сонин mn
БАГШ, ШАВЬ ХОЁР
 
Э.Содномпилжээ 14 настай байхдаа спортын гараагаа эхэлжээ. 47 килограмм жинтэй туранхай, чөрийсөн нөхөр хүндийг өргөлтөөр хичээллэнэ, таны шавь болъё гээд ирэхэд Ш.Энхсайхан багш нь “За энэ хүүхэдтэй яажшуухан ажилладаг юм билээ” хэмээн бодож байсан гэдэг. Дандаа насанд хүрэгчидтэй ажиллаж байсан хүний хувьд хүүхэд, тэр тусмаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хичээл заана гэхэд тулгамдсан нь мэдээж. Ингэж багш, шавь хоёр анх танилцжээ. Олон улсын хэмжээний мастер, дасгалжуулагч Ш.Энхсайхан багш тухайн үед “Алдар” спорт хорооны чийрэгжүүлэлтийн төвд ажилладаг байв. Э.Содномпилжээтэй зэрэг шахуу 100 килограмм жинтэй нэгэн залуу түүн дээр шавь болж ирсэн аж. Ш.Энхсайхан багш ийм хоёр шавьтай болоод л “үзэж таржээ”.
 
 
Удалгүй Э.Содномпилжээ юм дуулгаад эхэлж. 2001 оны УАШТ-ий 52 кг-ын жинд түрүүлсэн нь түүний анхны том амжилт байв. 2002 онд жин өгсөн 56 кг-д түрүүлэв. Хэвтээ шахалтаар ийн амжилт үзүүлж эхэлж. Жин нь ч бага багаар нэмэгдэж, бие нь ч сайхан хөгжөөд иржээ. Пауэрлифтингийн холбоо ч багш, шавь хоёрыг дэмжжээ. Нэг ёсондоо Содномпилжээ олны анхааралд өртөж, найдлага төрүүлж эхэлсэн гэсэн үг. Тэгж байтал 2002 онд Ш.Энхсайхан дасгалжуулагч Австралид ажиллахаар явснаар багш, шавь хоёрын бэлтгэл, сургуулилалт тасалджээ. Ш.Энхсайхан багш Австралид гурван жил болоод эргэж ирж. Нэг удаа түүнийг автобусанд явж байтал хэн нэгэн араас нь мөрийг нь тогшжээ. Эргээд хартал Э.Содномпилжээ байв.
 
-Та Энхсайхан багш мөн үү?
-Мөн байна. Чи одоо юу хийж байна вэ?
-Юу ч хийгээгүй ээ, багш аа. Нэг сургуульд л сураад явж байгаа...
-Чи тэгвэл бэлтгэл хиймээр байна уу. Хоёул дахиад эхэлье.
-Тэгье.
 
Багш, шавь хоёрын хооронд ийм товч яриа болж. Ш.Энхсайхан багшийн хувьд дасгалжуулагчийн нүдээр харахад анх туйван даахааргүй шахам турьхан жаахан байсан хүү овоо өсөж, бэлтгэл сургуулилалтаа зөв хийгээд, уйгагүй хөдөлмөрлөвөл юм дуулгаж мэдэхээр санагдсан аж. Э.Содномпилжээ Санхүүгийн дээд сургуулийн нягтлан бодохын ангийн оюутан болчихсон байсан нь тэр. Ингээд бэлтгэлээ эхэлжээ. Бэлтгэл нь овоо жигдэрч эхэлж байтал Ш.Энхсайхан багшийг “Голден жим" фитнесс төвийнхөн урьж багшаар ажиллуулахаар болов гэнэ. Тус төвийн захирал Б.Баянмөнхөд Ш.Энхсайхан багш учраа хэлж, шавийгаа танилцуулснаар багш, шавь хоёр “Голден жим”-д ажиллаж, хичээллэн бэлтгэлээ үргэлжлүүлжээ.
Хоёулаа групптэй, хоёулаа Баянхошуу, Ханын материалд амьдардаг, автобусны мөнгөгүй болох үе ч цөөнгүй. Гэвч тэд шантарсангүй. Хичээл зүтгэлийн үр дүн ч гарч эхлэв. Э.Содномпилжээ жин өгсч 64 кг-аас дээшээ бүх жинд аварга болжээ. Багш, шавь хоёрыг дэмжиж туслах хүн олон байв. “Ард нэгдэл” даатгалын захирал Ч.Ганхуяг “Голден жим”-д хичээллэдэг байв. Тэрбээр Э.Содномпилжээтэй танилцаж, түүнийг компанидаа нягтлангаар ажилд авчээ. Эдүгээгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн “Голден жим”-д хичээллэдэг байсан аж. Тэрбээр Э.Содномпилжээд мэргэжлийн өмсгөл авч өгөхөд хязгааргүй баярласан гэдэг. Олон тэмцээнд оролцож, багагүй амжилт гаргасан ч өмсгөлгүй л яваад байсан хэрэг.
 
 
 
Ийнхүү Э.Содномпилжээг анх спортод хөл тавиулж, амжилтын замд хөтөлсөн Ш.Энхсайхан агсан хүндийг өргөлтийн төрлөөр Монголоос олимпод оролцсон анхны багийн гишүүн, үндэсний шигшээ багийн шилдэг дасгалжуулагчдын нэг байв.
 
 
 
ЗОРЬСОНДОО ХҮРСЭН НЬ
 
Япон улсын Китакюүшюү буюу Умард Кюүшюү хотноо 2018 оны есдүгээр сард зохиогдсон парапауэрлифтингийн Азийн АШТ-д “Рио 2016’’ олимпын паралимпийн наадмын хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин, Э.Содномпилжээ 107 кг-ын жинд өрсөлдөн алтан медаль хүртэв. Тэрбээр ийнхүү Азийн аварга болохдоо 239 кг-ыг өргөж, Риогийн паралимпэд Бразилийн Тавлош Мамалошийн тогтоосон паралимпийн дээд амжилтыг нэг кг-аар ахиулсан юм.
Энэ бол Э.Содномпилжээгийн тогтоосон анхны дээд амжилт биш. Өмнө нь 2017 оны Арванхоёрдугаар сард Мексикт болсон парапауэрлифтингийн ДАШТ-ий -107 кг-ын жинд хүч үзэн 235 кг-ыг өргөснөөр Азийн рекордыг эзэмших болсон юм. Мөн тэрбээр энгийн буюу эрүүл төрөлд хийн рекордыг эвдсэн билээ. Олон улсын пауэрлифтингийн холбоо буюу IPF пауэрлифтингийн сик төрөлд дээд амжилтыг 235 кг гэж тогтоосон байдаг. Э.Содномпилжээ Замын-Үүдэд болсон Улсын аварга шалгаруулах тэмцээн дээр дэлхийн энэхүү дээд амжилтыг эвдсэн юм. Харамсалтай нь, тухайн тэмцээний ангилал, зэрэглэл зэргээс шалтгаалаад энэ амжилт Монгол Улсын хувьд л рекорд болж бүртгэгдсэн бөгөөд олон улсын түвшинд дээд амжилтад тооцогдоогүй өнгөрсөн. Гэхдээ Э.Содномпилжээ улсынхаа рекордыг тогтоохдоо дэлхийн рекордыг давхар эвдчихсэн гэсэн үг.
 
“Энэ амжилтаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дээр би бататгана. Пара төрөлдөө дэлхийн рекордыг эзэмших бодолтой бэлтгэл сургуулилалтаа хийж байна” хэмээн тэрбээр хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлж байсан юм. Энэ бол Финландын Ванта хотод болсон пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн хэвтээ шахалтын хэрэглэлгүй төрлийн ДАШТ-ий 105 кг-ын жинд алтан медаль хүртэн дэлхийн аварга болсныхоо дараа өгсөн анхны ярилцлага нь байв. Э.Содномпилжээ паралимпийн төрөлд дэлхийн дээд амжилтыг эзэмшихийг хичээнэ хэмээн хэлсэндээ хүрч дээр хэлсэнчлэн Японы тэнгэр дор паралимпийн дээд амжилтыг нэг кг-аар ахиулан билээ. Мөн пара бус жирийн төрөлд хүч үзэн түрүүлж, дэлхийн аварга болсон нь түүнийг ямархан энтэй тамирчин болохыг харуулна.
 
 
 
Э.Содномпилжээ уг ДАШТ-д 237.5 кг-ыг шахсанаар алтан медалийн болзол хангаж, дэлхийн аварга болсон төдийгүй уг амжилтаараа дэлхийн дээд амжилтыг эвдсэн юм. Гэвч тэрбээр дараачийн захиалгаараа 242.5 кг-ыг өргөснөөр дэлхийн рекордыг нэг дор хоёр удаа шинэчилсэн бас нэгэн дээд амжилтын эзэн болсон билээ. Тэрбээр хэвтээ шахалтын төрөлд өндөр амжилт үзүүлж байгаа нь Ш.Энхсайхан багшийнх нь зааж сургасан эрдэм юм.
 
 
 
 
ДЭЭД АМЖИЛТУУДЫГ ЭВДЭВ
 
Э.Содномпилжээ 2013 оны арваннэгдүгээр сард анх хилийн дээс алхан Малайзын Каула Лумпурт болсон Азийн АШТ-д оролцож, шагналт тавдугаар байрт оржээ. Ийнхүү 2014 оны гуравдугаар сард Дубайд болох ДАШТ-д оролцох эрхээ авсан аж. Түүний энэхүү анхны гадаад тэмцээн амар байсангүй. Зардал мөнгө олдоогүйн улмаас Ш.Энхсайхан багшийгаа үлдээгээд ганцаараа Азийн АШТ-д яваад очтол дасгалжуулагч, менежергүй тул тэмцээнд оролцуулахгүй гэжээ. Учир байдлаа хэлж, гуйж байж 100 еврогоор торгуулаад тэмцээнд оролцсон гэдэг. Ийм нөхцөлд тэмцээнд орно гэдэг тамирчин хүний сэтгэл зүйд мэдээж хүнд. Гэвч Э.Содномпилжээ анхны тэмцээнээсээ ДАШТ-д оролцох эрх өвөртөлж чадсан нь цаашдын амжилтынх нь эхлэл байжээ.
 
Дубайн ДАШТ-ий эхний найман байрт багтаж чадвал олимпын эрх авах байв. Э.Содномпилжээ долоод орсноор Монголын тамирчдаас олимпын анхны эрхээ авч байв.
Дараахан нь Инчонд болсон Азийн тоглолтоос хүрэл медаль зүүв. 2015 оны гуравдугаар сард Дубайд болсон “Fazza” гэж дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медальтай эх орондоо ирсэн байна. 2015 оны арваннэгдүгээр сард Алма-Атад болсон Азийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнээс хүрэл медаль хүртэв. Түүнээс хойш Э.Содномпилжээ дахин хоёр ч удаа пауэрлифтингийн Дэлхийн цомд аваргалаад байгаа билээ. Тэрбээр 2016 оны ёсдүгээр сард Бразилийн Рио-де-Жанейро хотноо болсон зуны XV паралимпийн пара пауэрлифтингийн төрөлд хүрэл медаль хүртэж паралимпийн төрөлд медаль хүртсэн гурав дахь тамирчин болсон юм. Пауэрлифтингийн төрөлдөө бол тэрбээр паралимпийн анхны медальтан.
 
Э.Содномпилжээгийн багш Ш.Энхсайхан агсан шавийнхаа тухай “Хувь хүний онцлог бий. Спорт бол хүний таван чанарыг хөгжүүлдэг. Гол ноён нуруу нь хүч, эр зориг. Энэ хоёр хосолсон байх хэрэгтэй. Э.Содномпилжээд энэ бүхэн бий. Ямар ч үед бэлтгэл тасална гэж байхгүй. Яг л ирчихсэн зогсож байдаг. Хүүхэд байхаасаа л тийм. Анх таягтай байсан. Сүүлдээ таяггүй болсон. “Чи таяггүй болж байгаа юм уу” гэхээр “Болно оо, багш аа” гээд л явж байдаг. Сэтгэл зүйн хувьд ч маш сайн. Тэр нь надад их дэм болдог” хэмээн ярьсан билээ. Мөн тэрбээр “Бид хоёр 2020 оны Токиогийн олимпод төрийнхөө далбааг эгшиглүүлнэ хэмээн амласан” хэмээн итгэл төгс хэлж байв. Тухайн үед Ш.Энхсайхан багшаас ойрын үед ямар тэмцээнд оролцохоор бэлтгэж байгааг нь асуухад “Унгарын Эгер гэж хотод Дэлхийн цом болно. Тэндээс алтан медаль л авна гэж бодож байгаа. Есдүгээр сард Мексикт ДАШТ болно. Тэндээс алт, мөнгийн аль нэгийг л авна гэж бодож байгаа” хэмээн хариулсан билээ. Э.Содномпилжээ буурал багшийнхаа энэ итгэлийг алдаагүй. Унгарын Эгерт болсон Дэлхийн цомоос алт, Мексикийн Мехикогийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн юм. Тухайн үед Ш.Энхсайхан багш нь 2020 оны Токиогийн олимпод 107 кг-д өрсөлдөхөөр төлөвлөж байгаа хэмээн хэлж байв. Э.Содномпилжээ паралимпэд хүрэл медаль хүртэхдээ 88 кг-ын жинд өрсөлдөж байсан бол 2017 оноос жин өгсч 97 кг-д хүч үзэх болсон билээ. Улмаар 2018 онд Японд болсон Азийн АШТ-д 107 кг-д өрсөлджээ. Ийнхүү цол дагаж бяр гэдэг шиг жин дагаж бяр нэмэгдэж амжилт нь ахисаар багшийнхаа захисан тэр жинд Азийн аварга болж, бас пара пауэрлифтингийн дэлхийн дэлхийн дээд амжилтыг эвдэв. Улмаар Э.Содномпилжээ 2019 оны долоодугаар сард Казахстаны Нур-Султан хотноо пара пауэрлифтингийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн -107 кг-д 247 кг-ыг өргөж түрүүлснээр дэлхийн дээд амжилтыг тогтоож, “Гиннесийн ном”-д албан ёсоор бүртгэсэн юм. Тэрбээр тэмцээнээс тэмцээнд туршлагажиж, амжилтаас амжилтад өртөөлж, дэлхийн энтэй тамирчин болохоо харуулсаар байна. Одоо түүнийг Токиогийн паралимпийн дэвжээ хүлээж байгаа.
 
 
 
Г.Сонинбаяр
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин