sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /Anadolu/. АНУ-Венесуэлийн зөрчил хурцдаж байгаагаас үүдэн найдвартай активуудын эрэлт нэмэгдсэнээр даваа гарагт алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ. 




Тодруулбал, даваа гаргийн 07:00 цагийн байдлаар алтны үнэ 2 хувиар өсөж, унц нь 4420.35 ам.долларт хүрснээр 10 дугаар сард хүрээд байсан дээд үзүүлэлтээ шинэчилсэн байна. Энэ онд худалдаа, геополитикийн хурцадмал байдал, Төв банкны хүүг бууруулах шийдвэр зэргээс шалтгаалан алтны үнэ 70 хувиар өсжээ.




Түүнчлэн даваа гарагт мөнгөний үнэ 3 хувиар өссөнөөр нэг унц нь 69.5 ам.долларт хүрч, дээд амжилт тогтоолоо. Ингэснээр сүүлийн 12 сарын хугацаанд мөнгөний үнэ 130 гаруй хувиар өсжээ. Хөрөнгө оруулагчид ирэх онд бодлогын хүү буурч, эрэлт нэмэгдэж, нийлүүлэлт багасна хэмээн таамаглаж байгаа тул үнэт металлын үнэ үргэлжлэн өсөж байна.




Дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурд саарч байгаатай холбоотойгоор найдвартай активуудын эрэлт нэмэгдэж буй энэ үед даваа гарагт энэхүү ээлжит өсөлт ажиглагджээ. 2026 онд АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулах магадлал нэмэгдсэн нь биет хөрөнгийн эрэлтийг нэмэгдүүлсэн байна.

Вашингтон, Каракасын хоорондох хурцадмал байдал улам бүр нэмэгдэж байгаа энэ үед АНУ Венесуэлийн эргийн ойролцоогоос гурав дахь хөлөг онгоцыг саатуулахаар ​бэлтгэж байгаа талаарх мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд цацагдсан нь дэлхийн геополитикийн урьдчилан таамаглах аргагүй байдлыг улам бүр нэмэгдүүлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлийг газрын тосны орлогоо АНУ руу хууль бус цагаачлал болон мансууруулах бодис тээвэрлэлтийг санхүүжүүлэхэд ашигладаг хэмээн мэдэгдээд, тус улсад тавих хяналтыг нэмэгдүүлээд байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Д.Трамп Өмнөд Америкийн тус улсад хуурай замын довтолгоо хийнэ хэмээн сүрдүүлж, хориг арга хэмжээ авсан газрын тосны танкеруудыг тус улсад орж, гарахыг хаахыг тушаажээ.


Э.Хулан


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг