sonin.mn
Эдийн засгийн ухааны доктор, хөгжлийн бодлого судлаач А.Даваасүрэнтэй ярилцлаа.
 
-Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгааг дээр доргүй ярьж байна. Судлаач, эдийн засагчийн хувьд  ямар дүгнэлт хийж байгаа вэ?
 
-“Стэндбай” хөтөлбөрт хамрагдана. Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нь АНУ руу, ОУВС руу хэлэлцээ хийхээр явж байна гэж яриад удлаа. Энэ бид ямар байдалд байгааг  илэрхийлэх  нэг үзүүлэлт.
 
“Стэндбай”  хөтөлбөр олон улсад шүүмжлэл дагуулдаг. Жишээ нь, машинаар яривал жолооч “Би машинаа жолоодож чадахгүй нь ээ, чи барь” гээд жолоогоо Монгол Улсын нөхцөл онцлогийг мэдэхгүй  гадаадын хүнд шилжүүлэхтэй адил юм.
 
-Энэ хөтөлбөр хэрэв хэрэгжвэл байдал дээрдэх юм шигээр зарим нь ярьж, бичиж байгаа шүү дээ?
 
 -“Стэндбай” хөтөлбөр хэрэгжвэл татвар нэмэгдэнэ, ажилчдын цалин, хүмүүсийн тэтгэвэр, тэтгэмж маш их танагдана. Нийгмийн шинж чанартай төсөл, хөтөлбөрүүд бүгд зогсоно. Цаашилбал, бослого, үймээн самуун бий болдог учраас дэлхий нийт   шүүмжлэлтэй ханддаг. Нөгөө талаас, өнөөдөр Монгол Улсын зээлжих зэрэглэл В3 болж буурсан. Монгол Улс банк, санхүү, эдийн засгийн хувьд өндөр эрсдэлтэй, эмзэг гэсэн дүгнэлтэд хүрээд байна. Ийм нөхцөлд гадаадын хөрөнгө оруулагчид орж ирэхгүй. Бусад улс орнууд бидэнд зээл олгохгүй. Тиймээс манай улсын санхүү, эдийн засгийн байдал маш хүнд байна.
 
-Ханшийн хэлбэлзэл, мөнгөний бодлогын тухайд та юу хэлэх вэ. Одоо эрх барьж буй МАН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө  төгрөгийн ханшийн уналтыг зогсооно гэсэн. Байдал сайжрах болов уу?
 
-МАН тэр амлалтыг сонгуулиас өмнө өгсөн. Тэгвэл өнөөдөр төгрөгийн ханш 300 гаруй төгрөгөөр суларчихаад байна шүү дээ. Өнгөрсөн зургадугаар сарын үед 1964 төгрөг нэг ам.доллартай тэнцэж байсан. Өнөөдөр 2280 төгрөг нэг ам.доллартай тэнцэж байна. Энэ төр, засгийн харалган бодлоготой холбоотой. Төрийн мөнгөний бодлогын хүрээнд Монголбанкны үнэт цаасны хүүг 15 хувиар  нэмсэн нь харалган бодлого гэхээс өөрөөр хэлэх аргагүй.
 
Ингэснээр арилжааны банкуудаас иргэдэд олгодог зээлийн хүү нэмэгдэх, эдийн засгийг агшаах бодлого хэрэгжиж, өрхийн зээл 29-31 хувь болж өслөө. Дээр нь татвар нэмэхгүй, шинээр бий болгохгүй гэж МАН амласан. Гэтэл найман төрлийн татварыг нэмэх асуудлыг багагүй хугацаанд ярьсан. Найман татвараас зургаа нь хувь хүний орлогын албан татвартай холбоотой байсан. Хувь хүний орлогын албан татвар орон нутгийн төсөвт төвлөрдөг.
 
Орон нутгийн хөгжлийг дэмжсэн татварын орлого байх ёстой байтал эсрэгээр явж байна. Ийм зүйл ярьж, нийгмийг удтал бухимдуулж, олон түмний эсэргүүцэлтэй тулгарсны дүнд түүнийгээ  өнгөрсөн наймдугаар сарын 24-ний Их хурлын чуулганаар цуцласан. Гол нь орон нутгийн сонгуулийн дүнг харах гэж  бодлогоор хойшлуулсан болов уу гэж Засгийн газрын 100 хоног дээр дүгнэлт хийж байна. Өрийн асуудлаар ч бас шүүмжлэх зүйлүүд энэ 100 хоногийн дэнсэн дээр бас  байна.
 
-Тухайлбал?
 
-Жишээ нь, МАН  сонгуулийн  амлалтандаа “Монгол мал үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлнэ, малчдад хөнгөлттэй нөхцлөөр зээл олгох, малчдад зээлийн үйлчилгээ нэвтрүүлэх эрхзүйн орчныг бүрдүүлэх замаар  зээлийн хүүгийн дарамтыг бууруулна гэсэн. Гэтэл яг ийм зорилгоор үр дүнтэй хэрэгжиж  байсан  “Сайн малчин” хөтөлбөрийг зогсоолоо.Орон нутгийн хөгжлийн санд улсын төсвөөс авдаг байсан татаасын хэмжээг бууруулна гэж байна.
 
Манай улсын нийт ажиллах хүчний 85 хувь нь нийслэлд төвлөрсөн. Ийм байхад орон нутгийг ингэж орхигдуулж болохгүй. Төсвийн алдагдлыг санхүүжүүлэхийн тулд зээл ашиглахаас татгалзана гэсэн. Гэтэл төсвийн алдагдлыг гадаад, дотоодын зээлээр л нөхдөг. Ингэж хэзээ ч биелэшгүй, шинжлэх ухаанч бус   амлалт  өгөх нь боломжгүй зүйл.
 
- Сошиал ертөнцөд шуугиад байгаа  эрх баригч нам 4.2  тэрбум ам.доллар  Хятадаас зээлэх нь  гэдэг мэдээллийг та сонссон байх. Энэ хэр зөв алхам бол?
 
-Ер нь бол МАН хэрэв сонгуульд ялбал ард түмнээр өр төлүүлэхгүй гэж амласан. Сонгуулийн үед Монгол Улсын нийт өр 23.7 тэрбум байсан. Түүнээс хойш өрийг дээр дээрээс нь  нэмэгдүүлэхээр, тухайлбал, Хятадын Засгийн газраас 4.2 тэрбум  ам.доллар  зээлэхээр ярьж байгаа гэсэн мэдээлэл  гараад байгаа.  Миний хувьд энэ талаар хэвлэлийн мэдээллээс л харлаа. Хэрэв ийм хэмжээний  зээл хийсэн  тохиолдолд өрийн дарамт улам нэмэгдэнэ.
 
Нэг улсаас хараат болох аюултай. Манай улсын санхүү, эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой хохирол учруулна. Сонгуулиас хойш дөрөвхөн сарын дотор нэг хүнд ногдох өр 17-21 сая төгрөг болсон шүү дээ. МАН өрийг ард түмнээр төлүүлэхгүй гэж байгаа ч бидний татварын мөнгөөр, үр хүүхдийн маань ирээдүйд төлөх татварын мөнгөөр л төлнө.
 
-Сүүлийн үед  гадаадын банк, тодруулбал Bank of china  Монголд орж ирнэ гэсэн мэдээлэл хүчтэй яригдах боллоо. Эерэг, сөрөг тал нь юу байх бол?
 
-Гадны банк Bank of china –г оруулж ирнэ. Энэ банк нь Засгийн газартайгаа тохирч том төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилготой, ямар нэг салбар нээхгүй, хадгаламж авахгүй, зээл өгөхгүй гэсэн тохиролцоо байгаа гэж яриад байна. Ер нь бол ярьсан, хэлснээсээ өөр чиглэлээр ажиллаад эхэлбэл  сөрөг зүйл их, манай улсын санхүү, эдийн засгийн байдалд  аюултай.
 
Ч.Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин