sonin.mn

Ардын хувьсгалын 91 жилийн ой, Үндэсний их баяр наадмын зүлэг ногоон дэвжээнд хүч чадлаа сорин, уран мэхээ уралдуулан барилдах хүчит бөхчүүд, Хүй долоо худагт шандаст хурдан хүлэг морьдоо уралдуулах уяачдын өдрөөс өдөрт чамбайруулан хийж байгаа бэлтгэл сургуулилт, уяа сойлго хэрхэн жигдэрч байгааг газар дээр нь очиж сонжихоор МОНЦАМЭ агентлагийн сурвалжлах хэсэг долдугаар сарын 4-ний өглөө нийслэлээс баруун тийш хөдөлж Сүүж уулыг зорьсон юм.
 
  Энэ өдөр цаг агаарын хувьд халуун нар шарахгүй, хүчтэй ширүүн бороогүй, шороо тоос босохгүй, чийг үнэртсэн тогтуун сайхан өдөр тохиосон нь манай сурвалжлах багийнханд маш тааламжтай өдөр байсныг энд дурдахгүй байхын аргагүй юм. Цагдаагийн ерөнхий газрын мэдэлд байдаг энэ амралтын газар нь Сүүж уулын бэлд дэх үзэсгэлэнт ой хөвч дунд байрладаг. Энд ЦЕГ-ын "Хүч" спорт хорооны хүчит бөхчүүд сүүлийн 30 жил баяр наадмын бэлтгэл сургуулилтаа базааж байгаа юм. Энэ галаас Дархан аварга Б.Бат-Эрдэнэ аваргаас эхлээд монгол бөхийн олон хүчтэнүүд, улс, аймгийн цолтнууд төрөн гарсан өгөөж буянаа хайрласан нутаг билээ. Сүүлийн жилүүдэд Сүүж амралтанд "Аварга" БТДС, Завхан, Дорноговь, Ховд, Хөвсгөл нутгийн бөхчүүдийн гал Сүүжид төвхнөх болсон. Хойд чиглэлд Баруунтурууны даваанд орших ЦЕГ-ын "Сүүж уул" нөхөн сэргээх сувиллын амралтын газар ийнхүү жил бүр "Хүч"ийн хэмээх тодотголтой олон аймаг, галын бөхчүүд наадмын бэлтгэлээ хангадаг уламжлал тогтсон гэж болно.
 
  Энэ жил тус амралтанд улсын заан О.Одгэрэл, Ц.Мягмарсүрэн нар "Хүч"  спорт хорооныхоо бөхийн галыг, улсын гарьд М.Баяржавхлан Завхан аймгийн бөхийн галыг, улсын начин Б.Адъяахүү "Аварга"  дэвжээгээ ахлан гарсан. Завхан аймгийн бөхчүүдээс өнгөрсөн жилийн баяр наадмаар улсын начин цол хүртсэн Ш.Жаргалсайхан, Б.Гончигдамба болон аймгийн арслан Л.Лха-Очир, М.Баярсайхан нарын бөхчүүдээ амжилттай барилдана хэмээн ихэд итгэл хүлээлгэж байгаа аж.  Сүүж уулнаас холгүй орших "Хайртхаан"-д гардаг байсан улсын заан Ч.Батзориг, Ц.Мягмарсүрэн, улсын начин Б.Заяамандах нарын удирдсан Ховд аймгийн хүчит бөхчүүд ч энд нэгджээ. Тус галынхан Чандмань сумын уугуул, аймгийн арслан Б.Пүрэвсайханыг улсын цолонд хүрэх залуу бөх хэмээн итгэл хүлээлгэж байгаа нь лавтай.
 
  Төв аймгийн Баянчандмань сумын нутагт "Хөвсгөлийн хүчтэн" дэвжээнийхэн бэлтгэлээ базааж байгаад одоо бас Сүүж уулын амралтанд иржээ. Энэ галын ерөнхий ивээн тэтгэгчээр улсын заан С.Хүрэлбаатар, галын ахлагчаар улсын арслан Х.Мөнхбаатар, улсын харцага Г.Ганхуяг нар ажиллаж байна. "Хөвсгөлийн хүчтэн" галаас улсын арслан Х.Мөнхбаатар, улсын харцага Ц.Содномдорж, улсын начин А.Батмөнх, М.Эрдэнэбат, аймгийн арслан Л.Гантөгс нарын бэлтгэл тун сайтай байгаа хэмээн яриа бидний сонорт хүрсэн юм. Тэрбайтугай, энэ нутгийн галаас Монгол Улсын дөрөв дэх аваргаа төрөхийг үгүйсгэх аргагүй байгаа гэсэн чимэгтэй мэдээ дуулдаж байв. Түүнийг нь батлах мэт галын ахлагч Х.Мөнхбаатар арслан энэ жилийн бэлтгэл сургуулилтын явцын талаар яриа өрнүүлэхийг шамдахгүй байсан юм.
 
Ховд аймгийн Мөст сумын харъяат, "Хүч" спорт хороо, "Пума" группийн бөх, улсын заан /2005 он/ Ц.Мягмарсүрэн нь 25 насандаа Монгол Улсын начин цол, үүнээс зургаан жилийн дараа улсын харцага цол хүртэж байсан энэ үеийн хүчит, аралтай, чацтай заануудын нэг билээ. "Хүч" спорт хорооны дасгалжуулагч Ц.Мягмарсүрэн заантай уулзаж сэтгэгдлийг нь сонссон юм.
 


"Сүүж уулын амралтанд уламжлал ёсоор олон шилдэг бөхчүүд зургаан галд гарч бэлтгэл сургуулилтаа базаалаа. Энэ жилийн хувьд манай  галаас Улсын арслан Х.Мөнхбаатар, гарьд М.Баяржавхлан, улсын харцага А.Цацабшир, Ц.Содномдорж, улсын начин Ш.Жаргалсайхан, за тэгээд аймгийн арслан Б,Пүрэвсайхан , Л.Лха-Очир гээд улсын наадамд цахиур хагалах олон шилдэг бөхчүүд бий. Тэдний хэнээс ч од гийсэн амжилт гарахыг үйгүйсгэх аргагүй дээ" хэмээн онцолсон юм.
 
Хүч спорт хорооны бөх Ш.Жаргалсайхан өнгөрсөн жил Монгол Улсын начин цол хүртсэн. Завхан аймаг Идэр сумын харъяат /1982-04-19-нд төрсөн/ 30 настай энэ бөх 20 настайдаа 2002 онд аймгийн начин, дараа жил нь аймгийн арслан цолтон болж байсан юм. Ш.Жаргалсайхан начныг бэлтгэл нь маш сайн хангагдсан энэ жил цолоо ахиулах бүрэн боломжтой хэмээн бөхийн хорхойтнууд болон наадамчдын тааварт ороод байгаа. Улсын начин Ш.Жаргалсайхантай уулзаж Завхан нутгийн бөхчүүдийн бэлтгэл хэрхэн хангагдаад байгаа талаар сонирхсон юм.
 
-Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын бэлтгэлдээ Завхан нутгийн бөхчүүд галдаа хэдүүлээ гарч ирэв. Бэлтгэл хангагдаж байна уу?


  -Энэ жил улс, аймгийн цолтой 50-иад бөх галдаа гарч наадмын бэлтгэлээ базаасан. Залуу бөхчүүд  маань бэлтгэлээ хангаж дуусгаад аймгуудын наадамд хүчээ сорихоор түрүүлээд явцгаасан. Улс, аймгийн цолтой бөхчүүд л улсдаа хүч үзэхээр энд үлдээд байгаа. Бидний бэлтгэл ерөнхийдөө эрчимтэй сайн болж, бөхчүүд энэ жилийн наадамд өмнөө тавьсан зорилгоо биелүүлэхэд бэлэн болсон гэж бодож байна.


  -Энэ жилийн хувьд завханчууд аль сум, нутгийн бөхдөө амжилтаа ахиулах эр баяр, ид хав нь жигдрээд байгаа хэмээн итгэл, найдлага хүлээлгэж байгаа бол?


 -Хэд хэдэн онцлох бөхчүүд байгаа шүү. Тухайлбал, М.Баяржаргал гарьд байна. аймгийн арслан Батжаргал, Лха-Очир, Сүхбат, Батмөнх нарын бэлтгэл нь сайн байгаа, тэд хэнтэй ч хүч тэнцүү барилдах бөхчүүд. Улсын цол авчих болов уу хэмээн их найдлага тавьж байгаа энэ бөхчүүд улсын цолд хүрэх, цаашлаад улсын наадмынхаа зүлэг ногоон дэвжээнд дээгүүр даваанд барилдах байхаа гэж бодож байна. Бөхийн бүх шатны цолтнууд төрөх байхаа гэж найдаж сууна.


-Таны хувьд?


  -Миний хувьд өнгөрсөн жил улсын начин цол авсан. Энэ жил бэлтгэл сайн байгаа. Ардын хувьсгалын 91 жилийн ой, үндэсний их баяр наадамдаа улсын цолоо ахиулахын төлөө л бэлтгэлээ хийж байна даа.


  -Энд байгаа галууд сорилго барилдаан хийв үү?


  -Хийгээгүй байгаа. Энэ сарын долоонд "Сүүж уул"-ын наадам уламжлал ёсоор болно. Энэ барилдаанд л хэн нь илүү хурдтай, хүчтэй байна гэдгээ шалгаж, батлана даа.


  -Энэ жил энэ нутагт зуншлага ямар байна. Бэлтгэл хийхэд цаг агаарын хувьд боломжтой байв уу?


  -Би анх 2001 оноос бэлтгэл хийж эхэлсэн. Миний хувьд маш сайхан өгөөжтэй нутаг гэж сүслэж явдаг даа. Энэ жил урьд урьдынхаасаа илүү сайхан зун болж байна. Энд цаг агаар маш тааламжтай байлаа. Энэ амралтын газрын хоол, үйлчилгээ нь ч бас  сайхан байна даа. Бидний бэлтгэл сургуулилт бүрэн жигдэрч сайн хангагдсан, тактикийн бэлтгэл үлдээд байна. Одоо сорилго барилдаанаар ямар байгаа гэдгээ харуулах л үлдэж байна. Манай Завхан нутгийн бөхчүүдийн уриа бол "Бүгдээрээ цолоо ахиулъя!" гэж байдаг. Энэ уриагаа л биелүүлэхийн төлөө бид бүх хүч, ухаан, ур чадвар, нөөц боломжоо дайчилна даа. Манай нутгийн бөхчүүдийг ямагт дэмжиж байдаг Төрбаяр захиралтай "Шинэ Ази" группын хамт олонд завханчууд болон энэ нутгийн бөхчүүдийн өмнөөс чин сэтгэлийн талархалаа илэрхийлж байна.
  Ирэх бямба гарагт буюу долдугаар сарын 7-нд "Сүүж уул" амралтанд гарсан галуудын бөхчүүд их баяр наадмын өмнөх сүүлийн сорилго барилдаан болох юм. Энэ барилдаанаас аль галын хэний бэлтгэл нь ханаж, иртэй, уртай, хүчтэй, тамиртай болж өв тэгш жигдэрсэнийг харуулах бизээ.


 
  "Сүүж уул" нөхөн сэргээх сувилал, амралт газрын ахлах тогооч Д.Пүрэвсүрэн, тогооч Ч.Батбаяр нартай уулзаж гал тогоо, хоол ундны талаар яриа өрнүүлсэн юм.


  -Танай амралтын газар анх хэзээ байгуулагдав. Эндээс яриагаа эхлэх үү?


  -Анх 1982 онд байгуулагдсан. Энэ жил наадмын дараа 30 жилийн ойгоо тэмдэглэнэ. Манайд цагдаагийн байгууллагын ажилтнууд, тэдний ар гэрийнхэн ирж амардаг. 2010 оноос хойш эндээ сувилал нээсэн болохоор жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулж байгаа.    


   -Танай амралтанд жил бөхчүүд ирж наадмын бэлтгэлдээ гардаг байх шүү?


  -Тийм. Энэ жилийн хувьд манай ЦЕГ-ын "Хүч" спорт хорооны бөхийн галаас гадна Завхан, Хөвсгөл, Ховд, Дорноговь, "Аварга"  дээд сургууль гэсэн энэ зургаан галын 120 гаруй бөх манайд ирж наадмын бэлтгэлээ базааж байна. Үүнээс гадна энгийн амрагчид, сувилуулагчид ороод нийт 200 гаруй хүн амарч байгаа юм. Ер нь нэг удаад 200-250 хүнийг хүлээн авах хүчин чадалтай. Сувиллын хувьд дээд тал нь нэг удаад 36 хүнийг авах боломжтой.  Ажилчид маань хоёр ээлжээр ажилладаг. Амрагчдад өдөрт гурван удаа халуун хоол, унд хийж өгдөг. Сувилалд ирсэн хүмүүсээ долоо хоног амраадаг.


  -Бөхчүүдийн хоол энгийн амрагчдын хоолноос арай өөр байна биз?


  -Мэдээж өндөр ачаалалтай бэлтгэл хийж байгаа байгаа бөхчүүд үндсэн хоолноосоо гадна нэмэгдэл хоолтой байдаг. Мэдээж илчлэг ихтэй, аль болох калорилог, энгийн амрагчдаас порц нь арай их хоол иддэг. Бөхчүүд нийлээд өөрсдөө хонь авч ирж өгдөг. Тэр хониор нь нэмэлт хоолыг нь хийдэг. Бөхчүүд бэлтгэлдээ яг цагтаа гардаг учраас хоолоо яг идэх ёстой


  -Сувиллын хоол бас өөр байх уу?


  -Тэгэлгүй яахав. Манайх дөрвөн тогооч, гурван зөөгч, бас туслах ажилчидтай. Сувиллын хоол, бөхчүүдийн хоол, энгийн амрагчдын хоол гээд өдөрт гурван өөр төрлийн хоол хийнэ шүү дээ.


  -Энэ жил танай байгууллагын 30 жилийн ой тохиож байгааг сонслоо?


  -Ойгоо угтаж бид шинэлэг олон үйл ажиллагаа зохион байгуулсан. Ойн баяраа энэ сарын сүүлчээр тэмдэглэнэ. Энэ баярын үеэр хурдан морь уралдуулж, бөхийн барилдаан зохиох гээд наадам шиг л өргөн дэлгэр тэмдэглэнэ.


  -Та энд хэдэн жил ажиллаж байна вэ?


  -Би 2010 оноос энэ амралтанд ажиллаж байна. Урьд нь Цагдаагийн академид ажиллаж байсан. Манай амралтын газар маань зарим талаараа хагас цэрэгжилтийн байдалтай байдаг. Хэв журам, сахилга бат маш сайн болохоор амрагчид ая тухтай амрах бүх нөхцлөөр хангагдсан гэж болно. Манай амралтын газрын даргыг Хурандаа Ч.Батбаатар гэдэг. Бид гар нийлсэн хамт олон. Манайхаар үйлчлүүлсэн амрагчид, хүчит бөхчүүд ямагт бидэнд талархал илэрхийлж байдаг нь бид бүхэнд их урам хайрладаг. /Үргэлжлэл бий/


 
 Сэтгүүлч Д.Өлзийсайхан, Д.Сэрээтэр, гэрэл зурагчин Б. Цэрэнжамц, жолооч Л.Гантулга


Эх сурвалж: "Монцамэ"