sonin.mn

ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /NHK/. Япон болон Төв Азийн таван орны удирдагчид эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх, чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх чиглэлээр цаашид хамтран ажиллахыг уриалсан “Токиогийн тунхаглал”-ыг баталжээ.


Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ болон Казахстан, Узбекистан, Киргиз, Тажикистан, Туркменистаны удирдагчдын уулзалт Токиод болсон байна.


Бямба гарагт болсон нэгдсэн хуралдааны эхэнд Т.Санаэ хэлэхдээ, Төв Азийн таван улс болон Японы хооронд дээд хэмжээний уулзалтыг анх удаа зохион байгуулж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд, сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Элчин сайдын болон бусад түвшний уулзалтыг тогтмол хийж ирсэн болохыг онцоллоо. Төв Азийн орнуудын хүн ам өсөхийн хэрээр эдийн засаг нь хурдтай хөгжиж, дэлхийн асуудлыг шийдвэрлэхэд томоохон үүрэг гүйцэтгэж байгааг тэрбээр онцолсон байна. Мөн энэхүү бүс нутаг нь Ази болон Европыг холбосон худалдааны чухал зам тул ач холбогдол нь нэмэгдэж байгааг цохон тэмдэглэжээ.


Төв Азийн нөхцөл байдал хурдацтай өөрчлөгдөж байгаатай холбогдуулан бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагаа улам чухал болж байгааг Японы Ерөнхий сайд мөн онцлов.


Тунхаглалд дурдсанаар, удирдагчид эдийн засгийн харилцааг бэхжүүлэх, практик хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ажиллана. Мөн Япон улс дараагийн таван жилийн хугацаанд Төв Азид нийт 3 их наяд иен буюу 19 орчим тэрбум ам.долларын төслүүд хэрэгжүүлэх зорилт тавьсныг дурдсан байна. Удирдагчид мөн чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцжээ.


Уг баримт бичигт хиймэл оюуны салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх түншлэл байгуулах тухай мөн дурдсан байна.


Түүнчлэн Төв Ази болон Европыг холбосон “Каспийн тэнгисийг дамнасан олон улсын тээврийн чиглэл”-тэй холбоотой хамтын ажиллаагааг өргөжүүлэхээр тохиролцжээ.  Удирдагчид мөн хууль дээдлэх ёсонд суурилсан чөлөөтэй, нээлттэй олон улсын дэг журмыг хадгалах, бэхжүүлэхэд харилцан хамтран ажиллахын ач холбогдлыг онцолсон байна. Төв Ази-Японы дараагийн дээд хэмжээний уулзалтыг Казахстанд зохион байгуулна.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг