sonin.mn

БЭЭЖИН, 2025 оны аравдугаар сарын 6 /CNN/. Эверест уулын Төвөдийн талаас гардаг зүүн энгэрийн ойролцоо цасан шуурганы улмаас гацсан олон зуун явган аялагчийг аврагчид аюулгүй газар руу замчилж байна гэж Хятадын төрийн хэвлэлд мэдээлжээ. 


Ням гаргийн байдлаар 350 явган аялагч Кудан хэмээх жижиг тосгонд хүрсэн бол үлдсэн 200 гаруй аялагчтай холбоо тогтоогоод байна гэж Хятадын төв телевиз /CCTV/ мэдээлжээ.


Хятадад үндэсний баяраар найм хоногийн турш амарч байгаатай холбогдуулан Эверестийн зүүн талаас гардаг энгэр рүү хөтөлдөг Карма хөндийд энэ долоо хоногт аялагчид олон зуугаараа ирсэн байна. Ойролцоогоор 4200 м-ийн өндөрт оршдог уг хөндийд цас баасан гаргийн оройноос эхлэн бямба гаргийн турш үргэлжлэн оржээ. Үлдсэн аялагчид орон нутгийн засаг захиргаанаас зохион байгуулсан аврагчдын заавар тусламжийн дор Кудан руу ээлж дараагаар ирнэ гэж CCTV мэдээлсэн байна.


Орон нутгийн олон зуун оршин суугч болон аврах багийнхан тус бүс рүү орох замыг хаасан цасыг цэвэрлэхээр ажиллаж байна гэж төрийн дэмжлэгтэй “Jimu News” цахим хуудсанд өмнө нь мэдээлсэн юм. “Jimu News”-ийн тооцоолсноор, 1000 орчим хүн гацсан байна. 


Харин Төвөдийн талаас гардаг Эверестийн хойд энгэрт явган аялагчид гацсан эсэх нь тодорхойгүй байна. Эверестийн хойд энгэрт хатуу хучилттай замаар хялбархан хүрдэг тул жуулчид олноороо байнга очдог. Аравдугаар сард Энэтхэгийн борооны улирал дууссанаар тэнгэр цэлмэдэг тул аяллын оргил үе тохиодог. Орон нутгийн аялал жуулчлалын компанийн албан ёсны “WeChat” хуудсанд мэдээлснээр, бямба гаргийн оройноос эхлэн Төвөдийн талаас Эверест рүү авирах тасалбар худалдаалах, нэвтрэх эрх олгохыг зогсоожээ. 


Төвөдөөс өмнөд зүгт орших Балбад хүчтэй аадар бороо орсны улмаас хөрс нурж, үер бууснаас үүдэн зам хаагдаж, гүүрнүүд нурснаар баасан гаргаас хойш 47 хүн амиа алдсан байна.


Тодруулбал, Энэтхэгтэй хиллэдэг Илам дүүрэгт хөрс нурсны улмаас 35 хүн амиа алджээ. Түүнчлэн үерийн усанд урссан есөн хүн сураггүй болж, өөр гурван хүн аянгад цохиулж амиа алдсан байна. 




Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг