ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 18 /BBC/. АНУ, Израилын цэргийн ажиллагаа эхэлснээс хойш үндсэндээ бүрэн хаагдаад байсан Ормузын хоолойг нээхээр шийдвэрлэснээ Ираны эрх баригчид мэдэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп үүнд талархал илэрхийлсэн хэдий ч Вашингтон, Техраны хооронд энхийн гэрээ байгуулах хүртэл тэнгисийн бүслэлт хүчин төгөлдөр хэвээр байх болно гэж мэдэгджээ.
Ираны талын мэдэгдсэнээр, Ормузын хоолой бүх хөлөг онгоцонд нээлттэй, харин байлдааны хөлөг онгоцонд хаалттай байх ажээ. "Ливанд гал зогсоох хэлэлцээрийн дагуу Ормузын хоолойгоор арилжааны бүх хөлөг онгоцыг гал зогсоох хугацаа дуусах хүртэл нэвтрүүлнэ" гэж Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи X нийгмийн сүлжээнд мэдэгджээ. Түүний хэлснээр, хөлөг онгоцууд "тохиролцсон маршрут"-ын дагуу явах боломжтой.
Иран, АНУ-ын хооронд байгуулсан хоёр долоо хоногийн хугацаатай гал зогсоох хэлэлцээр дөрөвдүгээр сарын 22-нд дуусна. Үүний дараа дахин хэлэлцээ хийх төлөвтэй байна.
Ираны цэргийн өндөр албан тушаалтны мэдэгдсэнээр, худалдааны хөлөг онгоцууд Исламын хувьсгалт гвардийн корпусын Тэнгисийн цэргийн хүчний зөвшөөрөлтэйгөөр дамжин өнгөрнө. Байлдааны хөлөг онгоцуудыг нэвтрэхийг "хориглосон" хэвээр байна.
АНУ-ын хөлөг онгоцуудыг оролцуулаад арилжааны бүх хөлөг онгоц дамжин өнгөрч болох ба маршрутаа Тэнгисийн цэргийн хүчинтэй зөвшилцөх ёстой гэж Ираны өндөр албан тушаалтан мэдэгдээд Ираны царцаагдсан хөрөнгийг чөлөөлөх асуудал Ормузын хоолойн асуудлаарх тохиролцооны нэг хэсэг байсан гэдгийг дурджээ.
Д.Трамп Ираны эрх баригчдад тэр даруй талархал илэрхийлж, "Иран улс Ормузын хоолойг бүрэн нээснээ дөнгөж сая зарлалаа. Баярлалаа!" гэж тэрбээр "Truth Social" нийгмийн сүлжээндээ бичжээ.
Үүний зэрэгцээ Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх нь тэнд байрлуулсан мина зэргээс шалтгаалан эрсдэлтэй хэвээр байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.
Дайн эхэлсний дараа Ираны тал дэлхийн газрын тосны экспортын 20 хувь нь дамждаг тээврийн гол зам болох Ормузын хоолойг үндсэндээ хаасан юм.
Гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойш Техран хоолойг нээхээс татгалзаж, түр эвлэрэлд Ливаныг хамруулахыг шаардаж байсан бол Израилаас "Хезболла" бүлэглэлд цохилт өгсөөр байсан юм.
АНУ хариуд нь Ираны боомтуудаас гарч буй хөлөг онгоцуудыг бүслэн хаахаа мэдэгдсэн. Америкийн цэргийнхэн нэг ч хөлөг онгоц нэвтрээгүй гэж мэдэгдэж байгаа хэдий ч зарим танкерууд нууцаар нэвтэрсэн тухай мониторингийн байгууллагууд мэдээлжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Бямба - 04 сарын 18,
2026
Сэтгэгдэл4
Трамп Ирантай хэлэлцээр хийж цөмийн хөтөлбөрийг хүчингүй болгож дуусаад, одоо шууд Индонез, Филиппинтэй гэрээ байгуулан Хятадыг Малаккагийн хоолойд бүсэлж эхэллээ. Малаккагийн хоолой бол Хятадын эрчим хүчний "гол гарц" юм. Ираны асуудлыг бүрэн шийдээгүй байгаа ч энэ бүс рүү анхаарлаа хандуулж байгаа нь Хятадыг Иранд нөлөөлж, АНУ-ын талд ашигтай хэлэлцээр байгуулахад албадах зорилготой гэж шинжээчид үзэж байна. АНУ саяхан Индонез улстай Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах гэрээ байгуулж, тус улсын агаарын орон зайд АНУ-ын цэргийн онгоцнууд чөлөөтэй нисэх эрх авсан. Энэ нь Малаккагийн хоолойг хянах цэргийн боломжийг эрс нэмэгдүүлсэн юм. Товчхондоо, энэ нь зөвхөн Ираны асуудал биш, харин Хятад-Иран-АНУ-ын гурвалсан геополитикийн "шатар" бөгөөд Трамп Хятадын эрчим хүчний замыг "барьцаалах" замаар Ираныг буулгаж авах тактик хэрэглэж байна гэж тайлбарлаж болохоор байна Удахгүй Америкийн флот хөлгийн жолоогоо Ази руу эргүүлэх гэж байгаа.
Трамп болон АНУ-ын стратегийн хувьд Иран, Орос бол ердөө л "зам тотгор саад" юм. Тэдний гол бай бол Хятад юм. Яагаад гэхээр Хятад бол АНУ-ын Дэлхийн ноёрхолд заналхийлж чадах цорын ганц "супер гүрэн". Ираны асуудлыг шийдчихвэл АНУ Ойрх Дорнодоос цэргээ бүрэн татаж, бүх анхаарал, нөөцөө Тайвань Малаккагийн хоолой Филиппин Индонез Өмнөд Хятадын тэнгис рүү чиглүүлнэ. Энэ нь Хятадын хувьд хамгийн том айдас юм. Дайн дуусахгүй, харин 'эзэд' нь солигдож байна.АНУ-ын хувьд "ар талын асуудал" гэгдэх Ираныг шийдсэнээр АНУ "хоёр фронт"-д зэрэг тулалдах шаардлагагүй болж бүх хүчээ Тайванийн хоолой руу чиглүүлэх боломж бүрдэнэ. Жинхэнэ өрсөлдөөн тэмцэл Тайванийн хоолойд, технологийн салбарт Хятадын эсрэг өрнөнө. Дэлхий тайвшрах болоогүй, харин ч Трамп 'ар талынхаа хогийг' Иран, Венесуэлийг цэвэрлэчихээд үндсэн дайсан болох Хятад руу харах гэж байна.
Иран өнөөдөр пуужин харваж байгаа ч Хятад цаана нь хумсаа мөлжиж сууна. Яагаад гэвэл Иран бууж өгөх нь Хятадын хувьд 'амьд бамбайгаа' алдаж, Трамптай ганцаараа нүүр тулна гэсэн үг. Орос аль хэдийн Трамптай гар барьчихсан. Одоо Хятад 'дараагийнх нь би байх вий' гэхээс үхтлээ айж байна. Дайн бол зөвхөн пуужин биш, энэ бол Хятадыг дэлхийн тавцанаас шахан гаргаж Америкийн нөлөөг тогтоох гэсэн Трампын '"зорилго' юм. Иранд болох үйл явдал бол Хятадын хувьд "Ганцаараа сөрөх" эхлэл байж магадгүй. АНУ "ар талынхаа Ираныг нударгалж дуусаад, үндсэн өрсөлдөгч рүүгээ харах гэж байна. Хэрэв Иран суларвал Энэтхэг улс Ойрх Дорнодын худалдааны зангилаа болохыг эрмэлзэж, АНУ-ын Хятадын эсрэг хамгийн том "түнш" болж хувирна. Энэ нь Хятадад ирэх дарамтыг хоёр дахин хүндэрүүлнэ гэсэн үг. Нөгөөтэйгүүр Дайтах сонирхолтой улсууд дуусахгүй. Харин ч Дэлхий "Олон туйлт" байснаа больж, АНУ болон Хятад гэсэн "Хоёр туйлт" шууд мөргөлдөөн рүү шилжиж байна.
ану ялах нь гарцаагүй