sonin.mn

БЭЭЖИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /Xinhua/. Хайнанийн чөлөөт худалдааны боомт /ЧХБ/ нь арлын хэмжээнд гаалийн тусгай үйл ажиллагааг эхлүүлсэн нь протекционизмын эсрэг Хятадын байр суурийг илэрхийлэхийн сацуу эдийн засгийн даяаршлыг дэмжих томоохон алхам болж байна гэж Хятадын эдийн засагч Хуан Ханьчуан хэлжээ. 


Хятадын Макро эдийн засгийн судалгааны академийн тэргүүн Х.Ханьчуан “Xinhua” агентлагийн “China Economic Roundtable” хэмээх ярилцлагын нэвтрүүлгийн ээлжит дугаарт оролцох үеэрээ ийнхүү ярьсан байна.


“Пүрэв гарагт болсон нээлт нь дэлхийн хоёр дахь том эдийн засагтай орны нээлттэй бодлогыг илэрхийлэх томоохон үйл явдал болж байна. Энэхүү алхам нь Хятад улс цаашид нээлттэй байх чухал шийдвэр гаргасан гэсэн бодит дохиог дэлхий дахинд илгээж байна” гэж тэрбээр хэлжээ. Түүний ярьснаар, тус улс мөн өндөр түвшний нээлттэй байдлын жишиг тогтоох, олон талт байдал, чөлөөт худалдааг дэмжих шинэ эрчийг авчрах, хүртээмжтэй, бүх нийтэд ашиг тустай эдийн засгийн даяаршлыг хөгжүүлэхийг зорьж байна.


“Энэ бол өндөр стандарт бүхий олон улсын эдийн засаг, худалдааны дүрэм журмыг дагаж мөрдөх, институцийн нээлттэй байдлыг тогтвортой өргөжүүлэх стратегийн алхам юм” гэж Х.Ханьчуан цохон тэмдэглэжээ.


Хятадын эдийн засаг хурдацтай өсөлтөөс өндөр чанартай хөгжилд шилжсэн бөгөөд одоо өсөлтийн загварыг өөрчлөх, эдийн засгийн бүтцийг оновчтой болгох, өсөлтийн хөдөлгөгч хүчийг өөрчлөх чухал үе шатандаа явж байна гэдгийг тэрбээр дурдлаа. Хятад дахь шинэчлэлийн туршилтын гол талбар болох Хайнань нь өндөр стандарт бүхий социалист зах зээлийн эдийн засгийг бий болгох, ялангуяа худалдаа, хөрөнгө оруулалт, санхүү, санхүүгийн систем, засгийн газрын зохицуулалт зэрэг гол салбарт шинэ зам гаргаж, шинэ туршлага хуримтлуулах чухал үүргийг гүйцэтгэж байна гэж Х.Ханьчуан нэмж хэлэв.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг