sonin.mn

Говийн V Ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэндэлсний 220 жилийн ойг өнгөрсөн 2023 онд тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Энэ үеэр Ноён хутагттай холбоотой олон сонирхолтой баримт, мэдээллийг говийнхон, тэр дундаа хутагтын музейгээс олонд толилуулсан юм. Хутагтын эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлийг үе дамжин хадгалж буй хүн ч мэр сэр байдаг. Тэдний нэг нь Ноён хутагтын удмынх гэгдэх өндөр настан Ш.Цэдэн гуай өдгөө Сэлэнгэ аймгийн Мандал суманд амьдарч байна. Түүнтэй уулзан ярилцсанаа уншигч та бүхэндээ толилуулъя.


Таныг V Ноён хутагтын удмын хүн гэж сонслоо. Хэд дэх үеийнх нь хүн юм бэ?


-Ноён хутагт Д.Данзанравжаа 1803 онд Дорноговь аймагт төрсөн. Зургаатайдаа хутагтаар тодорсон түүхтэй юм билээ. Тэр үед орон нутгийн ноёд дээдсүүд найр наадам хийж, хурал ном хурж л дээ. Дулдуйт гэгч хүн хүүгээ дагуулаад ноёныд очиж. Ихэс дээдэс цугларсан, жасаа уншиж, ном хурцгааж байна гэнэ. Өлсөж цангасан, навсайсан жаахан хүүхэд дагуулсан өвгөн гэрийн хатавчинд суухад эзэгтэй нар хоол цай өгсөн байна. Харин ихэс дээдсээс тэр хоёрыг тоох ч хүн алга. Тэгтэл гэнэт ширүүн бороо орж, эсгий бүрээс нэвтрэн гэрт дусаал хаа сайгүй гоожиж, хаяа хатавчаар урсаж, хамаг амьтан норжээ. Төдөлгүй бороо онгойход үүдэнд суусан Дулдуйтын хүү хуурай байж гэнэ. Ноёд “Энэ яагаад ганцаараа хуурай байдаг билээ” гэсэнд Равжаа 


“Үүл нь гараад бороо орохын цагт 

Үүдэн гэмээ нь хоймор юуны ялгаа.

Үйл нь ирээд үхэхийн цагт 

Хөгшин гэмээ нь залуу юуны ялгаа” гэж хэлсэн байгаа юм. Тэгтэл тэд “Энэ жирийн хүүхэд биш байна” гэлцэж. Тэр үеэс эхлэн V Ноён хутагтаар тодорсон гэдэг. Ноён хутагтын тухай “Оршихуйн цаглашгүй мандал” номыг судлаач Д.Баатар гэж хүн бичсэн /ширээн дээрх номыг авч дэлгэв/. Энэ номонд “ ..Ноён гэгээн Равжаа шавь Шагдаржавдаа нэлээд зүйл дурсгасан нь эдүгээ түүний төрөл садангийн айлуудад хадгалагдан үлджээ. Равжаа шавьдаа ном эрдэм сургаад гэрт нь буцаахдаа дурсгасан Жадамба судар, модон гэртэй сац хонх нь Шагдаржав мээрэнгийн жич, зээ хүү Ендонжамцын охин Мөнхөөд хадгалагдаж байгаа бол Равжаагийн төрсөн гал голомтын удмын хүн Дэлгэрэх сумын иргэн, прокурор Ш.Цэдэнд хүрэм нь хадгалагдаж байна...” гэж бичсэн байдаг. Гэхдээ Д.Баатар судалж бичихээсээ өмнө надтай уулзаагүй учраас дээлийг хүрэм гэж андуурсан байдаг (Цэдэн гуай босож хоймрын авдар дээрх шилэн хоргоноос хар булган эмжээртэй, улаан торгон дээлийг гаргаж үзүүллээ). Би мэргэжлийн хуульч хүн. Тиймээс нотлох баримтгүйгээр ямар ч юмыг ярьж болохгүй гэх үзэл толгойд шингэсэн.


Д.Баатар надад “Би танайхныг судалж үзлээ. Та яах аргагүй удмынх нь хүн юм билээ” гэж ярьсан. Гэвч би өөрөө үндэслэлтэй нотолж чадахгүй. Миний хувьд “Бид өндөр Шагдарынхан" гэж ургийн ном бичсэн юм. Ямартаа ч өндөр Шагдар ноён хутагттай их холбоотой хүн байсан юм билээ. Хамаатан саднаараа, эсвэл ажил үйлсээрээ юу гэдгийг нь сайн мэдэж чадаагүй. Их эрдэмтэй, бурхан зурдаг, зурсан бурхандаа гурван нүдний чандмань тамгаар гарын үсгээ төлөөлүүлдэг байж. Тийм бурхан Улаанбаатар хотын төв ганданд олон байдаг тухай МУУГЗ Д.Гүрдорж номондоо бичсэн байсан. Би зорьж очоод үзэхсэн гэж бодоод л байгаа. Хутагтын дээл манай удамд өндөр Шагдараас эхлэн 170 орчим жил үе дамжин хадгалагдсан. Социализмын үед гадагш нь мэдэгдэж, нээлттэй ярьж судлах ямар ч боломж байсангүй. Ээж авдрын ёроолдоо баадагнан нууцалж байгаад ардчилал гарсан хойно ил гаргаж надад уламжлуулж өгсөн. Манайхан энэ дээлийг үргэлж шүтэн дээдэлдэг. Жил бүр ирж надтай золгоод, дээлэндээ мөргөцгөөдөг юм. Өндөр Шагдарынхан ургийн баяраа хийж, ургийн ахлагчаар намайг томилсон. Туг, тамгатай болсон. Тамга нь надад, туг нэг дүүд байгаа.


-Хутагтын дээлийн бүс нь уламжилж ирээгүй юм уу?


-Бүстэй байсан. Гэвч олон жилийн өмнө бүсийг нь хувааж авцгаасаар дууссан. Хүүхэд багачуул нь ханиад хүрч, халуурч бүлээрвэл хайчилж аваачин утдаг юм. Үнэндээ тэр дороо л эдгэрдэг, сонин шүү. Хамаатны зарим айлд бага багахан тасархай үлдсэн л гэдэг юм.


-Өөр энд тэнд Ноён хутагтын эд зүйлсийг хадгалдаг хүн хэр олон байна вэ?


-Дэлгэрэх сумын Г.Алтанцэцэг гэж хүнд хутагтын өрөөсөн шаахай байгаа гэдэг. Ер нь, хүмүүс сүүлийн үед хутагтынх гээд янз бүрийн л зүйл гаргаж ирдэг болсон юм билээ. Үнэн худлыг нь мэдэхгүй шүү дээ.


-Таны бага нас хаана, хэрхэн өнгөрөв?


-Миний уугуул нутаг Дорноговь аймгийн Дэлгэрэх сум. Би 1937 онд айлын том хүү болж төрсөн. Эцэг, эхээсээ гурвуулаа. Дараагийн дүү маань жолооч байлаа, бурхан болсон. Бага дүү насаараа урлагийн байгууллагад ажилласан. Улсын ардын дуу бүжгийн чуулгад хөгжимчин байсан. Би наймтайдаа буюу 1945 онд бага сургуульд элсэн суралцсан. Дөрөвдүгээр ангиа төгсөөд мал дээр гарсан юм. Тэгж байгаад 1957 онд 20-тойдоо сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн дарга болж байлаа. Тэр цагаас өнөөг хүртэл төр захиргаа, хуулийн салбарт 62 жил тасралтгүй ажиллалаа.


-Дөрөвдүгээр анги төгссөн хүн сумын нарийн бичгийн дарга болоход ямар байв. Мэдэхгүй, чадахгүй зүйл их тулгарч байв уу?


-Би бичиг үсэг, сурлага сайтай хүүхэд байлаа. Тиймээс л намайг сум орон нутгаас дуудаад энэ албан тушаалд томилсон байх. Уг нь, намайг бага сургууль төгсөхөд аймгийн ерөнхий боловсролын сургуульд хуваарилсан юм. Гэтэл тэр үед хүмүүс хүүхдээ сургуульд явуулах сонирхолгүй байсан. Хөөж тууж, хэл ам хийж байж аймаг руу явуулдаг. Г эвч аав, ээж минь “Хүүгээ малчин болгоно” гээд аваад үлдэж билээ. Би ч бага байсан болохоор гэрээсээ холдохгүй гээд дуртай нь аргагүй “Мал маллана” гээд яваагүй юм /инээв/.


Уг нь, манайх тийм ч олон малтай байгаагүй. Амьжиргааны таван төрлийн цөөхөн хэдэн малтай. Энэ үедээ би бичиг үсгээ улам сайжруулсан. Багийн дарга нарын гар хөлийн үзүүрт нарийн бичиг хийнэ. Хятад сампинг маш сайн эзэмшиж сурсан. Бичиг үсэг мэдэхгүй хүн олон байсан учир багийн дарга намайг бүлгэмийн багш болгож, олон хүнд бичиг үсэг заасан. Өнөө “Шинэ үсгийн багш” киноны багш шиг л хөгшин, залуу шавь нартай хүү байлаа /инээв/. Тэр үед хичээлийн хэрэгсэл гэж олигтой юм байхгүй. Балын харандааг хэд хэд хувааж өгнө. 12 мөнгөний дэвтэр гараагүй үе. Олдсон цаасан дээрээ л бичүүлнэ. Дүнсэн тамхины цаас маш сайхан дэвтэр болдог сон. Есдүгээр сарын 1-нд улсын хүн амын болон мал тооллого болоход бичээчээр дагаад л явна. Тиймээс нарийн бичгийн даргын ажил хийхэд гайгүй байсан.


-Аав, ээж чинь бичиг үсэгт хэр хүмүүс байв ?


-Аав маань хуучин бичигтэй, агентад ажилладаг байсан юм билээ. Ээжид би бичиг үсэг сургаж байлаа. Ээж маань 2003 онд 90 гараад бурхан болсон. Дээр үеийн хүмүүс хүүхдээ ил эрхлүүлдэггүй байж. Хайр нь дотроо, хал нь гаднаа гэдэг дээ. Ер нь, эрх хүүхэд байгаагүй. Би багадаа халуун, хүйтэн, шуургатай ямар ч нөхцөлд өдөржин малаа хариулсаар орой өлсөж ирэхэд ээж мэдээж хоол тавьсан байна. Гэхдээ “Өө миний хүү ядрав уу, даарав уу. Одоо амар” гэж огт хэлэхгүй. Нүдгүй шуурганаар яваад ирсэн ч тоодоггүй учраас хүүхдүүд эрхэлдэггүй, эцэг эхдээ ялархдаггүй. Ажлаа хэнээр ч заалгахгүй хийж сурдаг. Зуны цагт гутал өмсөж үзэлгүй өссөн. Тиймээс хүүхдүүд нь аливаа асуудалд нугарахгүй, нялцганадаггүй хүн болж төлөвшдөг байж л дээ. Бид хоёр ч хүүхдүүдээ эрхлүүлж өсгөөгүй. Бүгд багаасаа биеэ даасан.


-Та хуулийн байгууллагад олон жил ажилласан гэж хэллээ. Хуулийн мэргэжил хэдэн онд эзэмшив?


-Би нарийн бичгийн даргаар таван жил ажиллаад байтал аймгаас намайг маш сайн ажиллалаа гээд 1962 онд Хууль цаазын дунд сургуульд явуулсан юм. Үндсэндээ шүүх, прокурорыг бэлтгэдэг сургууль. Гурван жил онц сурч төгсөөд Дорноговь аймгийн Зүүнбаян хотын прокуророор томилогдсон. Монголдоо 2000 гаруй ажилтантай ганц нефтийн үйлдвэр байдаг, хот гэж явдаг байсан юм. Таван жил ажиллаж байтал үйлдвэрт осол гарч, орон тооны цомхотгол хийлээ. Тухайн үед тэнд цэргийн анги байгуулагдаж, би очих ёстой ч өөр газар ажиллана гээд орсонгүй. Тэгтэл Дундговь аймгийн туслах прокуророор дэвшүүллээ. Аймагтаа зургаан жил ажиллан буцаж нутагтаа очиж бас зургаан жил ажилласан. Энэ үедээ мөрдөн байцаалтын ажлыг эрхэлж байлаа. Тэгсээр 1981-1990 энд Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн ерөнхий прокурор, 1990 оноос Дундговь аймгийн ерөнхий прокуророор ажиллаад буцаж Зүүнхараадаа ирж ажиллан 1995 онд гавьяаны амралтаа авсан паа Би прокурор байхдаа 1974 онд хуучнаар ЗХУ-ын Ленинградад мэргэжил дээшлүүлсэн. Гэгээд 1983 онд МУИС-ийг төгсөж, 1989 онд Харьковт дахин мэргэжил дээшлүүлж байлаа. Харин тэтгэвэрт гарснаасаа хойш 2022 он хүртэл өмгөөлөгчөөр ажилласан. Нэгдүгээрт, нас өндөр боллоо, хоёрдугаарт сонсгол муудсан тул өмгөөлөгчийн ажлаа зогсоосон. Оны өмнөхөн Улсын ерөнхий прокурорын газар Буянт-Ухаад Ахмадын өргөөтэй болж биднийг урьсан. Миний үеийнхэн цөөрсөн байна билээ.


-Сүүлийн үед хүмүүсийн зан харилцаа өөрчлөгдлөө, нийгэм айдастай боллоо гэх болж. Мөн хуулийн хэрэгжилт ч шударга бус болсон юм шиг. Та хууль шүүх, өмгөөллийн салбарт олон жил ажилласан хүн. Яг аль үеэс хүмүүсийн хандлага, ааш аяг өөрчлөгдөж эхэлсэн юм бол?


-Прокурорын байгууллага шүүх, цагдаа, шүүхийн шийдвэр биелүүлэх хорих газрууддаа хяналт тавьдаг тогтолцоотой байлаа. Харин сүүлийн үед арай хумигдаж, шүүх нь дээрээ гарсан. Тэр үед дээд тушаалын шийдвэрийг үг дуугүй биелүүлнэ. Гэхдээ хууль бус шийдвэр гаргаж, түүнийгээ биелүүл гэж тулгахгүй. Хуулийг зөв хэрэгжүүлдэг байсан. Аливаа хэргийг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах, ял шийтгэл ногдуулах, эрүү, иргэний хэрэг маргааныг шийдвэрлэхэд хуулийн заалтыг яс барина. Одоо бол тийм биш. Хэн дуртай нь дуртай юмаа л ярьдаг болсон. Хуулийг өөрийнхөө ойлголтоор тайлбарлаад байдаг. Яг онолын, мэргэжлийн, практикийн түвшинд зөв хэрэглэхэд маш бэрхшээлтэй байна. Хууль мэдэхгүй, ямар ч боловсролгүй хүн дундуур нь орж ирээд дураараа юм ярина. Миний үед хууль, дүрэм, журам нийлээд 3000 орчим эрх зүйн акт мөрддөг байлаа. Одоо бол 30,40 мянгад хүрсэн. Тэдгээрийнхээ учрыг олдог ч юм уу, үгүй юу. Зөв хэрэглэдэг хэсэг байхад, буруу хэрэглэдэг нэг хэсэг ч байж байна. Буруу хэрэглэснээ зөв болгож тайлбарладаг, их төвөгтэй болжээ хүү минь. Ер нь, нийтээрээ хуулиа судалж, үнэн зөв хэрэгжүүлэхэд нь ч хяналт тавьж мэдэхгүй байна. Миний хувьд янз бүрийн хэрэг төвөгтэй бишгүй л зууралдаж явлаа. Түүх яривал далай шиг л юм болно.


-Та өөрийн гэр бүлээ танилцуулаач. Хөгшинтэйгөө ханилаад хэчнээн жил болж байна вэ. Хэдэн хүүхэд төрүүлэв?


-Манай хөгшнийг Д.Маам гэдэг. Одоо 82 нас хүрч байна. Өндөр Дамбынхны удам. Бид хоёулаа л өндөр удамтай /инээв/. 1960 онд гэр бүл болж байлаа. Нэг гэрт ороод 64 жил болжээ. Эхнэр маань Худалдааны техникум төгсөж, худалдааны байгууллагад 40 жил нягтлан бодогчоор ажилласан. Таван хүү, нэг охинтой. Том хүү Ц.Алтангэрэл 60 хүрч байна. Удаах ганц охин Ц.Алтантуяа маань “Спирт бал бурам”-аас тэтгэвэртээ гарсан. Тэгээд Зүүнхараа өртөөний дарга Ц.Алтанхуяг, дүү нь өртөөний жижүүр Ц.Алтантөр байна. Дараагийн хүү Мандал сумын ЗДТГ-т Иргэний бүртгэл мэдээллийн тасгийн даргаар ажиллаж байсан Ц.Алтанбагана, бага хүү Ц.Алтантулга цагдаагийн хурандаа хүн бий. Хүүхдүүд маань өвөө, эмээ болцгоолоо. Анх хоёулаа нэг гэрт орж байсан бол үр хүүхэд, ач, зээ, гуч, жич гээд яривал тоогоо алджээ /инээв/. Хөгшин бид хоёр нэг сумынх л даа. /энэ үед эхнэр Д.Маам нь ярианд оролцон “Цэдэн бид хоёр хүүхэд байхаасаа нэгнээ мэднэ. Сумын нарийн бичгийн дарга байхад нь гэр бүл болж, 1964 онд том хүүгээ төрүүлж байлаа” гэв/.


-Ингэхэд та хоёр насандаа баймгүй залуу харагдаж буйн учир юунд байна вэ?


Д.Маам: -Зүгээр л байж байгаа нь энэ шүү дээ /инээв/. Цэдэн бол надаас хөнгөн. Миний хөл өвддөг болсон. Бид нэг их муудалцаж, сэтгэл санаагаа янз бүр болгож үзээгүй. Хүүхдүүд маань ч сэтгэл зовоож байсангүй.


Ш.Цэдэн: -Бас архи, тамхи хэрэглэдэггүй нь ч нөлөөлдөг байх. Үнэхээр хүүхдүүд сайн явна гэдэг сайхан юм. Багадаа хэн нь ч хэл ам таталж, сургууль дээр намайг дуудуулж үзсэнгүй. Одоо нэг нь Улаанбаатарт, бусад нь Зүүнхараад ажиллаж амьдарч байгаа. Хэрэгтэй бүхнийг энэ хэд ойртуулаад өгчихөөр санаа зовох ч юм алга.


Д.Маам: -Хүүхдүүд багаасаа л биеэ даасан. Хуягаа /Зүүнхараа өртөөний дарга Ц.Алтанхуяг/ бүр наймдугаар ангид байхдаа Санжаа захирлын өрөөнд “Төмөр замын техникумын хуваарь ирвэл би орно шүү” гэж орсон байсан. Захирал нь надад хэлж билээ /инээв/.


Ш.Цэдэн: -Говийн бид хангай газар 43 жил ажиллаж амьдарч байна. Ширхэнцэг хайрхан, Дууш уул, Баян хангай, их, бага Мандал, Ноён уул гээд эргэн тойрны хайрхнуудаа их шүтдэг. Зүүнхараа нутаг бол миний хувьд төрсөн нутгаас минь ялгаагүй диваажин л гэсэн үг. Урт насалж, эрүүл энх байгаа минь энэ сайхан нутгийн агаар, уул устай ч холбоотой байх. Хүн ард нь ч сайхан шүү дээ.


-Ажил, амьдралынхаа талаар дэлгэрэнгүй сайхан ярилцсанд баярлалаа. Та хоёртоо эрүүл энх, урт удаан насыг хүсэн ерөөе


М.Наранболд


Эх сурвалж: "Ган зам" сонин