sonin.mn

1997 оны зун Монгол орноо нар зөв тойрох аялалд гаднын нөхрийн хамт дөрвүүлээ гарлаа. Хотоос гарч зүүн аймгуудыг зорьдог гол гарц Баяндавааг даван давхисаар Төв аймгийн Эрдэнэ сумын нэг малчин айлд очиж малчны хотонд хонолоо.


Монголоо тойрох их аян маань аятайхан эхэлж байгаад бүгд урамтай, сэтгэл хангалуун. Хамт яваа гаднын нөхөр маань айлын эзэнд нэг шил өнгөтэй сархад барьж, өнөөх нь ч дор нь задалж донжтой нь аргагүй сөгнөн бага гарын мөнгөн аяганд хийж, эхлээд идээний эзэнд барив. Мань нөхөр их л харж ажиглаж монгол ёс заншлыг лавлан давтан асууна. Цаашид хэрэг болно гэж байгаа нь тэр. 


Өвгөн ч яриатай хөөрөөтэй нэгэн, сархдад халаад бүр ч дуу шуу ороод явчихав. Олон жил өнгөрсөн болохоор өвгөний нэр алдрыг мартжээ. Тавиад оны үед Хятад руу бэлгийн адуу хүргэж явснаа ярив. Удалгүй цаашлаад дөчин таван онд Жанчхүү, Жэхэ-г чөлөөлөлцөж явсан болов. Ер нь л их урагшлуулах шинжтэй. Үдэш орой болж, амарцгаахаар гадаалах үед өвгөн дагаж гарч ам хуурайгүй хуучилсаар байж билээ. Зуны шөнийн задгай тэнгэрт одод нэлмийн түгээд, эгээ л цацсан будаа мэт гэрэлтэн анивчих нь гайхамшигтай. Багадаа зуслан дээр найзуудтайгаа хамт шөнийн тэнгэр ширтэн од тоолж элдвийг хүүрнэлдэн суудаг байсан минь санагдана.


Бас оюутан болсон хойноо хөдөө оюутны майхны аман дээр задгай түүдэг асаан тойрч суугаад хүсэл мөрөөдлөө шивнэн дуулалдаж, тэнгэрийн хаяа руу сүүлт од харвахад бүгдээрээ: “Тэр миний од биш, тэнгэрийн од, түй түй түй!” гэлцэн араас нь нулимах аядаж, түүндээ бүгд хөөрөн баясалддаг байсан минь санагдана. Аяа, оюутан нас, орь залуу насны охь манлай, бодол дурдатгалын дээжис бялхсан гэгээн сайхан он жилүүд байж дээ. 


Гаднын мань хүн дээш хараад дуу алдана. Өвгөн бүр омогшиж Тэнгэрийн заадас, Сүүн зам, Үдшийн гялаан, Үүрийн цолмон, Алтан гадас, Долоон Бурхан буюу Шанага долоон одыг заан, өөрийн юм шиг өмчлөх нь холгүй, хэдэн адуу мал шигээ зүслэн заан өгүүлнэ. Холхи тэнгэрийн одод хуруу хүрмээр тийм ойрхон, шинэ жилийн гацуур модны гоёл чимэглэл шиг гэрэлтэн гялалзаж байгаа юм чинь. Хөдөө гадаа явахгүй хэдэн жил болчихлоор энэ эгэл агаад эгэлгүй гайхамшгийг мартчих юм даа хэмээн, 1982 онд Монгол-Хятадын хилийг шалгах ажилд явснаас хойш 1997 он хүртэл ер нь хөдөөлөөгүй юм биш үү? гэж бодохоос хамаг сайхан залуу нас өнгөрчихсөн юм шиг болж халаглах сэтгэл төрнө. 


Гаднын нөхөр маань гэрэл зургийн мундаг том аппараттай, иж бүрэн хэрэгсэлтэй. Бушуухан гэрт ороод гарч ирж аппаратны хөл хэмээн гурван хөлтэй юм газарт дэлгэж аваад дээр нь аппаратаа зоон бэхлэв. Тэгээд аяга шиг том дуран авай гарган ирж залгаад сунгаж асаан дээш доош, тэнгэр газар ээлжлэн харж мэргэжлийн зурагчин шиг л аашилна. Тэгсээр сая нэг болов бололтой, биднийг “Хар даа!” гэхэд нь тонгойн харвал аппаратны дэлгэц дээр нь одот тэнгэр тэр чигээрээ буугаад иржээ. Гайхамшигтай гэхээс өөр юу гэхэв. Ингээд үүр цайтал орхичихно гэнэ. Тэгэхлээр тэнгэр эрхсийн бүхий л хөдөлгөөнийг тэр чигт нь бичиж авчих юм байх. Өнөөх олон од мичдийн эргэж эргэлдэж байгаа нь юутай хүүтэйгээ, сүүлт од сүнгэнэх, од харвах нь хүртэл бичигдэнэ гэнэ. Өвгөнд орчуулж хэлбэл, хамаг мал сүргийг нь туугаад явчих гэж байгаа юм шиг харамлах аядаж байна аа. Халамцсандаа тэр л дээ. Өвгөнд дахин хундага тойруулж аргадах аядахад харин маадайх янзтай уруул шилэмдэн гүдхийлгэв.


Задгай хотолсон хонин сүрэг тарайн налайгаад, шилэн хүрэн нүднүүд нь гэрэлд гялалзан очтож, хажууд нь үхэр сүрэг аанай л амгалан налгар хивэн амьсгалах нь анирдаж, тээр цаана уяан дээр сойсон хурдан хүлгүүд наадам зүүдлэн үүрсэнэ. “Монголын цэнгэл нь наадам буюу” хэмээн мянган жилийн өмнөх нангиадын түүхэнд тэмдэглэн үлдээсэн нь чухам үнэн ажгуу...


Маргааш нь бид Хэнтий аймгийн төвд хүрч очив. Өндөрхаан хот бол эртний түүхт Санбэйсийн хүрээ билээ. Их зохиолч Д.Нацагдорж “Хөдөө талын баясгалан” алдарт өгүүллэгтээ “Санбэйсийн морины сайхан нь миний дурыг хөвхөлзүүлэн хөдөлгөнө. Морьтойсон болоод завтайсан бол доо...” гэж шүлэг шиг яруу үгсээр бахдан зурагласан байдагсан. Харин энэ удаа Өндөрхаанд үзэх харах юм байсангүй ээ. Аймгийн музей нь цоожтой. Ардчилал, зах зээлд ороод хэдэн жил болж байгаа ч, амьдрал яг л хуучнаараа. Нэмэгдсэн чимэгдсэн юмгүй, эрээн саарал, эль хуль.  Харин мотоциклтой цагдаа нар давхин ирж юун хүмүүс, хаанаас хаашаа, ямар хэргээр явж байгааг асууж шалгаан, бичиг баримт үзэж баахан тойрсноо “Дараа заавал Зам явахтай явж байгаарай!” гээд явууллаа. Зам явах зөвшөөрлийн бичиг гэж байгаа юм. Социализмаас салаад удаагүй байсан цаг болохоор тийм л журамтайг мэдэх тул номхон чимээгүй байсаар өнгөрөөв.


Тэртээ 1972 оны зун Сэлэнгэд нагац ахындаа очсоны маргааш нь ах маань ажлаасаа ирэхдээ чамайг сэргийлэхэд бүртгүүлчихлээ гэж байсан нь санаанд орно. 6 дугаар ангийн жаахан хүүхэд яана гэхэв дээ, уг нь. Одоо бол хэн хаана, юугаа хийж явааг хайхрах цагдаа байтугай, нохой байгаа бол уу. Тэр үед цагдаа гэхгүй, сэргийлэх гэдэг байсан юм.


Ухаан нь милиция, полиция гэдэг шиг л нэг юмны хоёр өөр нэр юм даа. Үг хүртэл настайг энэ үгс илтгэнэ. Цагдаа гэдэг үг бүр Хубилай хааны үеэс буюу тэртээ 13 дугаар зуунтай нас чацуу гэдэг. Саяхныг хүртэл энэ үг хэдэн зуунд хэрэглэгдэж байгаад социализмын үед сэргийлэх гэдэг үгээр солигджээ. Тэгснээ ардчилалтай зэрэгцэн дахин уугуул нэрээ сэргээсэн хэрэг. “Үгийн өвгөн утгын таяг тулмой” гэдэг дээ. Ингээд ихийг хүүрнэж болно. Гэвч азная.  Хэнтийн цагдаа нараас бушуухан хэл амгүй холдохын түүс болов. Чингээд явсаар Бурхан халдун уулсын барааг харж, наана агч Босго тэнгэрийн даваан дээр гарч Монголын түүхийн их хайрханд сүслэн мөргөлөө. Монголын түүхийн их хайрхан уул аргагүй л сайхан сүндэрлэн налайх нь нүд баясган сэтгэл сэргээх авай. Монгол хүн болж төрсөн хэн хүн энэ их хайрхныг хараад хийморь лундаа сэргэж, зам мөр тэгшрэн заяа тавилан бадардаг буй заа. Бид чухам тэгж л бодож, тэгж л итгэж сүслэн залбирав.


Эрээнцавын эвдрээгүй найрагч Д.Нямсүрэнгийн “Цаглашгүй” хэмээх сайхан шүлэгт ийм нэгэн бадаг бий:


Марал мичид гудайх тэнгэрээд бөртэ чоно улих цаглашгүй,

Манхайн цайх үүрийн туяанд Манжуурын толгод ногоорох цаглашгүй.

Гоо марал тэнгисээс ирж Дэлүүн болдогт хужирлах цаглашгүй,

Долоон зуун жил туж солонго татах Бурхан-халдун уул цаглашгүй...


Тийм ээ, Бурхан халдун уул бол Монгол үндэстний түүхийн их хайрхан билээ. Монголчууд байгаль хамгаалах эртний сайхан уламжлалтай ард түмэн. Хамгийн анх 1778 онд Богд уулыг дархлан хамгаалсан зарлиг гаргасан гэж өнөө ч үзсээр ирсэн. Харин түүнээс өмнө Чингис хаан Бурхан халдунг төрийн шүтлэгтэй болгон дархалсан тухай


“Монголын нууц товчоон”-д маш тодорхой өгүүлдэг. Уг бүтээлийн Хоёрдугаар бүлэгт ингэж бий: 


Өндөр дээд      

Бурхан халдун чамайг  

Өглөө бүр мялааж байя,  

Өдөр бүр тахиж байя! 

Үрийн үрд  

Үүрд тахья,    

Үе тутам     

Үргэлж шүтье!


хэмээн бүсээ хүзүүндээ эрих мэт өлгөж, малгайгаа гартаа сэгэлдэргэлж, гараар өвчүүгээ дарж, наран өөд хандан Бурхан халдунд есөнтөө сөгдөж өчил өчин сацал сацав...

Энэ бол 1179 оны үйл явдал болой. Тэгэхлээр байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, дархлан зарлигласан монголчуудын зан үйл бараг мянган жилээр хэмжигдэх эртнийх авай. Өвөг дээдэс Бурхан халдун хэмээх Их Хэнтийн уулсад төрж мэндэлж, хүчирхэн мандаж, хүмүний зузаан түүхнээ арилшгүй гэрэлт их хуудсыг бүтээсэн билээ. Энэ тухай ямарч их чалчдаг юм? гэж зарим хүн залхдаг болсон байна лээ. Цаг явж, үе солигдсоны л шинж. Өмнөх үеэ үгүй болж дуусахыг нь тэчьяадан хүсч, өөрсдөө тэнгэрийн бошго атгахыг тэвчиж чадахгүй зүтгэлэх болжээ.


Гэхдээ цаг өөр болж үе солигдсон ч, монгол хүн монголоороо л байх учиртай даа. Өнөөдөр бид эх түүхээ улам их ярьж бичиж байж дэлхийд хүргэнэ, хүн төрөлхтөнд ойлгуулна аа. Тэгэхгүй бол, тэгэхгүй бол, тэгэхгүй бол... 


Өмнөд хөршийн Өвөр Монголын Ордос нутагт Чингисийн онгон хэмээх цогцолбор байгуулаад сая сая жуулчин хүлээн авч мөнгийг ёстой хүүдийлж байгаа билээ. Хамгийн гол нь бидний өвөг дээдсийн алдар сууг хүний хүн тэгж мөнгөний эх булаг, эх уурхай болгож чадаж байгаад атаархнам, бас бид яагаад тэгж чадахгүй гэж, хэн хорьсон юм, хийцгээе гэж бодогдоном. Ордост жил бүр 10 сая жуулчин очдог юм гэсэн. Бидний өвөг их хаанд мөргөх гэж л тэр шүү дээ. 


Хүмүүс ялгаж ойлгодоггүй. Онгон гэдэг бол тухайн хүний амьддаа эдэлж хэрэглэж асан эд зүйл, хувцас гоёлыг онгон тахиж шүтэж байдаг газрыг хэлнэ, харин бунхан гэдэг нь тэр хүний яс шарилыг булж бунхалсан газрыг хэлдэг авай. Ордост их хааны өмсч явсан цамц, өрөөсөн оймс, сүүлчийн амьсгааг нь хураасан тэмээний унгас ноосыг онголсон гэдэг. Харин Бурхан халдунд их хааны алтан яс, ариун шарил оршсон буй... 


2010-аад оны үед миний бие Хөххотод суугаа Монголын Консулын газарт ажиллаж байхдаа тийшээ олон очсон. Монголоос очсон зочид төлөөлөгчдийг аваад л явдаг байлаа. Хүний юмыг өөрийн юм шиг л гайхуулж үзүүлдэг байлаа. Гэхдээ сэтгэл дотроо бол гунигтай байдагсан. Тэр их хүний нэрийг хүний хүмүүс ёстой бүрэн утгаар нь “идэж” байна даа, тэгэхэд бид төрсөн нутагт нь юу хийж байна вэ? гэж халаглан боддог, харамсан ярьдаг байлаа. Чилийсэн арван жилийн хойно өнөөдөр Хэнтийд их хааны нэрээр олон улсын аялал жуулчлалын бүс, цогцолбор байгуулах гэж байна. Оройтсон ч гэсэн оргүйгээс дээр гэдэг. Харин энэ сайхан ажилд саад тотгор бүү тохиолдоосой билээ. Монголын нэрийг дэлхийд гаргах, сая сая жуулчин татах цорын ганц брэнд бол өөр юу ч биш, ганцхан их хааны алдар нэр байж мэднэ. 


Хэнтийд, Бурхан халдунд дээдсийн түүх бичигдсэн бодит үнэн оршиж буй. Их эзэн Чингис хааны төрж мэндэлсэн, өсч дэвжсэн, дэлхийн хагасыг Монгол төрийн дээвэр дор хураан нэгтгэсэн их намтар цадиг бичигдэж тамгалагдсан ариун дагшин газар билээ. Энд бид олон улсын аялал жуулчлалын цогцолбор байгуулж сая сая хүнийг татан дууддаг болмоор.


Тэртээх 1997 онд түүгээр явахад л эль хуль, эзгүй зэлүүд хөдөө нутаг байсан, хожим нь ч очиход өөрчлөгдөж нэмэгдсэн юмгүй л байсан. Өнөөдөр харин төр засаг анхаарч, хөрөнгө мөнгө төсөвлөж, Монголын их түүхийн цогцолбор, аялал жуулчлалын төв бий болгохоор төлөвлөн ажиллаж байгаа нь нэн сайшаалтай, уухайн дэмжмээр санагдана.Хэдэн жилийн өмнө би Хар зүрхний хөх нуурт хэд хоноод “Хар зүрхний хөх нуур-Хамаг Монголын түүхт нуур” гэсэн аян замын тэмдэглэл бичсэн. Тэр түүхт сайхан нутгийг аялал жуулчлалын газар болгож бизнес эрхэлж байгаа нутгийн зон олныг сайшаагууштай ч, гадна дотнынхныг хэдэн гэр, модон байшинд хонуулж, морь унуулж, бууз хуушуур төдийхөн идүүлээд аялал жуулчлалыг хөгжүүлж байна гэвэл ихээхэн учир дутагдалтай, цаг үеэсээ дэндүү хоцорсон, зуны гурван сардаа аргацааж мөнгө хийсэн явцгүй зүйл болох нь харагдаж байсан. Дээр нь зам харилцаа гэж байхгүй, тохь тух гэж ярилтгүй, байгаль дэлхийгээ бохирлож бузарласан хачин дүр төрх сэтгэл эмзэглүүлж байсан. Өнөөдөр ч тэр байдал өөрчлөгдөөгүй биз ээ.  


Тэндээс урагш зүглэн Хэрлэн голыг даган давхилаа. Агуу их Хэрлэн мөрөн аанай л бас Монголын их түүхийн их усан билээ. Энэ их ус мянга, түмэн жил ийнхүү чимээгүй урсахдаа юу эсийг үзсэн гэх вэ. Усанд тань миний Монголын намтар цадиг тэр чигтээ тольдон туссан буй заа. Тэмүүжин хөвгүүн Жамухтай андалж, өнчирч хоцорсон хэдэн дүүтэйгээ таны л уснаас жараахай гөхдөж Өэлүн эхдээ дэм болж явсан бус уу. Дээдсийн хөлгөн түүх “Монголын нууц товчоон”-д энэ тухай:


Шүлсний усаар ундаалж

Шүдний махаар хооллож

Сүүдрээс өөр нөхөргүй...


явсан үед нь эх болсон Хэрлэн мөрөн л хамаг бүгдийг орлож асан буй заа. Хожим хойно гүрний их эзэн болоод Бөртэ хатантайгаа энэ л усанд бялхан умбаж байсан гэдэгт итгэнэм. Тиймээс мөхөс би бээр энэ их усанг Монголын түүхийн их мөрөн хэмээн дээдлэн шүтдэг болой: 


Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би,

Mиний өвөг дээсийн морин туурайд наалдсан

Хүний нутгийн шороог ариун усаараа угаасан

Мөрөн голын усыг эзэгнэхэн төрлөө би... 


хэмээн Дорнын их шүлэгч Явуу үнэхээр онож дуу алдсанчлан Монголын баатар дайчид дэлхийн дайдыг Монгол хэмээх нэгэн төрийн дээвэр дор хураан нэгтгэсэн алсын их аян дайнаас чухам тандаа л эргэн ирж, тэр их тоос шороогоо ариулан урсгаж байсан буй заа. Хэрлэн, Онон, Улз, Сэнгүр горхин буюу Цэнхэрийн гол, Хөдөө арал, Дэлүүн болдог, Хар зүрхний хөх нуур, Баянхаан, Дэлгэрхаан... гээд энэ нутгийн газар ус бүхэн Монголын их түүхийн буурал хуудас билээ. 


Тэртээ 1980 оны зун оюутнууд Дорнодын Сэргэлэн суманд ажиллаад буцахдаа машин эвдэрч Цэнхэрийн голын хөвөөнд хонон өнжин явж хотод орсон юм. Тэгэхэд Сэнгүр горхин буюу Цэнхэрийн гол хөөрхөн устай байсансан. Энэ удаа явахад ч гайгүй байсан, харин сүүлд 2010-аад оны үед дахиад ирэхэд Цэнхэрийн гол ширгээд алга болчихсон, хуурай сайр л үлдсэн байж билээ...


Үүнийг тэрлэгч би бээр өнөөдөр төрийн томилолтоор “Манхайн цайх үүрийн туяанд туж ногоорох Манжуурын толгод”-од сууж анам. Энэ нутаг ч бас Монголын их түүхийн арилшгүй хуудас, мөнөөхөн “Монголын нууц товчоон”ы алтан мөрүүд бичигдсэн ариун өлгий авай. Түүнийг “нээхүйд” 1170 онд Есүхэй баатар Тэмүүжин хүүгээ дагуулан Өэлүн эхийн төрхөмд морилж хүүдээ бэр буулгахаар Хөлөн Далай нуурыг зорих зам зууртаа Буйр нуур, Хөлөн нуурын хооронд урсах Оршуун голд нутагтай Хонгирад аймагт саатаж Дэй сэцэний Охин Бөртийг үзэж сүй тавьсан нь, 1201 онд олон монгол аймгийн тэргүүд нэгдэж Эргүнэ мөрөнд цутгах Гэгээн голын хөвөөнд Жадран аймгийн Жамухыг Гүр хаанд өргөмжлөн азарга гүү алж тангарагласан нь, Дундад Ази, Европыг Монгол төрийн дээвэр дор хураан нэгтгэсэн долоон жилийн их аян дайнаасаа буцаж ирсэн Чингис хаан 1226 онд Хянганы уулсын хормойд агч халуун аршаанд цэрэг, агтаа сувилан амраасан нь, бас өөр олон олон түүхт үйл явдал нүднээ тодрон ирэх шиг болно. Гэвч энэ тухай дараа өгүүлсү.  За, ингээд өндөрлөе. Энэ бол миний дурсамж романы нэг хэсэг юм аа. Бага насныхаа тухай “Сансарын хүүхдүүд”, залуу, идэр насны он жилүүдийнхээ тухай “Гүүр” хэмээх хоёр роман бичсэн. Гэхдээ хэвлүүлээгүй байгаа. Хэрэв уншигч танд сонирхолтой бол өөр олон зүйлийн тухай дараа дахин хүүрнэсү.


Дурсамж хөтөлсөн Я.Ганбаатар.