sonin.mn

Оюун ухаантай амьтан болох хүний хувьд орчноо таних, ойлгоход ашигладаг нэн эртний, тун чухал нэгэн үзүүлэлт бол аливаа юмны хэмжээ юм. Талбайг хоёр хэмжээсээр, эзэлхүүнийг гурван хэмжээсээр, цаг хуагцааг жил, сар, хоногоор гэхчилэн олон үзүүлэлт буй. Биетэйг ч хэмждэг, биегүйг ч хэмждэг. Оюун ухааныг ч хэмждэг, бие болон булчингийн хүчийг ч хэмждэг. Гойд сайн, дунд зэрэг, сул муу гэх хэмжүүр ч мөн буй. Товчхондоо бол хэмжигддэггүй, хэмжээгүй юмс, үзэгдэл гэж үгүй, хэмжиж буй арга, нэгж ч тун олон. Хэмжиж таньсаар л ирж, одоо ч мөн хэмжсээр, таньсаар л байна. Харин өнөөдөр гэхэд тун нууцлаг нэгэн зүйл үлдсэн нь бидний уураг тархи, гавал доторх ертөнц юм. Хүмүүсийн бие, бялдар, ааш зан, сэтгэх чадвар, үйл ажиллагаа, мэдлэг, ухаан, хүсэл, тэмүүлэл, шүтлэг бишрэл, ёс суртахуун, мөс чанар бүгд л гавал доторх ертөнцтэй нь холбоотой, тэндээс удирдуулдаг. Ингэхлээр гавал доторхын чадал, чансааны асуудал яригдах болдог. Хар ярианы түвшинд, ердийн ухамсрын түвшинд, шинжлэх ухааны салбар нэг бүрийн түвшинд, XXI зууны өндөрлөгөөс гэхчилэн олон түвшинд авч үзэх, нягтлах, урд өмнөхөө эргэж шалгах, шинэ онол дэвшүүлэх ёстой. Уураг тархиныхаа сул, эмзэг талуудыг ч таних шаардлагатай, мөн гоц, гойд илрэл, тохиолдлуудыг ч таних ёстой. Гавал доторх бол биет, бодит бүрдлүүдтэй, мөн биет бус бүрдлүүдтэй. Тэдгээрийн бүтэц нь олон янз, холбоос, зангилаанууд нь мөн олон янз, үүрэг, зориулалт нь ч бас олон янз.


Хүн нэг бүрийн уураг тархинд төсөөтэй зүйлүүд ч олон, ялгаатай зүйлүүд, адилгүй шинжүүд ч олон, мэдрэлийн эсүүдийн нь холбоос болон тоо нь ч ижилгүй. Хүний мэдрэлийн эсүүдийн нийт тоо 80-90 тэрбум гэгддэг. Мэдрэлийн эсүүд нөхөн үрждэггүй, харин устаж хорогдсоор байдаг.


Мэдрэлийн эсүүд устах, холбоосууд нь сийрэх хэрээр уураг тархины чадавх бүх талаар доройтож сулардаг, уг хүн зөнөж эхэлдэг. Хүн нэг бүрийн уураг тархины оюун чадавх өвөрмөц, ялгаа зөрөө ихтэй, чухал шинжүүд нь ч адилгүй, бүр онцгой сайн, дунд зэрэг, сул дорой хэмээн гурван том бүлэгт ч хуваан үнэлж болохоор шахам онцлогуудтай. Жишээ нь уураг тархины үйл ажиллагааны сул талууд гэхэд л хүн бүр дээр өөр өөр байдаг. Тархи мэдрэлийн үйл ажиллагаатай холбогдуулан түүний сул талуудыг мартах, ядрах, стресст автагдах, анхаарал муу төвлөрөх, донтох гэхчилэн ангилж судалдаг. Их мартамхай, их ядрамтхай, элдэв стресст автамхай, нэг зүйлд төвлөрөн сэтгэх чадвар муутай, архи, тамхи, сахар, давс, мөрийтэй тоглоом мэтэд хялбархан донтомтхой байхыг сул талууд гэх ба тэдгээрийн илрэл нь хүн нэг бүр дээр адилгүй байдаг. Тэдгээрийн аль нь ч байхгүй гэхээр хүн байж болно. Аль нэг нь, бүр 2-3 нь тод илэрдэг хүн ч байж болно. “Хүн бүхэн адилгүй, хүлэг болгон жороогүй” гэхчилэн өвөг дээдэс маань өнө эртнээс л учир ялган таньж, цэцэлж ч байжээ.Хүний уураг тархи бол хэдэн сая жилийн чанадаас л хүн нэг бүрийн хэдэн зуун мянган өвөө, эмээ нарын үеийг дамжин хувьсаж, хөгжиж ирсэн, тус бүрдээ л өвөрмөц, ижилгүй эрхтэн юм. Ингэхлээр хүүхэд цагаас нь эцэг, эх, багш нарын нь олгодог мэдлэг, хүмүүжил, зан суртахуун, биеэ авч явах соёл, бие ба сэтгэлээ таньж, өөртэйгөө ажиллаж, өөрийгөө зөв хүн болгон бүтээж чадсан хэр түвшин бол ихээхэн үүрэг, ач холбогдолтой. Иймийн учир л сурган хүмүүжүүлэх ухаан гэх салбар шинжлэх ухаан үүсэж өнөөг хүртэл хөгжсөөр байгаа болно. Шинжлэх ухааны үндэстэй сургах, хүмүүжүүлэх гэдэг бол амар ажил ер биш.


Хүний уураг тархины үйл ажиллагааны сул талуудтай холбоотой эмгэг гажгийг орчин үед өвчин гэж үзэж анагаах, эмчлэх болоод байна. Хоолонд донтох, их идэх, өөхтэй маханд донтох, сахар, давсанд донтох, архи, тамхинд донтох, энэнээс болоод хэт их таргалахын хор хөнөөлийг хүн төрөлхтөн ялангуяа энэ зуунд, хүний хөдөлгөөн олон талаар ихэд хязгаарлагдсан энэ зуунд сайн таньж, эсрэг нь тэмцэх болов, бүр эмээр эмчлэх ч болов.


Тархины үйл ажиллаганы сул талууд нь ихэнх тохиолдолд олдмол байдаг. Нийгэмжих, нийгмийн харилцаанд эрт орох, өргөн орох, аль болохоор олон хүнтэй харьцах, сурч боловсрох хэрээр, үнэн мэдлэг, зөв мэдээллийн хэмжээ уг хүнд арвин их байх хэрээр уураг тархины санах ой тогтоолт сайжирч, нэгэн зүйлд төвлөрч сэтгэн бодох чадавх нь ч хүчтэй болж байдаг. Уураг тархины бүтээлч идэвх сэргэснээр ядрах шинж нь ч багасдаг байна. Элдэв зүйлд автах, донтох гажиг уг хүний мэдлэг, боловсролын хэр түвшинтэй урвуу хамааралтай. Бачуурах, бухимдах, түгших, стресст хялбархан өртөх сул тал ч гэсэн тухайн хүний хүүхэд ахуйгаасаа олсон, эзэмшсэн тэсвэр, тэвчээр, сэтгэлийн тэнхээтэй их холбоотой. Аливаад тайван ханддаг, ойлгож ханддаг, уг учир, үр дагаврыг нь таньж, тэвчиж ханддаг хүмүүжил, соёлтой хүн стресстэх нь бага, хэлмэгдэх, хохирох нь ч бага, зөрчил бүхнээс амархан зайлсхийх, нэр нүүрээ хадгалан үлдэх чадамжтай байдаг. Ингэхлээр хүнийг хүн, хүмүүнлэг хүн, хариуцлага, сахилгатай хүн, хүмүүжилтэй, ёс суртахуунтай хүн болж төлөвшихөд түүний нийгэмжилтийн хэр хэмжээ, үнэн мэдлэг, зөь мэдээллээр хангагдсаны хэр хэмжээ, хэр зэрэг олон хүнтэй харилцаж, хэр зэрэг идэвхтэй үйл ажиллагаа өрнүүлж байдгийн нь хэр хэмжээ шийдвэрлэх үүрэг, рольтой нь тодорхой юм. Гэхдээ мэдрэлийн эсүүдээ амрааж, элдэв бохирдлоос цэвэрлэж, маргаашийн үйл ажиллагаанд нь яг таг бэлэн болгоход тусалдаг гол зүйл бол хэн хүний (оройн 11 цагаас шөнийн 04 цагийн хоорондох) гүн нойр юм. Аливаа хүнд биеийн амралт ч чухал, мөн тархи, мэдрэлийн амралт ч чухал.


Иймийн учир л элдэв амралт буй болжээ. Түр завсарлах, унтах, бямба, ням гариг, ээлжийн амралт, тэтгэвэрт гарах хэмээсэн амралтуудын ачаар л хүний нас уртсаж, дархлаа сайжирдаг. Дархлааны эсүүдийн өсөж олон болох цаг үе нь мөн л оройн 11 цагаас шөнийн 3, 4 цагийн хоорондох амралт, нойр юм. Хүний мэдрэлийн эсүүд, мөн эмэгтэй хүний өндгөн эсүүд анх авч төрсөн тэр л тооноосоо хорогдож цөөрсөөр дуусдаг. Тэд өсөж олширдоггүй. Тэдний хувьд таарч тохирох тусгай бодлого, тааламжтай орчин, нөхцөл, арчилгаа, тордлого хэрэгтэй байдаг. Өндгөн эсийг гүн хөлдөөж нөөцөлж, хадгалж болдог ч мэдрэлийн эсийн хувьд иймэрдүү арга, боломж үгүй юм. Аливаа амьтны бие, чадвар нь нас ахих хэрээр л элэгдэлд ордог. Хүний бие, эрхтэн, тархи,, мэдрэл ч мөн элэгддэг. Материалын элэгдэл, чадавхын элэгдэл, мөн моралийн элэгдэл хэмээж ангилж үзэж ч болно. Шинжлэх ухааны салбарууд, техник технологийн хөгжил хурдсах хэрээр моралийн элэгдэл ч мөн хурдсаж байна. Тасралтгүй суралцахгүй л бол хоцрогдох, элэгдэхэд хялбархан болсон цаг үе иржээ! Бүх мэргэжлийн хүмүүс өнөөдөр ийнхүү ярьж, зовинох болов...


Биеийн хүч, булчингийн хүчээр биш, харин мэдлэг, оюуны хүчээр амьдрах эрин үе ирчихжээ. Энэ нь хүнийг өөрийг нь яаж өөрчлөх бол оо? Энэ тухай олон зөгнөл, олон үлгэр, олон хувилбартай онолууд буй. Чухам аль нь биелэх, хэрэгжих бол оо?


Эцэст нь дараах зүйлийг анхааруулж хэлье. “Хоногийн аль ч үед (шөнө, өдөр) 6-8 цаг унтах аваас хүн амарчихдаг, маргаашийнхаа ажил, амьдралд бэлэн болчихдог” гэж хүмүүс боддог. Гэвч энэ нь тиым биш юм. Өдөр унтахад бие, булчин амардаг. Харин мэдрэлийн эсүүд болон дархлааны эсүүдийн хувьд тийм биш. Олон зуун мянган жилийн туршид бүрэлдэж тогтсон био дэглэм гэж байна. Түүнийг удаанаар зөрчих нь онцын их аюул, эрсдэлтэй. Хүний уураг тархи шөнийн 23 цагаас өглөөний 04 цагийн хооронд л сайн амардаг, санах ёстойгоо үлдээж, хэрэггүй бүхнээсээ цэвэршдэг. Мөн зөвхөн энэ цагуудад л дархлааны эсүүд өсөж олширдог. Энэ нөхцөл, шаардлага зөрчигдөх аваас уг хүн өдрөөс өдөрт л дархлаа нь суларч өвчлөмтгий болдог. Эцсийн дүндээ богино насалдаг, эрт Хүн бол нийгмийн амьтан. Чухам энэ шинж, чанар нь хүний уураг тархийг хөгжүүлж, хүнийг хэлтэй болгож, сэтгэх чадварыг нь хурцалжээ. Гэхдээ амьтан бүхэнд нийгмийн гэхээр (сүргийн) шинж буй. Шувуу, мал ихэнх амьтад дуу гаргаж харьцдаг, элдэв дүр үзүүлж харьцдаг, ойлголцдог. Таван мэдрэхүй нь (аль нэг нь) хүнийхээс илүү хөгжсөн амьтан ч байгаа. Учир нь амьтан бүхэнд мэдрэлийн эсүүд буй…


Мэдрэлийн эсүүд хэвийн ажиллахад шаардагдах хамгийн чухал нөхцөл бол тархины цусан хангамж, цусны шингэн чанар, судасны хананы цэвэр, уян хатан шинж юм.


Цусан дахь сахарын хэмжээ, артерийн даралт хэвийн байхад нөлөөлдөг гол бодис бол цэвэр ус. Хүн биеийн жингээсээ хамаараад 2-3 литр усыг хоногт хэрэглэж байх ёстой. Биеийн жинг 0,03 л гэсэн тоогоор үржүүлэхэд уг хүний хоногт хэрэглэх ёстой усны хэмжээ гардаг. Жишээ нь 150 кг жинтэй хүн (150*0.03л) хоногт 4,5 литр цэвэр ус ууж байх учиртай. Хүний биеийг бүрдүүлсэн материалын ихэнх нь ус. Усаа алдах аваас хүн шууд үхнэ. Усныхаа 10-20 хувийг алдахад хүн ухаангүй болдог. Ялангуяа бага насны хүүхэд суулгах, гүйлгэх байдлаар шингэнээ 10 хувь алдахад л ухаангүй болдог. Орчин үед хүмүүс маш олон төрлийн шингэн (уусмал) хэрэглэх болов. Элдэв шүүс, хийжүүлсэн ундаа, рашаан ус, архи, пиво, дарс гэхчилэн. Гэхдээ хамгийн хэрэгтэй, хамгийн чухал нь буцалсан ус юм. Рашаан бол элдэв төрлийн л давстай ус.


Зөвхөн эмчилгээний зориулалтаар л хэрэглэгдэх ёстой. Орчин үед гол горхины, булаг шандын, нуур цөөрмийн, цас борооны ус бүгд бактери, вирусаар бохирлогдсон. Алиныг нь ч гэсэн шууд ууж болохгүй! Заавал буцалгаж уух хэрэгтэй. Буцалсан ус бол шингэн нөхөх, цангаа тайлах, сэрүүсэх, өтгөн ба шингэний (шээс) гаралтыг хэвийн болгох, элэг, бөөр, давсгийг, ходоодыг, нарийн, бүдүүн гэдсийг цэвэрлэх, эмчлэх чухал эм юм. Буцалсан ус бол бүх өвчинг анагаадаг универсаль эм. Өвөг дээдэс маань энэнийг эртнээс таньж ойлгоод “Шинэхэн отчоос ширгээсэн ус нь дээр” хэмээн цэцэлжээ. Мөн ч том, мөн ч гүнзгий, мөн ч алсуурх ухаан шүү! Аль ч газрын, ямар ч усыг буцалгахгүй ууна гэдэг бол орчин үед өвчин, халдвар авах хамгийн том, хамгийн ердийн суваг мөн. Нэмээд гараа угаахгүй, гараа ариутгахгүй хоол идэх аваас тэр хүн мал, амьтнаас ч доор нэгэн...


“Үхэл үгүй мөнхөөрөө байдаг, Үргэлж хорин таван настайгаа байдаг, Ариун бумбын орон” хэмээн монгол ардын үлгэрт өгүүлдэг. Зөвхөн энэ өгүүлбэрийн утга гэхэд л аугаа юм. Хүмүүс 25 настай үеийнх шигээ эрүүл чийрэг биетэй, саруул сайхан ухаантайгаа байх аваас, мөн энэ байдлаа тэр хэвээр нь хадгалж, хөгшрөлд автахгүй, өвчин, хууч олохгүй, сэтгэл санаа нь баяр баясгалантай байж чадваас 80, 90, 100 наслах нь асуудал биш юм. Оворгүй, өвчингүй, зөнөглөөгүй байхын тулд таргалахгүй, архи, тамхинд автахгүй, шаардлагатай минераль, витаминаар дутагдахгүй, яс сийрэгжихгүй, булчин хатингаршихгүй, хараа, сонсгол сайнаараа, дүрсэлж хэлэх аваас “үргэлж 25 настайгаа байх” юм бол тун ч сайхан, мөн ч урт наслах нь тодорхой. Хүмүүс 25 настайгаасаа эхлээд л хөгшрөх, элэгдэх (материалын болон моралийн), дутагдсан минералиа өрийн биенээс нөхөж (жишээ нь кальцийн дутагдлыг яснаасаа, шүднээсээ нөхдөг) хэврэгшиж эхэлдэг нь шинжлэх ухаанаар нотлогджээ. Уураг тархиныхаа үйл ажиллагааны сул талуудыг таньж, сэргийлж, эмчилж, тордож байх нь эрүүл, урт наслахын нэгэн суурь үндэс, нөхцөл, болзол юм. Наад зах нь л элдэв донтолтоос сэргийлж байх нь чухал. Эцэс төгсгөлгүй эдийн шунал бол мөн л дондолт юм…


Хүний оюун ухаан, уураг тархи нийгэмтэй л амин холбоотой. Хүн хүмүүсээс холдох, зожигрох хэрээрээ л хүн биш болж эхэлдэг. Ганцаардал хүнийг бүх талаар эвддэг, түргэн зөнөхөд хүргэдэг. Хүүхдүүдээсээ холдсон, хөндийрч хүнийссэн эцэг хүн аав биш болдог. Ясан төрлийн хүмүүсээсээ холдсон эрэгтэй хүн авга биш, мөн цусан төрлийнхнөөсөө хөндийрөөд нагац биш болдог. Найз нөхдөөсөө хөндийрөөд зожиг, аажмаар хүн биш болох тийшээ ханддаг. Тийм этгээдийг хүмүүс хүний тооноос хасдаг, хэн ч түүнтэй харьцдаггүй. Нийгмээс хөндийрөх хэрээр мэдрэлийн эсүүд нь үхэж цөөрдөг, үлдсэн хэсгүүд нь хоорондоо холбоогүй болж тухайн хүн ой санамжгүй, хараа болон сонсголгүй, үнэр амт ч үл мэдрэх талдаа ордог. Яг л амьтан мэт болж доройтдог. Энэ бол шинжлэх ухаанаар нотлогдсон үнэн. 





Судлаач Д. Чулуунжав