sonin.mn

Би Хөвсгөл аймгийн Мөрөнгийн 8 жилийн сургуулийн босгыг анхлан алхсан. Эхний хичээлийн завсарлагаар элбэг дээлтэй нэг банди шалан дээр завилан суугаад өврөөсөө мод толгой гарган нэрж гарлаа. Өгүүлэн буй “Мод толгой” гэдэг нь үнэт чулуун соруулгүй болхидуу гаансны нэр бөгөөд салбарын эхлэн суралцагчдын хэрэгслэл гээд ойлгочиход болно. Багш ч ороод ирлээ, “Хэн тамхи татав?” хэмээн хамраа сортолзуулан асууж байна. “Энэ” хэмээн бүх хүүхэд нэгэн дуугаар өнөө тамхичин руу хуруу гозойлгон заав. Багш гаансыг нь хурааж аваад толгойг нь илэн “сургуулийн танхимд тамхи татаж болдоггүй юм” гээд ширээнд нь хөтлөн суулгаж билээ. 10 настайдаа би өөрөө тамхичин болсон.


Хаврын нар ээх үед хүүхдүүд гадаа гаран хүн харахгүй газар эгнэн наранд ээн сууж тамхилна. Хэн нэгний гэрээсээ авчирсан ганц пүүшиг, эсвэл хармайнаасаа ухаж гаргаж ирсэн дүнсний үртсийг сонины цаасанд ороож асаагаад дамжуулж сорцгооно. Ийм цэнгээнээс тамхинд оролгүй үлдсэн манай ангийн хоёрхон хүүхэд л бий.


Тамхи татах нь жинхэнэ эр хүн болж харагдаж буй хэрэг. Ингээд нэг ч удаа гарч үзэлгүйгээр 60 жил тасралтгүй татлаа. Өсвөр насны банди нар эр хүн болж харагдах гэсэндээ тамхинд ордог байсан бол тэр зарим эмээ өвөө нар ач хөвүүдээ эрийн цээнд хүрснээр бахархах гэж өөгшүүлдэг байж. Үндэстний төөрөгдөл юм даа. Баруунд хар тамхиар ханиадын эм хийж, цацраг идэвхит нүүрний тос сурталчилж, Зөвлөлт засаг “Водкагаар цагаан хорхойгоо устгагтун” хэмээн лоозогнож байсан хорвоогийн нэгээхэн буланд л болж буй явдал.


Бахархаад байгаа юм биш шүү, болих гэж олон удаа оролдсон, эцэст нь энэ бол өвчин, донгоосоо салж чадахаа больсон өнгөрсөн хорвоо гэдэгтэй эвлэрэх болсон. Нэгэнт ийм донтой болсон хүн тамхиа татахаар тайвшрал олдог.


Донгоосоо салах, болбол өөрийгөө эмчилчих санаатай олон хүний дурдатгал, тамхинаас гарсан туршлага сонссон, холбогдох ном судар ч зөндөө үзлээ, ингэхээр архаг тамхичны хувьд энэ талаар бишгүй юм хэлж ярьж чадна. Наяад оны үед гадаадад хийсэн нэг судалгаа үзсэн чинь: мэргэжлээр нь ангилахад эмч нарын дунд хамгийн олон тамхичин байдаг гэнэ. Хор холбогдлыг нь хамгийн сайн мэдэх улс шүү дээ. Энэ нь тухайн судалгааны тохиолдол байж болох ч, юутай ч донтох өвчинд баригдсан гэсэн үг. Тамхины хор холбогдлын тухай энд лекц унших гээгүй, сонсохыг хүссэн байтугай хүсээгүй хүнд ч энэ талын сурталчилгаа ятгалга хангалттай их бий. Тамхи бол Америк соёл. Анх Европод орж ирэхэд нь хориглож ч байсан. Гэтэл ердөө зуун жил өнгөрөхөд бүх хүн төрлөхтөнд халдварлажээ. Хамгийн бөглүү нийгэмд ч энэ “соёл” нэвтэрч туйлын мөсөн тивийнхэн, Амазоны ширэнгийнхэн архаг тамхичин болж. Ингэтлээ хүний дур хүслийг татах ямар ид шид тамхинд байдаг юм бол? Наяад оны судалгаа шүү, хувь процэнтоор хамгийн олон тамхичинтай нь Унгар, Чехословак, Польш орж байсан. Хүйсээр нь үзэхээр ази эрчүүд илүү тамхичин. Харин мөнөөх зүүн Европын гурван социалист оронд эмэгтэй тамхичин олон учир нийлбэрээр тэргүүлжээ. Одоо ямар дүнтэй болсныг мэдэхгүй.


Эмэгтэйчүүд олноор тамхинд орсон нь дахиад л “америк соёл”! Феминизм гэх бас нэг халдвар бий болж эр эмийн хооронд биологийн тун яльгүй зөрөөнөөс өөр ямар ч ялгаа байдаггүй гэсэн “онол”-оос болсон хэрэг. Шооч нэг нь "Viva la petite difference" гэх ониго зохиожээ.


Би Хойд Солонгост олон удаа зочилсон. Том даргаасаа авахуулаад ядуу тариачин хүртэл бүгд хаана л бол хаана баагиулна. Ер нь тэнд архи, тамхи, сээгс гуравт хатуу төр нь тун зөөлөн ханддаг гэх юм билээ. Иргэдийн хөдөлгөөн болгон нь хяналттай, хориотой тийм аймшигтай нийгэмд хүний бөглөрсөн хий нь аль нэг газраар гарц байх цоорхой хэрэгтэй байдаг байх л даа. Тамхинаас болж уушигны хорт хавдар үүсэх өндөр магадлалтай болохыг 1953 онд анагаах ухаан олж тогтоожээ. Таван тамхичны нэг нь уушигны хорт хавдар тусдаг гэнэ. Шооч нэг нь “таван архаг тамхичны дөрөв нь тамхинаас болж хорт хавдар тусдаггүй” гэсэн онигоо зохиожээ. Ер нь хорт хавдрын онол ерөнхийдөө тамхичдад нөлөөлөөгүй. Гэтэл далаад оны үед тамхи бэлгийн сулралтай болгодог гэсэн судалгааны дүн бүгдийг цочоов. Тамхины эсрэг бүхнийг босгосон “дайн” тэгэхэд эхэлсэн. Хамгийн түрүүн тамхин соёлын ориг эцэг америкчууд бөөн бөөнөөрөө тамхинаас гарч эхэлсэн төдийгүй, энэ талын сурталчилгаа тэнд л хүчээ авч эхэллээ. Бас л шог үг, “Америкт тамхичин байснаас нигр болж төрсөн нь хамаагүй дээр”. 


Монголд тамхи бодвол Хятадаар дамжин орж ирээ биз. Лав л хэдийн XVII зуун гэхэд бараг нийтээрээ “төрлөхийн тамхичин” болсон бололтой. Тамхины ориг “монгол соёл” бий болж үнэт чулуун соруултай гаанс моод болов. Зажилдаг тамхи, гаансны тамхи, хамрын тамхи аль алин нь зэрэг орж ирсэн байх.


Зажилдагийг нь мохоор гэдэг, Оросоос ирсэн импорт байх. 1928 онд Монголд байсан бүх гадаадын худалдаачид бизнисийнхнийг хөөж гаргасны дараа хорвоогоос бүрэн таслагдсан улсын гадаад худалдааг ЗХУ дангаараа даах боллоо. Монголчууд тамхи, даалимба, цай гэсэн гурван бараагаар тасарч болохгүй учраас цайг Гүржээс, даалимбыг Иванова хотоос, тамхийг Казахстанаас нийлүүлэх болов. Ийнхүү монголчууд казахстан дүнс татах болсон нь 1940 онд 10 төгрөг байснаа дайны дундуур 150 төгрөг болжээ. Хүмүүс тамхи олдохгүй учир, хомоол, туулайн баас ч татаж байсан. Нэгэнт дон өвчтэй болсон иргэд тамхинаас гарч чадахгүй болчихдог аж. Дайны дараа тамхи дахин элбэгшсэн боловч гол хэрэглээ нь дүнс. Пүүшиг 2 төгрөг 50 мөнгө, бололцоотой нэг нь болгар янжуур татах ч, БТ янжуур 6 төгрөг байсан нь кг махны үнэ. Дундаж цалин 400 төгрөг авч хүмүүс тамхи татсаар. Хүүхэд тамхи татах нь бараг хэвийн үзэгдэл шахам болсон ба тэдний голлох хэрэглээ нь хүний дутуу татаад хаясан акуурк гэх тамхины иш. Автобусны буудал дээрээс элбэг олдоцтой. Пүүшигийг аль ч дэлгүүр хүүхдэд ширхэглэн зардаг, нэг ширхэг нь 10 мөнгө. Албан ёсоор тогтоосон хориг үгүй. 1990 оноос тамхины төрөл зүйл олширсон ба Оросоос хангаж байсан пүүшиг, дүнс тасарсан. Хүмүүсийн гол хэрэглээ шүүртэй янжуур боллоо. Үнэ нь ч орлоготой харьцуулахад хямд. Сүүлийн үед электрон тамхи гэсэн тамхины шинэ төрөл гарснаар энд тэндгүй маш их дэлгэрэх боллоо. Энэ нь уламжлалт утаат тамхи үйлдвэрлэгчдийн бизнист том цохилт болсон юм. Моод Монголд ч өргөнөөр дэлгэрсэн.


Манайд зарим эх сурвалжаар 600 мянган тамхичин бий, үүнээс 150 мянган тамхичин утаатаас электрон руу урважээ. Нэг сая тамхичинтай, үүнээс 25% нь цахим руу шилжсэн ч гэх тооцоо бий.


Европ, Америкийн хөгжингүй орнууд тамхины эсрэг олон жилийн тууштай алгуур хөтөлбөр хэрэгжүүлсэн тул тамхичдын тоо ч цөөрсөн, нийгмийн шахалт ч илүү хүчтэй болсон. Анхлан 1972 оноос Шведэд хэрэгжүүлж эхэлсэн тамхины эсрэг Засгийн газрын хөтөлбөр маш ухаалаг. Тэр онд төрж буй хүүхдүүдийг архи тамхинаас ангид хүмүүжүүлэх зорилго тавьжээ. Одоо тэр хүүхдүүд хэдийнээ тавь гарсан, архи тамхи хэрэглэгчид урьдынхтай харьцуулахад эрс цөөрсөн. Гэтэл хөгжиж буй орнууд, ядуу буурай улсад ийм төрлийн хөтөлбөр хэрэгжүүлээгүй учир хуучнаараа бахь байдгаараа. Уламжлалт тамхи үйлдвэрлэгчид өдгөө гол анхаарлаа ийм газрууд руу чиглүүлэх болов. Өөрөөр хэлбэл утаат ба цахим тамхи үйлдвэрлэгчдийн хооронд “дайн” дэгдээд нэлээд хэдэн жилийн нүүр үзэж байна. Олон газар утаатынхан ялалт байгуулсан учир Энэтхэг, Тайланд, Камбож, Гамби, Мексик, Индонези зэрэг оронд электрон тамхийг худалдаалах, импортлохыг хориглосон. Үүнийг гол төлөв тухайн орны хууль тогтоогчид болон эрх баригчид руу чиглүүлэн тэдэнд сайтар “ойлгуулснаар” хориглуулах арга хэмжээг авахуулдаг. Түрүүний УИХ-ын гишүүн нэгэн бүсгүйг Европын тамхи үйлдвэрлэгч компаниас урьж авчран сэнхрүүлжээ. Өнөөх нь буцаж ирэнгүүтээ онгоцноос буунгуут гэрээрээ ч оролгүй их хуралын танхимд амьсгаадан орж ирснээ ”электрон тамхи гэсэн аюул Монгол улсыг нөмөрлөө, энэ талын олон улсын хуралд би сая суугаад ирлээ, цөмөөрөө одоохон хориглосон хууль хийе, төсөл нооргийг нь би замдаа биччихсэн” гэж уухилахад гишүүд эгдүүцэн, төрийн хариуцлагатай хүн гадаадын компаний хөрөнгөөр ийш тийш тэнэж болохгүй гэж зэмлэн түр дарж авсан. Тэр эмэгтэй сонгуулиар гарч ирээгүй ч хоосорсон суудлыг нь өөр нэг бүсгүй гишүүн эзлэн авсан бололтой.


Маш өндөр татвар гэнэт тавин хүмүүсийн худалдан авах чадварт тээг тавьснаар тамхины асуудлыг шийдэх ба хүүхэд багачуудын амь насыг аврах гэнэ. Сонирхолтой нь утаат тамхиныхныг энэ аймшигт таварын мөндрөөс чөлөөлөх аж. Уг нь аль нь ч байсан хор шүү дээ. Аль нь ч хүнийг донтуулдаг өвчин үүсгэгч.


Электрон тамхийг өнөөдөр манайд электрон хэрэгслэл гэсэн утгаар бараг татваргүй оруулдаг. Харин утаат тамхи онцгой татварт хамаардаг. Энэ мэдээж шударга бус, утаатынхан гадуурхагдаж байна, электрончууд ч адилхан хор авчирсан учир онцгой татварт хамаарах ёстой. Гэхдээ адилхан хор түгээж байж нэг нь нөгөөгөөсөө хамаагүй илүү шийтгүүлэх гэж? Электрон тамхи л гээд нэг шуудайд чихээд байгаа болохоос хоорондоо шал өөр хоёр төрөл бий. Вэйпс буюу англи хэлний уур (Уур манангийн уур шүү, уур хилингийнх биш!) гэсэн үгээр нэрлэгдсэн цахим тамхи байна. Энэ нь батарейгаар халсан тусгай шингэнээс аэрозол үүсгэдэг төхөөрөмж ба никотиныг хамгийн бага тохируулгатайгаар биед шууд шахаж хүргэх зориулалттай. Ийм тамхинд ихэнх оронд тамхи архины нэгэн адил акциз наадаг ба никотин шингэний тунд нь тохируулан татвар тавина.


Никотин шингэнийг хэмжих нэгж нь милиграм. Гэтэл электрон тамхи гэж ерөнхийлөн нэрлэгдэх ч Халаалттай тамхины систем (HTS) нь дээрхээс шал өөр зүйл. Ердийн утаат тамхинаас ялгаатай нь чүдэнзээр асааж шатаахын оронд 250-350 хэм хүртэл халаадаг электрон төхөөрөмжтэй.


Энэ үйл явц нь никотин болон үнэрт бодис агуулсан аэрозол үүсгэдэг бөгөөд үүгээр хэрэглэгч амьсгалдаг. Утаат тамхинаас гол ялгаа нь утаа, үнс агуулаагүй, түүнчлэн аэрозол нь хортой бүрэлдэхүүн хэсгүүдийг агуулсан хэвээр байгаа ч шаталтын зарим хортой бүтээгдэхүүний түвшин бага байдаг. Ийм халаалттай системд ашигладаг Марлборо, Кэмэл, Кастэр гээд дэлгүүр болгонд байдаг утаат тамхины нэгэн адил сонголттой, ялгаатай нь энэ төхөөрөмжид зориулсан тусгай жижигрүүлсэн угсардаг, нэг удаагийн янжуурууд бий. Ийм тамхины татвар утаат тамхиныхтай адил, мөн онцгой татварт хамаардаг. Өөрөөр хэлбэл энэ нь цахилгаанжуулж электронжуулсан “модэрн” янжуур юм. Би одоо Кастэр татдаг, архаг тамхичин миний хувьд утаатыг нь татна уу, халаалттайг нь уу, огт ялгаагүй, харин ч бага утаатай, үнс гаргадаггүй болохоор ариун цэвэр болон эрүүл мэндэд “сайн” ч юм шиг. Монголд бусад оронтой харьцуулахад тамхины үнэ маш бага. Миний санаж байгаагаар хайрцаг тамхины “далайн үнэ” гэх татваргүй тамхи 30 цент байсан, одоо өсөө байлгүй. Орон орны Засгийн газрууд тамхинд онцгой татвар тавин, тамхитай тэмцэх хөтөлбөрийнхөө дагуу татварыг нь жил бүр бага багаар нэмээд явна.


Одоо Европт хайрцаг тамхи дундачаар 8-10 евро. Манайх ч тамхины онцгой татвартай ч ердөө 1 доллар орчим. Өсгөх нь зөв ч гэнэт ухаан орсон юм шиг огцом бишээ, гишүүнээ?


Далайн үнээр ямар ч тамхи олдоно, тийм учраас манай дипломатууд Европ руу машин машинаар нь тамхи нууцаар зөөн баригдаж шившгээ хутгаж байсан нь саяхных. Нэг хэсэг ийм “бизнис” хавтгайрч байсан, үүнээс хойш Европ руу явж буй Монголын дипломат машиныг гааль дээр зогсоон нэгждэг болсон шүү дээ. Одоо ийм “дипломат” бараа Монгол руу чиглэх болно. Тэр дундаа угийн овор багатай “электрон барааг” яаж ч нууж болно. Тэрбайтугай автомашин нуугаад оруулаад ирдэг юм чинь. Дээр өгүүлсэн электрон тамхи худалдаалах, импортлохын хориглосон орнуудад хууль гаргахдаа хүүхдийн нэр их ашигласан байдаг. Электрон тамхинд чихэр жимсний амт шингээсэн байдаг нь хүүхдийг цахим тамхичин болгох гол шалтаг болж байна гэх. Үнэндээ энэ сурталчилгааг утаат тамхины монополууд зохион тарааж дэлгэрүүлсэн. Энэ бол хүн гэнэхнээр “үнэхээр тийм юм байна” гэж зөвшөөрөх илбэ. Электрон тамхинаас өмнө ялангуяа манайд хүүхдүүд олноороо тамхинд ордог байсан. Газар хаячихсан тамхины иш цуглуулан имэрч бөөгнүүлээд түүнээ Үнэн сонины тугалгатай цаасанд ороомог болгон бэлдээд хувааж татсаар тамхичин болж байлаа. Өмхий үнэртэй, хахаж цацуулдаг тийм акуркаас эхэлж байсан үй олон хүүхэд ямар ч жимс чихрийн амтанд уруу татагдаж байсан юм бишээ. Зовлонг мэдэхийн хувьд тамхины эсрэг байна. Гэхдээ, муугийн эсрэг уриатай бүхэн сайн байдаг юм биш. Яг л эх орны нэр барьсан болгон эх оронч байдаггүйгээр барахгүй, нэлээд нь эх орны дайсан болохыг сүүлийн жилүүдийн туршлага харуулсан шиг.


Муу муухайтай тэмцэх нэрийн дор түүнээс ч муухай юм хийсэн, хэрэгжүүлсэн, манайхны хэлдгээр “Тэмээн дээр ямааны гарз”, “нуухыг авах гээд нүдийг сохолсон” туршлага хэтэрхий элбэг. 


Угаасаа ч нийгмийн хамарсан донтолттой ингэж тэмцдэггүй. Америкчууд хориод онд архитай тэмцээд, сүүлд нь бууж өгсөн. Үр дүнд нь архины эсрэг хуулийн үед төрж гарсан мафийн тогтолцоог дарж дийлээгүй нь гашуун сургамж. Горбачёв “Перестройка”-ийн үед Орос хүнийг архинаас гаргах гэж үзээд, юу яасны чинь “Иваныг эрүүлжүүлэх” вэ, Зөвлөлт засаг нурснаар дууссан. Коммунизм нурсан гол шалтгаан нь биш ч гол шалтгийн нэг нь архийг хорьсон явдал байсан. Тамхитай тэмцэнэ гэвэл “утаатай”, “манантай” хоёулантай нь үзэж тарах ёстой.


Гэхдээ, хууль гаргааад маргаашаас нь үр дүн гарна гэж ятгахын оронд, 20-50 жилийн дараа ямар болохыг бодолцох ёстой. Тэрнээс биш тамхины компанийн лоббид автсан гишүүдийн санаачилгаар “Утаатыг дэмжиж, манантыг шахах” юм биш.


Одоо яригдаж байгаа хуулийн төслийн хэтийн үр дүнд нь утаат тамхины импортоос алдагдсан орон зайг буцааж өгөх төдийгүй, цаашдын дэлгэрэлтийг илт өөгшүүлэхээр юм билээ. Ер нь манай парламентийн гишүүд юун түрүүн Монголын харанхуй зах зээлд өөрийгөө яаж үр дүнтэй борлуулахыг тэргүүнд тавин популизм хийх дуртай. Иймээс гишүүн бүр сэнсаац тарихуйц ямар нэг сэдэв сонгон түүнээ хувьчилж авдаг. Нэг нь утаа, нөгөө нь түгжрэл, гурав дахь нь хорт хавдар, дөрөв дахь нь аль нэг уурхай гэх мэтийг сонгоод хэдийнээ эзэн суучихсан учир шинээр сонгогдсон нэг нь зах зээлийн хөдөлмөрийн хуваарьлалтыг хүндэтгэдэг ёс зүйтэй учир шинэ сэдвийн эрэлд хатна. Харамсалтай нь "эзэмшиж" буй сэдвийнхээ талаар тун ч дундхан ойлголттой тул түгшүүрийн харанга нижигнүүлддэгээс биш, сэдвийнхээ цаад утга учир, үнэхээр буруу бол түүнийг хэрхэн засах болон дэмжих талаар таг. Бүх сэдвүүд нэг л эмчилгээтэй байдаг нь: хориглох, хаах, шийтгэх, устгах, нураах, алж өгөх, цусыг нь холих, нармайг нь нээх... Дашрамд сонирхуулахад, зарим улс оронд уур - манант тамхийг утаа угаарт тамхинаас аажим салах арга гэж үзээд дэмждэг мэдээлэл, судалгаа ч байгаа. Үнэндээ утаат тамхи шиг дам тамхидалтын эфект буюу эргэн тойрондоо учруулах хор нь байхгүйтэй адил юм билээ.


Буддын мэргэд, хорвоогийн юм юманд донтох, шунахын зовлонг загатнаатай зүйрлээд:


Загатнасан газрыг маажихад таатай ч


Загатнахгүй бол түүнээс ч таатай хэмээн сургажээ. Манай улс төрчид хүний загатнасан газрыг маажих дүрээр өөр өөр шинэ загатнаа үүсгээд далимд нь маажуураа зардаг зах зээлийг тэлэх гэж мэрийгээд байна. Эцэст тэмдэглэхэд, элдэв дон нь зовлонгоо мартах, стрессээ дарахад эзэндээ тусалдаг. Нийгэм ядуу байхын хэрээр архи, тамхи хийгээд бусад донгоор сэтгэлээ засах үзэгдэл түгээмэл. Харин баяжихаараа эрүүл мэнддээ хайртай болдог. Иргэдийн амьжиргаа дээшлэхийн хэрээр эрүүл явж, урт наслах хүсэл нэмэгдэнэ. Хураасан цуглуулсан юмныхаа ид шидийг үзэн жаргах гэсэндээ тамхи байтугаа юмнаас татгалзана. Эдийн засгаа эхлээд авар, иргэдээ баяжуул. Наадуул чинь урт наслах, эрүүлжих арга өөрсдөө олоод эхэлнэ.


Баабар