зөвхөн хурдан, өргөн хүрээг хамарсан, хямд байгаад зогсохгүй хамгийн чухал нь, хүүхэд, гэр бүлүүдийн хувьд аюулгүй болно гэдэгт би итгэж байна” хэмээн тэрбээр хэлжээ.




Дижитал платформуудад тавих төрийн хяналтыг илүү өргөн хүрээнд чангатгах ажлын хүрээнд Малайзад хамгийн цөөндөө 8 сая хэрэглэгчтэй томоохон нийгмийн сүлжээ, мессежийн платформууд нэгдүгээр сараас эхлэн лиценз авах шаардлагатай болсон байна. Ийм лицензтэй платформууд нь хэрэглэгчдийн насыг баталгаажуулах, контентын аюулгүй байдлыг хангах арга хэмжээ, ил тод байдлын дүрмийг хэрэгжүүлэх ёстой. Энэ нь засгийн газар илүү аюулгүй дижитал орон зайг бий болгохыг эрмэлзэж байгааг харуулж байна.




Хүүхдүүдийг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох тухай дэлхийд анхны хуулийг Австралийн парламент баталсан билээ. Ирэх 12 дугаар сарын 10-наас эхлэн хэрэгжих уг хориг нь 16-гаас доош насныханд хамаарах юм. Facebook, Instagram, Snapchat, Threads, TikTok, X, YouTube, Reddit, Kick зэрэг платформууд 16-гаас доош насны хүүхдүүдийг хаяг нээхээс урьдчилан сэргийлж чадаагүй тохиолдолд 50 сая хүртэлх австрали долларын /33 сая ам.доллар/ торгууль ногдуулах аж.


Э.Хулан


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг