Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа хоёр дахь жилээ үдэж (705 өдөр шөнө) байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Freeдom ТВ, дайны дүн шинжилгээний DeepState алба, оросын армийн хурандаа генерал профессор Леонид Ивашов, эрх баригчдаасаа гадаадын тагнуулч гэсэн ял сонсоод буй Москва хотын Думын депутат Евгений Ступин, Чехийн Ерөнхийлөгч Петр Павел, АНУ-ын Конгрессын Сенат дахь БНН-ын лидер Митч Макконнелл нарын ярьсанаас орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
Фронтын байдал. Украиныг хамгаалагчид Запорож, Донецк мужид давшилтаа ахиулж, амжилт олж байгаа тухай Америкийн Дайн судлалын институт (ISW) мэдээлэв. Донецкт мэдэгдэм амжилт олжээ. Донецк хотын баруун өмнө зүгээс Новомихайловкт 500 метрээс 1.5 километр хүртэл газраа чөлөөлжээ. Запорож мужийн дорнод хэсэгт тулалдаан өрнөнө. Тернов хотын дорно хэсэгт байлдаан үргэлжлэв. Вербовый хотын баруун хэсэгт украины батлан хамгаалах хүчний давшилт өрнөв. Фронтын янз бүрийн чиглэлүүдэд Оросын цэрэгт ихээхэн хохирол учруулав. Хоногтоо 1000 орчим орос цэрэг амиа алдаж байна.
Даян дэлхийн геополитикийн орон зайн талбарт Орос орон хөөгдмөл ганцаардмал хөгийн улс болж хувирлаа. Украин руу халдаж ороод л Барууныг нягтруулчихсан, дэлхийн 50 улс Украиныг дэмжиж байна. Гэтэл Оросыг хэн дэмжив. Оросын арми ялагдал дампуурлаа амсахын даваан дээр байна. Ийм өргөн фронтоор дайн хийнэ гэдэг ердөө л дампуурал. Ийм өргөн зурваст байлдана гэдэг зүгээр л авантюр. Төрийн Думын гишүүн Картаполов, Гурулев гэх хиймэл цаасан генералууд суртал ухуулагч болоод нэмэр алга. Тэд жинхэнэ алиалагчид. “Боевой” гэж өөрсдийгөө ичихгүй нэрлэнэ.
Хагас сүйрлийн байдалд Орос орон дэнжигнэж байна. Ийм хүнд үеийг Орос хэзээ ч амсаагүй. Хамаг хүч нөөцөө барлаа. Оюун тархиа алдаж гүйцлээ. Оросын соёл нурж байна. Оросын боловсрол сүйрлээ. Үндэстэн хоорондын зөрчил тэмцэл хурцадлаа. Ерөнхийлөгчийн сонгууль сонгууль биш болж хувирна. Боловсон хүчний авилга Оросыг нөмөрлөө. Путин энэ бүхний буруутан нь. Орос орон их өөрчлөлтийн өмнө тулж ирлээ хэмээн Леонид Ивашов, Евгений Ступин нар аман уралдан ярьсан бичлэг сайтуудад тавигджээ. Эх орноо, армиа муулсан биш, харин эх орондоо ард түмэндээ дохио сануулга гэж байгаа нь тэр гэв.
Украинд цаашдаа ч туслах болно, тэгж туслах нь АНУ-ын үндэсний ашиг сонирхолд нийцнэ хэмээн сенатч Митч Макконнел мэдэгджээ. Конгресст түүний хэлсэн үгс америкчуудын голд ортол бодогдуулахаар мэргэн бууж байна. Украинд туслах нь буяны үйлс биш, тэр тухай ярихгүй. Буян түгээж олон улсын харилцааны абстракт зарчмуудаа илтгэх гэж байгаа асуудал биш. Энд би америкийн хүйтэн, эрс тэс эрх ашгийг ярьж байна. Хүч хэрэглэх замаар дэлхийн газрын зургийг өөрчлөх боломжийг авторитари дэглэмд эдлүүлж яавч болохгүй. Америкчуудын амь насыг сүйтгэхгүйгээр томхон дайсныхаа цэргийн хүч чадлыг сулруулахад туслана гэдэг АНУ-ын ашиг сонирхол мөн. Түрэмгий авир араншинг нь тогтоон барих нь манай ашиг сонирхол мөн. Түрэмгий авираасаа болж илүү өргөн мөргөлдөөн өдөөж, манай ойрын холбоотнууд, худалдааны түншүүдэд шууд заналхийлэхийг бид зөвшөөрөх ёсгүй. Европ дахь дайны хор уршгийн эсрэг АНУ дүр эсгэж чадахгүй.
Оросын түрэмгийлэлд, Хятадтай стратегийн өрсөлдөөнд хариу өгөхгүй өнгөрнө гэж төсөөлж ч болохгүй. Европ дахь Оросын ялагдлыг түргэтгэх хэрэгтэй. Энэ нь Европт ч, мөн Энэтхэг-Номхон далайн бүс нутагт ч манай дайснуудын зүгээс нэгэн зэрэг түрэмгийлэл үйлдүүлэхгүй байхад бидэнд туслах болно–Макконелл хэлжээ.
АНУ-д ийм яриа өрнөж, Конгресст нэгдсэн шийдэлд хүрэх зам нээгдэж буй энэ цаг үед ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин АНУ-д албан бус сувгуудаараа дамжуулан хандсан мэдээлэл тархав. Украины ирээдүйн аюулгүй байдлын талаар хэлэлцэхэд бэлэн байна гэсэн мэссэж өгсөн тухай Bloomberg оросын, бүр Кремлийн эх сурвалжаас эшлэн мэдээлэв. Украиныг төвийг сахиулна, НАТО-д элсүүлэхгүй гэсэн хатуу шаардлагаасаа Путин татгалзах бодолтой байж магадгүй гэсэн нь бүр ч ноцтой юм. Орос ялагдлаа хүлээн зөвшөөрөх рүүгээ явж байгаа юм биш байгаа?