sonin.mn

Шинэ Үндсэн хууль дээр ажиллаж, сүүлчийн хувилбаруудыг найруулсан хүмүүс дотор улсаа хотжуулах сонирхолоор барахгүй тийм нууц санаатай ямар нэгэн этгээдүүд байсан учир "хот" гэдэг үгийг сэмхэн хасаж "сум" гэдгээр аймгуудын төвийг нэрлэх болгочихсон нь хэн нэгэнд ажиглагдаагүй, аль эсвэл ажиглагдсан ч сүүлчийн хувилбарт "шургуулаад" батлуулчихсан байх магадлалтай юм.

Тэгээд Үндсэн хуульд "хот" гэдэг үг ганцхан үлдсэн нь "Монгол улсын нийслэл Улаанбаатар хот" гэсэн томьёололд л өөрийн эрхгүй орж орхижээ. Хэн ямар санаагаар "хот" гэдэг үгийг хасч "сум" болгосон нь тэр үедээ далаад хоног хуралдаж залхсан дөрвөн зуун гучаад депутатад "ажиглагдаагүй" өнгөрсөн мэт. Гэтэл хэн ямар зорилгоор "хот" гэдэг үгийг хасуулсан нь яваандаа тодорч эхэлсэн юм.

-"Хэдэн сайхан хот байгуулна" гэж Монгол улсын Ерөнхийлөгч ярьсан нь Хятад улсын хэвлэлд гарсан билээ.
-"Малаа хаяад хотод ирцгээ!" гэж Монголын сонин хэвлэлүүдэд уриалга гарч
-"Мал дагавал мал болно" гэж номлох хүн ч гарав. Гэхдээ тэд малын мах, сүү, айраг, тарагнаас гараагүй хорин жилийг үдэв.
"Монголыг хотжуулах" бодлогын далд санаа нь

Нэгд: Хэдэн түмэн жил эрхлэн аж төрсөн мал аж ахуйгаас нь монголчуудыг сапгаж "шавар байшинд шавааралдуулах" (Ингэснээрээ эзэн Чингистээ тэрслэх).

Хоёрт: Эрүүл агаар, цэнгэг ус, ариун ургамалтай уужим сайхан нутгийг нь эзгүйрүүлж, хэдхэн хонхорт хүн амыг нь бөөгнөрүүлэн, утаа тоос, хог шороо, хорт хийнд живүүлэх.

Гуравт: Эзгүйрсэн газар нутгийг нь лиценздэн эзэмшиж доорхи баялагийг нь салдгүйгээр төнхөж түүхийгээр нь „ хямд үнээр гадагш зөөж ашиг олох.

Дөрөвт: Хэдхэн сая хүн асар уудам газар нутагт ихэнхийг эзэнгүйдүүлэн сууж буй шударга бус байдлыг засах нэрээр газар нутгийг нь "түрээслэн" эзэмших, эсвэл дүрвэгсэд нэрээр түрэн орж суухад чөлөөтэй болгох.

Тавд: Мал нь малчингүй болж, хүн ам нь хүнсээр дутагдах тул элдэв хольцтой, үнэр, амт, өнгө үзэмж хуурамч хүнсээр гаднаас нь байлдан дагуулах (Эрүүлийг хамгаалахын сайд байсан Г.Сонин 2006 онд "Улаанбаатар таймс" сонинд бичсэнээр "Харь гүрнийхэн бидний ходоодыг аль хэдийнэ эзэлчихжээ" гэдэг болох нь оргүй биш юм).

Зургаад: Аймгуудын төвийг "сум" гэж нэрлэснээр сумдын төв үгүй болж устах юм байна гэсэн ойлголт төрүүлж, тэр ч ёсоор одоо гурван зуугаад сумдын төв үнэндээ эзгүйрэн сүйрэхийн ёр орчихоод байгаа. Энэ нь "сум" нэрээ алдсан сумаас зугтаж "сум" болох аймгийн төвийг алгасан нийслэл рүү хөврөх бас нэгэн бодол төрүүлсэн ч байж болно.

Долоод: Нийслэлийн хүн амыг ямар ч замбараагүйгээр зоргонд нь нэмэгдүүлэн олшруулах сонирхол юуны түрүүн панзчингуудын хүсэл бөгөөд "хог новшийг нь" (Эрээнээс хямд аваад энд үнэтэй зардаг эрээн мяраан зүйлс) худалдан авагчийн тоог олшруулж л байвал панзчинд ашигтай, наймаачнаар барахгүй гуанз, баар, дэн буудлын эзэд ч ийм сонирхолтой юм (гуанз, баар, ресторанууд нь одоо бараг ная ерэн хувь хятад, солонгос эзэнтэй болсон),

Наймд: Нийслэлд 2004 онд 74847 хүн (нэг аймгийн хүн амтай тэнцэх) хөдөөнөөс шилжиж ирсэнчлэн жил бүр олон мянгаараа ирсээр тэднээс мөнгөжиж байгаа Улаанбаатар хотын удирдлагын газар баяжиж хэд хэдэн банктай болж, бас орон тоо нь асар их өсч Хар байшин нэмэн бариад ч багтахаа (урьдын цагт шоронг хар гэр гэдэг байв) больж Сонгино Хайрханд бас хаяа хатгах болтлоо нүсэр хэмжээнд хүрэв.

"Хэдэн сайхан хот байгуулна" гэдэг бол нийслэлийн нэгдүгээр дөчин мянгатад төрж өсөөд боловсрол мэдлэгийг голдуу гадаадад сурч олсон үеийнхний үлгэрийн гэмээр мөрөөдөл байсан учир нийслэл хотыг шинжлэх ухааны үндэстэйгээр, цогцолбор бодлогоор өргөтгөж чадсангүй тул "гэнэт цадах гэдсэнд халтай" гэгч боллоо.

Монгол улсын нийслэл хэдхэн жилийн дотор "Улаанбаатар" хот "Утаанбаатар" болон хувирлаа. Юунаас болов гэвэл хөдөөнөөс хороо хороогоор нүүж ирэгсдийг орон сууцаар хангах боломжгүй тул тэд хотыг "бүслэн" гэр барьж, түлшээр дутагдаад машины хуучин дугуй, нохойн толгойг хүртэл түлж утаа баагиулдаг боллоо. Өөрөөр тэд яаж өвөлжихсөн билээ!

Гэтэл утааг багасгана гэж хотын залихайчууд элдэв төсөл, зуух амлан мөнгө халааслаж хорь гаруй жилийн "панз үсэргэв" "Утаанбаатар" хэвээрээ. Утаажсан нийслэлийн хүн амын нэг оршин суугчид жилд 320-иод килограмм хорт бодис ноогддог болсон нь ДЭМБ-ын тогтоосон доод хэмжээнээс хэд дахин их болсон, улмаар нэмэгдсээр байна.

"Утаанбаатар" маань бас "Уухилаанбаатар" болон хувирч, 300 гаруй мянган автомобиль өдөр шөнөгүй хөлхөж, чагнаалдан дуу шуугиан дэгдээн чих дүлийрэм нөхцөл буй болсон. Шуугианы хэмжээ 71-84 децибел болсон нь ДЭМБ-ийн зөвшөөрдөг түвшингээс хэдийнэ давж одсон юм.

Тоосны тухайд бол бүр ч ярих үг олдохгүйд хүрсэн. Ингээд дэлхийн улс орнуудын бохир нөхцөлтэй нийслэлийн дээрээсээ хоёрдахид бичигдээд байна. Удахгүй тэргүүнд нь гарах шинжтэй. Өнөөх "Хэдэн сайхан хот байгуулах" үлгэр ийм юмны мөрөөдөл биш байсан баймаар юм.

Үндэсний Аюулгүй байдалд заналхийлэл буй болтлоо улсын хүн амынх нь тал хувь нь хортой нөхцөлд амьдрах болж хүүхэд, залуусынх нь нас илэрхий богиносож эхлээд байхад Үндэсний Аюлгүй Байдлын Зөвлөл нь хорин жил байхгүй мэт дуугүй, хөдөлгөөнгүй, санаачлагагүй суусаар байгаа нь гайхаптай. Аль эсвэл "Үндэсний Аюултай Байдлын Зөвлөл" юм болов уу гэж эргэлзмээр болоод байна.

Бас нэг хачин юм гэвэл: "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно" гэсэн хуулийн заалт байх атал "хот" гэдгийг байхгүй болгосон заалттай зөрдөг юм. Байхгүй болсон "хотын" эрх зүйн үндсийг хуулиар тогтоох юм гэнэ.

Гучаас далан мянган хүнтэй аймгийн төвийг 3-4 мянган хүнтэй сумын төвтэй адилтган "сум" гээд нэрлэчихсэн чинь Хэнтийнхэн Өндөрхаанаа Чингис хот болгох шийдвэр гаргаад эхлэв, Уул нь "Чингис хаан сум" гэх ёстой биз дээ! Бас тэрнээс өмнөхөн Хархоринг үлгэр жишээ хот болгоно, жишиг хот болгоно гэх яриа гараад байсан. Уул нь хуулиараа бол "сум" гэх ёстой биз дээ. Иймэрхүү будлиан таригсад хууль боловсруулан батлах эрх эдэлсээр, хуулийн үг үсгийг дур дураараа засварлаж, "орондоо хүртэл редакторлосоор" хорин оныг үдэв.

Нийслэлийнхээ хүн амыг жил бүр нэмж байхдаа хотын удирдлагууд ч мөн хотод төвлөрсөн төр, засгийн газар ч үр дагаварынх нь тооцоог огтхон ч хийдэггүйн балгаар эрчим хүчний хангамж, ус болон хүнсний хангамж, унааны хүрэлцээ, хүүхдийн ясли, цэцэрлэг, сургуулийн багтаамж, эхчүүдийн амаржих газар, настангууд болон өвчлөгсдийг хэвтүүлж эмчлэх газрын тухайд огтхон ч бодоогүйтэй адил хориод жил "зүгээр" сууснаас сургуулиуд гурван ээлжтэй, ясли, цэцэрлэгийн гадна 52 мянган хүүхэд үлдэж гэртээ цоожлогдож хоцрох, эхчүүд гэртээ юмуу, төрөх эмнэлгийн хонгилд амаржихад хүрсэн гунигтай үзэгдэл эх орны нийслэлийн дүр зураг болж байгаа билээ.

Шинэ зууны босгоор алхахад нийслэлийн хүн амын тавин хувь нь гэр хороололд амьдарч байсан бол өнөөдөр, 12 жил өнгөрөхөд 70 хувь нь гэр хороололд аж төрөхөөс аргагүй болж ёстой өнөөх "эсгий хот" гэгчийг ахин сэргээж байгаа ажээ. Нөгөөтэйгүүр нийслэлдээ тоосгоныхоос эхлээд элдэв төрлийн "бохир" үйлдвэрүүдийг төвлөрүүлэх талаар мөн л монголчууд зард гарав.

Улсын үйлдвэр гэгдсэн 25386 аж ахуйн нэгжийн 15386 нь Улаанбаатарт шахцалдан ажиллаж байна. Үүнээс болоод тоосжилт, дуу шуугиан, хөл хөдөлгөөн, эрчим хүчний гачигдал, уур усны хэрэгцээ улам нэмэгдэж иргэдийг хавчин хяхах бас нэг дарангуйлал болж байгаа билээ.

Бүтээгдэхүүнийг нь зөөх, түүхий эдийг нь авчирч өгөх гэхчилэнгээс эхлээд өнөөх "өлөн гэдэс" шиг нарийхан гудамжнууд нь ачааллаа даахаа больсоор удлаа. Тийнхүү нэг хавтгай дөрвөлжин километр өргөн уудам нутагтаа хоёулханаа чөлөөтэй уужим амьсгалан аж төрөх боломжтой асан монголчууд нийслэлдээ нэг ам метр талбайд 25 хүн шахцалдан суудаг боллоо. Газар дутсандаа биш газар нутгаа эзгүйрүүлж нэгэн хонхорт бөөгнөрөн овооролдсноос иймд хүрсэн хэрэг.

"Тосгоныг бурхан буй болгосон, хотыг чөтгөр буй болголоо" гэж өрнөдөд ярьдаг болсноор барахгүй баячуул, чинээлгүүд нь хотоос зугатах хандлагатай болоод байгаагийн учир нь их хотын хордлогоос болж өнөөх цуглуулсан буянаа идэш эдэлж барахад нас нь хүрэхгүй бусдын идэж болох хандлага илэрснийх юм.
Нийслэл хот маань богино хугацаанд "чулуу тоосгон ширэнгэ" (трущоба) болж хувирсаар байна. Тэрхүү тоосгон эсвэл цементэн авдар дотор суугчид:

1.Нар үздэггүй,

2.Цэвэр салхи агаараар амьсгалдаггүй,

З.Түгжигдмэл орчинд, хөл гарынх нь чилээ гаргах боломжгүй, алсыг харахаа больсноос хараа нь мууддаг,

4.Хязгаарлагдмал орчин ахуйд орсноос уур уцаар, бухимдал, цөхрөлд орж сэтгэлгээ нь хумигдаж, зожгирдог гэхчилэн наад захын хямралд өөрөө мэдэлгүй ордог.

Нөгөөх "Улаанбаатарын уушиг" гээд байдаг дэлхийн анхны шахам дархан цаазат Богдхан уулаа тал талаас нь "самардаж" хорь гаруй жуулчны бааз (арваад нь жилийн турш ажилладаг байгуулаад зогсоогүй уулын хавь орчинд 140 газар олголт хийж элдэв барилга барьсаар буй.

Тийнхүү эрх дархаа алдсан уул маань ан амьтан, ургамал ногоо, хөрс шороогоо алдаж (түймэр үе үе гардаг) 1990-ээд оны эхээр 5000 буга согоотой байснаа одоо арав хорьхонтой болж, тарвага нь барзгдаж, жигүүртэн шувууд нь зугтаах болсон. Гэтэл Монголд зөвхөн байгаль орчины чиглэлээр төрийн бус 300 гаруй байгууллага буй болсон ч тэдний зорилго өөр зүгт чиглэлтэй бололтой юм. Бохир бүдүүлэг арга ажиллагаатай жижиг үйлдвэрүүд, хаягдал төмрийн хог хайлуулж арматур хийдэг хятадуудын хувийн40-өөд газар мэтийг нийслэлээс гаргах шаардлагатай ч утаа май тавиад агаар бузарлаад байдаг ийм юмтай эвлэрээд суудаг хотын удирдлагуудын цаана нэг юм бийдэгээ гэж хүмүүс сэжиглэх болжээ.

Улс орнуудын нийслэл, томоохон хотууд даацаа хэтрүүлэхгүй байхын тулд хүн амын хязгаарлал тогтоодог журам, хуультай байдаг. Гэтэл манайд байдаггүй, байлгахыг ч хүсдэггүйн улмаас хэдхэн жилд нийслэлийн хүн ам гурав дахин даац нь хэтрээгээд байгаа билээ. Удахгүй "ууц нь хугарах бизээ?" Тэрнээс нь өмнө Улаанбатарыг муж болговол арай даацтай болохсондоо.

Жич: Хотжилт хүн төрлөхтнийг мөхөлд хүргэх нэг гай байж магад! 2050 онд дэлхийн хүн ам доод зах нь 12 тэрбум хүрч тэдний тал хувь жараас дээш настан болно гэсэн таамнал бий.

Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, сэтгүүлч, доктор Л.Түдэв