sonin.mn

Япон хэлний орчуулагч, боловсролын зөвлөх С.Оюунбилигтэй ярилцлаа. 


-Япон хэлийг сурах хэцүү гэдэг. Энэ хэл ер нь ямар онцлогтой хэл вэ?


-Хэл шинжлэлийн хувьд энэ хэл ямар хэл вэ гэдгийг мэргэжлийн хүмүүс илүү нухацтай хариулах байх. Миний бодлоор бол энэ хэл ямархуу хэл вэ гэхээр Монгол болон Япон хэл нь дүрмийн хувьд нэг аймгийн хэл. Тэр үүднээсээ Монгол хүн бусад хэлийг бодвол Япон хэлийг илүү хурдан сурах болов уу гэж бодож байна. Мэдээж ямарваа нэгэн хэлийг сурахад тийм амар биш. Тухайн хүнээс маш их хичээл зүтгэл, нөхцөл байдал, орчин шаардана. Гэхдээ Япон хэл нь яг ямар хэл вэ гэвэл Монгол хэлтэй нэг аймагт ордог учраас хэл шинжлэлийн хувьд илүү дөхөм, бүтцийн хувьд адилхан байдаг. 


-Ер нь Японы уран зохиолоос манайд хэр орчуулсан байдаг вэ?


-Ерөнхийдөө судлаад үзэхэд 1950-иад оноос Японы уран зохиолыг Орос, Англи хэл болон гуравдагч хэлнээс дамжуулж Монгол хэл рүү орчуулж эхэлсэн байдаг. Мэдээж түүнээс өмнө бас орчуулсан байдаг байх. Гэхдээ 1972 онд Япон, Монгол хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш МУИС-д албан ёсоор Япон хэлний тэнхим байгуулагдаж энэ тэнхимээс сор болсон анхны оюутнууд төрөн гарч Японы уран зохиолоос орчуулж эхэлсэн байдаг. 


Энэ хүрээнд ерөнхийдөө тухайн үед Японы сонгодог уран зохиолуудыг илүү орчуулж эхэлсэн. Сүүлийн жилүүдэд манай Япон хэлний орчуулагчид Японы орчин үеийн уран зохиолоос илүүтэй орчуулж Монгол уншигчдад хүргэж байна.  


Миний судалж үзсэнээр Монголд Японы уран зохиолоос ойролцоогоор 500-аад бүтээлийг орчуулсан байдаг. Мөн богино өгүүллэг, танка, хайкугийн хувьд тэр орчим байдаг. Мэдээж манайд Японы уран зохиолыг орчуулдаг олон чадварлаг орчуулагчид байдаг. Миний мэдэхээр нэрт орчуулагч Д.Төмөрбаатар 1990-ээд онд Японы уран зохиолоос маш олон бүтээлийг орчуулсан. Мөн залуучуудын унших дуртай Мураками Харукигийн номыг манай нэрт орчуулагч О.Жаргалсайхан гуай нэлээн анхдагч байдлаар орчуулж уншигчдад хүргэсэн. Түүнчлэн хэл бичгийн ухааны доктор Ц.Онон багш Япон хэлнээс олон бүтээлийг орчуулж уншигчдын хүртээл болгосон. Мөн сүүлийн үед өөр олон шинэ залуу орчуулагчид төрөн гарч энэ чиглэлээр ажиллаж байгаа.


-Таны хувьд өөрөө энэ хэлийг хэрхэн сурсан бэ? Танд Японы уран зохиолоос орчуулахад зөвлөгөө өгдөг хүн байдаг уу?


-Миний хувьд хүүхэд байхдаа аав ээжийгээ дагаж Японы Осака хотод очиж амьдарсан. Манай аав тус хотод зочин профессороор уригдаж ажиллаж байсан. Тэр үүднээсээ миний хүүхэд нас Японд өнгөрч тэнд бага дунд сургуулиа дүүргэсэн. Уран зохиолын орчуулгын хувьд надад манай гэр бүлийн зүгээс их зөвлөгөө өгдөг. Аав ээж хоёр маань хоёулаа хэл шинжлэлийн хүмүүс учраас зөвхөн Японы уран зохиол төдийгүй Монголын уран зохиолын талаар маш их зөвлөгөө өгдөг.  


-Ер нь Японы уран зохиол Монголын уран зохиолоос юугаараа онцлогтой байдаг вэ? 


-Мэдээж философийн хувьд асар их ялгаа байдаг. Жишээ нь Японы хайку шүлэг бол тав долоо тав гэсэн бүтэцээр дамжуулж хүний дотоод сэтгэлийн мөн чанар өөрийн бодож байгаа бодлыг улирал болон байгаль орчинтой зүйрлэж ижил хэмжээний ойлголтыг өгдөг. Тэр утгаараа хайку шүлэг нь хүний дотоод мөн чанар луу илүү хандсан байдаг. Нөгөөтэйгүүр манай Монголын уран зохиол мэдээж байгаль орчинтойгоо нягт холбоотой байдаг.  Бас Японы уран зохиолын нэг онцлог нь тухайн зохиолын гол баатар нь өөртэйгөө буюу дотоод сэтгэлгээтэйгээ илүү харьцсан байдаг. Харин манай Монголын уран зохиол миний ойлгосноор илүү гадагшаагаа буюу баатарлаг үйлсээр дамжуулж өөрийгөө илэрхийлдэг юм болов уу гэж боддог.     


-Та одоогоор Япон хэлнээс хэдэн ном орчуулаад байна? 


-Миний хувьд одоогоор гурван роман орчуулаад байна. Хамгийн анх 2011 онд Японы нэрт зохиолч Ёшимото Бананагийн “Гал тогооны өрөө” гэдэг зохиолыг Японы Азийн сангийн дэмжлэгтэйгээр орчуулж байсан. Удаах нь 2019 онд Японы утга зохиолын тэргүүн байранд байнга тэмдэглэгдэж байдаг Дазай Осамугийн “Би хүн байх эрхгүй” гэдэг номыг орчуулсан.  Мөн саяхан зохиолч Мураками Харукигийн хамгийн сүүлд туурвисан романыг Монгол хэлнээ орчуулсан. Романы хувьд эдгээр гурван зохиолууд байна. Богино өгүүллэгийн хувьд Мураками Харукигийн ойролцоогоор 40-өөд богино өгүүллэгийг орчуулсан. Мөн хайку, танка шүлэг 2000 гаруйг орчуулаад байна. Түүнчлэн Японы алтан үеийн гэж яригддаг сонгодог зохиолчдын 600 гаруй орчим бүтээлийг орчуулсан. Миний хувьд Японы уран зохиол ба зохиолчид гэдэг пейжийг сайн дурын үндсэн дээр хөтөлж, хүүхэд залуучууддаа өөрийн орчуулсан бүтээлүүдээс сонирхуулдаг. 


-Та одоогоор Японы ямар уран зохиолоос голчлон орчуулж байгаа вэ? Мөн таныг саяхан Японы нэрт зохиолч Мүраками Харүкигийн номыг орчуулсан гэж сонссон. Энэ талаараа ярихгүй юу? 


-Сүүлийн үед би гол төлөв хайкүг илүү голчлон орчуулж байна. Хайкү шүлэг нь ерөнхийдөө Япончуудын дотоод мөн чанар философийг маш богино хэмжээнд өгүүлдэг богино утга зохиол. Тэрийг ерөнхийдөө чадан ядан орчуулж байна. Гэхдээ хайкуг Монгол хэлнээ орчуулахад үгэндээ баригдах уу, үсэгтээ баригдах уу, аль эсвэл утгыг нь илүү чухалчлах уу гэдгийг би өөрөө бас нэлээн бодож орчуулдаг. Сүүлд орчуулсан Мураками Харукигийн романы хувьд бол мэдээж тийм амар байгаагүй. Мураками Харуки зохиолчийн хувьд бол маш өвөрмөц онцлогтой зохиолч. Түүний талаар дэлхий дахинд маш олон судалгаа байдаг. Манай уншигч нар ч гэсэн Мураками Харукигийн орчуулгын бүтцийн талаар тэр хүний дотоод философийн урсгалын хэв маягийг маш гярхай мэддэг болсон. Орчуулгын бүтцийн хувьд Мураками Харукигийн бүтээл орчуулагчийн хувьд нэлээн шалгуур өгдөг зохиолч гэж би боддог. Яагаад гэвэл шууд утгаар илэрхийлэх зүйл байдаг хэдий ч шууд утгаараа далд утгыг бас илэрхийлдэг ийм өвөрмөц шинж чанартай байдаг. Түүнчлэн Мураками Харукигийн зохиол болгон дээр гарч ирдэг хэдэн гол субъект байдаг. Зохиолын баатар буюу гол хүн нь өөртэйгөө нэлээн ажилладаг буюу өөрийнхөө дотоод ертөнц рүү чиглэдэг. Тэр нь болохоор ерөнхийдөө өөрөө бодоод байна уу аль эсвэл зөвхөн өөрийнхөө дотоод ертөнц дээр аялаад байна уу гээд уншигчдийг төөрөгдөлд оруулдаг. Энэ нь тэр зохиолчийн нэг өвөрмөц онцлог байдаг. Монголын сүүлийн үеийн залуучууд ч гэсэн үүнийг маш сайн мэддэг болсон. 


-Ер нь Японы уран зохиол дэлхийн бусад уран зохиолоос юугаараа ялгаатай вэ? 


Философоороо ялгаатай юм болов уу гэж боддог. Философи гэдэг бол өөрөө маш том ертөнц. Тэр үүднээсээ уран зохиолоор дамжуулаад тухайн үндэсний хүмүүсийн философийг ойлгоно гэдэг нь утга зохиолын хамгийн чухал амин сүнс нь юм болов уу гэж боддог. 


-Японы зохиолчдоос утга зохиолын салбарт Нобелийн шагнал авсан зохиолчид хэр олон байдаг юм бол? 


-Японы зохиолчдоос хамгийн анх 1968 онд Кавабата Ясунари авсан байдаг. Удаах нь Оэ Кэндзабуро гэдэг зохиолч 1994 онд утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртсэн. Мөн өөр олон нэр хүндтэй зохиолчид бий.  


-Сүүлийн үед манай залуус Японд олноороо сурах болсон. Мөн нийслэл Улаанбаатар хотод Япон хэлний олон сургалтын төвүүд ажиллаж байна. Та Монголын хүүхэд залуус Япон хэлийг хэр сайн сурч байгаа гэж үздэг вэ?


-Би Монголын хүүхэд залуус Япон хэлийг сайн сурч байгаа гэж боддог. Энэ нь нэгдүгээрт Монгол, Япон хэлний хооронд ижил тал байдаг учраас Монгол залууст өгөгдөл буюу суурь нь байдаг гэсэн үг. Хоёрдугаарт тухайн хүний идэвхи чармайлт бас орж байгаа. Гэхдээ сүүлийн үед технологийн дэвшилтэй холбоотойгоор Монголын хүүхэд залуус кино болон мангагаар дамжуулж энэ хэлийг механикаар биш яг тийм амьдаар нь сурч байгаа гэж бодож байна. Тэгэхээр сайн гэж сурч байгаа болов уу.  


-Таныг Японы боловсролын салбарыг судалдаг гэж сонссон. Ер нь таны харж байгаагаар Японы боловсролын систем Монголын боловсролын системээс юугаараа ялгаатай вэ?


-Манайх одоо багш төвтэй сургалтаас хүүхэд төвтэй сургалт руу шилжиж байна. Японых болохоор Дэлхийн хоёрдугаар дайны дараа энэ сургалт руу аль хэдийнэ шилжсэн. Энэ нь манай хоёр улсын боловсролын тогтолцооны хамгийн том ялгаатай тал. Үүнээс үүдээд боловсролын салбарын бусад хүчин зүйлүүд нь нэлээн өөр байдаг. Мэдээж хүүхэд төвтэй сургалт хүүхдийнхээ төлөө байдаг. Хүүхдэд захирангуй байдлаар тушааж хичээл заахаас илүүтэйгээр тухайн хүүхэд маань ямар онцлогтой байна, гадаад хэл сурах хүсэлтэй байна уу эсвэл дуу хөгжмийн өгөгдөлтэй байна уу, аль эсвэл бие бялдрын хөгжлийн өгөгдөлтэй байна уу, тэр хүүхдийн сонирхол нь юу байна гэдэг дээр тулгуурлаад үүнийг хөгжүүлж дэмжвэл энэ нь хүүхдийн ирээдүйн төлөө явна гэсэн үг. 


Харин багш төвтэй сургалт нь тухайн хүүхдийн өгөгдлийг хоёрдугаарт тавиад би энийг заамаар байна гэдэг зүйл рүү чиглэх юм бол тэр нь хүүхдийн хөгжих чадварыг цэцэглүүлж чадахгүй. 


Ийм том ялгаатай. Гэхдээ яг багш нарын дунд энэ боловсролын чиглэлтэй холбоотой асуудлыг яриад ирэхээр энэ асуудал нэлээн ундраад явдаг. Тэр үүднээсээ манай улс цаашдаа энэ чиглэл рүү орох ёстой. 




Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье. 

Ярилцсан Ж.Батдорж