sonin.mn

УИХ-ын гишүүн О.Номинчимэг ОУПХ-ны 152 дугаар хуралд оролцжээ. Энэ тухайгаа тэрээр: " ОУПХ-ны 152 дугаар хурлын сүүлийн өдөр миний даргалдаг Парламентчдын хүний эрхийн хороо нийт 17 улсын парламентын гишүүдийн эрх зөрчигдсөн эсэх асуудлын талаар олон улсын 400-гаад парламентчдад танилцуулж, шийдвэр гаргууллаа.


Үүний нэг нь Монгол Улстай холбоотой буюу УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн асуудал байв. Өөрийнх нь улстай холбоотой хэрэг хэлэлцэх үед оролцож болохгүй, шийдвэрийн төсөлд санал өгөх эрхгүй, бусад гишүүдтэй ч санал солилцох ёсгүй гэсэн хатуу дэг журамтай тул Монголтой холбоотой шийдвэрийг ч уншиж танилцуулах боломжгүй.


Тиймээс хорооны Ерөнхийлөгчийн хувьд бусад 16 хэргийн шийдвэрийг би танилцуулж, харин хорооны дэд ерөнхийлөгч Замби улсын парламентын гишүүн Харри Камбони Монголын парламентчтай холбоотой хэргийн шийдвэрийг зарлав.


Уг шийдвэрээр УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг өөрийн чиг үүргийн хүрээнд чуулганы хуралдааныг удирдсаных нь төлөө “Төрийн эрхийг хууль бусаар булаан авах” гэмт хэрэгт буруутгаж буйд харамсаж байгаагаа илэрхийлж, парламентчийнх нь хувьд бүрэн эрхийг нь зөрчиж, айлган сүрдүүлэх, чөлөөтэй зорчих эрхийг хаах гэх мэт зөрчил гарч байгаа талаар цаашид хороо анхааралдаа авч хэлэлцэхээр тогтлоо. Мөн цахим орчинд нэр хүндийг нь унагах зорилгоор зохион байгуулалттай ажиллагаа, ялгаварлан гадуурхалт хийгдсэн байж болзошгүй тул үүнийг олж тогтоохыг УИХ-д даалгасан шийдвэр гаргасныг танилцууллаа." хэмээн нийгмийн сүлжээнд бичсэн юм.


Үүнтэй зэрэгцэн, Х.Булгантуяатай нэг фракц буюу найз нөхөд нь уг мэдээллийг нийгмийн сүлжээнд түгээн, зарим нөхөд: "Асуудал хүндэрвэл та нар улсаараа хилийн хориг тавиулна." гэж хөөрцөглөсөн байна.



Уучлаарай,


нэгдүгээрт ОУПХ ямар ч шийдвэр гаргадаггүй, зөвхөн зөвлөмж л гаргадаг.

Хоёрдугаарт, ОУПХ зөвлөмж гаргахдаа Монгол дахь тодорхой эх сурвалжуудаасаа авсан мэдээлэлдээ үндэслэдэг. Тэгвэл мэдээллийн эх сурвалж нь өөрөө Х.Булгантуяатай нэг фракци, найз нөхөд байсан байж болно. Иймээс ч ОУПХ-ы авсан мэдээлэл өөрөө хэт нэг талыг барьсан, өрөөсгөл мэдээлэл байсныг үгүйсгэх аргагүй.

Гуравдугаарт, Монгол Улс бол тусгаар тогтносон улс. Х.Булгантуяатай холбоотой Үндсэн хуулийн цэцийн шийдвэр нэгэнт гарчихсан. Иймээс ч ямар нэг олон улсын байгууллагын зөвлөмжтэй, зөвлөмжгүй Монгол Улс дотоод асуудлаа л шийдсээр ирсэн, шийдэх ч болно гэдгийг сануулах нь зөв болов уу?


Э.Солонго