sonin.mn

ШИНЭ нам нь УИХ-ын даргаар ажиллаж байсан М.Энхболдыг огцруулахын төлөөх “Шударга таван гишүүний” хэмээн нэрлэгдэж байсан улс төрийн тэмцлийн МАН-ын гишүүн бус хэсгээс үүсэлтэй. Тухайн үед УИХ-ын гишүүн байсан Лу.Болд, Ж.Батзандан нарын манлайллаар 2019 оны есдүгээр сарын 12-нд байгуулагдсан тус нам улс төрийн хуучин тогтолцоог өөрчлөх, шударга ёсыг тогтоох, шинэ үеийн улс төрийн хүч болох зорилго дэвшүүлж байлаа.


ШИНЭ нам анхны том сорилт болох 2020 оны УИХ-ын сонгуульд БНН, МҮАН, Үнэн ба Зөв намтай хамтран ШИНЭ эвсэл байгуулан оролцсон. Тухайн сонгуулиар тус эвсэл сонгогчдын 5.28 хувь буюу 210,668 иргэний саналыг авч, Монголын улс төрийн тавцанд өөрийн гэсэн байр суурьтай болж чадсан юм. Энэ нь цаашид зөв стратеги, зөв менежментээр явсан тохиолдолд тус намд улс төрийн том боломж байсныг харуулж байлаа.


Гэвч 2021 оны арванхоёрдугаар сарын 20-нд болсон ШИНЭ намын ээлжит II Их хурлаар Ж.Батзанданг намын даргын албан тушаалаас чөлөөлж, Цэндсүрэнгийн Гантулгыг намын даргаар сонгосон нь тус намын түүхэн дэх хамгийн том эргэлтийн цэг болсон юм. Үүнээс хойш ШИНЭ намын улс төрийн нөлөө тогтмол буурч, олон нийтэд хүрэх бодлого, стратеги нь тодорхой бус болж эхэлсэн. Хамгийн гол нь улс төрийн нөхцөл байдлыг зөв үнэлэх, цаг үеэ мэдрэх чадвар дээр дараалсан алдаа гаргасан нь тус намын уналтын гол шалтгаан болсон гэж үзэх хүмүүс олон байна. Ялангуяа 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнөх улс төрийн нөхцөл байдлыг авч үзэхэд ардчиллын чиг баримжаатай намууд хүчээ нэгтгэх шаардлагатай байсан нь тодорхой байлаа. Монголын улс төрийн бодит орчинд жижиг намууд тус тусдаа өрсөлдөхөөс илүүтэйгээр өргөн хүрээний нэгдэл, эвсэл байгуулж байж, МАН-ыг ялж амжилтад хүрэх боломжтой болсон үе байсан.


Энэ нөхцөл байдлыг ойлгож, ШИНЭ намын анхдагчдын нэг хэсэг болох Ж.Батзандан, Б.Мөнхжаргал нар тус намыг Ардчилсан намтай нэгтгэх чиглэлд эцсээ хүртэл ажилласан. Улмаар тэд УИХ-ын 2024 сонгуулийн өмнө АН-д элссэн нь улс төрийн бодит тооцоолол хийсэн алхам байв.


Харин Ц.Гантулга тэргүүтэй хэсэг нь энэ байр суурийг эсэргүүцэж, “МАНАН-д орсон хүмүүстэй агаар хуваалцаж чадахгүй” гэх мэт тайлбар хийж байсан. Гэвч улс төр бол зөвхөн өнгөрсөн үеийн гомдол, үзэл суртлаар биш, ирээдүйн боломж, бодит нөхцөл байдлын тооцоогоор шийдвэр гаргах талбар байдаг. Энэ утгаараа тухайн үеийн шийдвэр нь улс төрийн стратегийн том алдаа болсон гэж шүүмжлэгддэг. Үүний дараа Ц.Гантулга тэргүүтэй удирдлагын гаргасан дараагийн том алдаа нь 2024 оны УИХ-ын сонгуульд олонд танигдсан ШИНЭ нам нэрээрээ оролцохын оронд МУНН-тай хамтран “ШИНЭ нэгдсэн эвсэл” байгуулж оролцсон явдал байлаа. ШИНЭ Нам гэдэг нэр тухайн үед аль хэдийн сонгогчдын дунд тодорхой танигдсан байсан. Харин шинэ бүтэц, шинэ эвслийн нэр дор сонгуульд орсноор өмнө нь бий болгосон улс төрийн танил байдлаа сулруулсан төдийгүй хамгийн гол нь УИХ-д суудалтай болох босгыг өндөр болгочихсон юм. Энэ шийдвэр нь тус намын УИХ-д суудал авах боломжийг бараг бүрэн үгүй хийсэн алхам болсон гэхэд болно.


Мөн ШИНЭ нэгдсэн эвслийн сонгуулийн кампанит ажил, сурталчилгаа, зохион байгуулалт үнэхээр хангалтгүй байв. Өмнө нь тодорхой хэмжээний дэмжлэгтэй байсан улс төрийн хүчин сонгуулийн үеэр өөрийгөө хангалттай таниулж чадаагүй нь сонгогчдын анхаарлаас улам холдуулахад хүргэсэн юм.


Харин 2024 оны сонгуулийн дараа Ц.Гантулга болон түүний талынхан Ж.Батзандан нарын байр суурь зөв байсныг үйлдлээрээ хүлээн зөвшөөрч, АН-д нэгдэх шийдвэр гаргасан. Гэвч улс төрд цаг хугацаа хамгийн чухал хүчин зүйл байдаг. Зөв шийдвэрийг хэтэрхий орой гаргавал өмнө нь алдсан боломж эргэн ирдэггүй гэдгийг энэ үйл явдал харууллаа. Өнөөдөр ШИНЭ нам хуульд заасан хугацаанд хурлаа хийж, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж чадаагүйн улмаас идэвхгүй намын ангилалд орох нөхцөл үүсээд байна. Энэ нь нэгэн цагт улс төрийн шинэ давалгаа үүсгэж байсан намын хувьд маш том ухралт юм. Нөгөө талаас Ц.Гантулгыг Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар зэрэг эрх баригч хүчний улс төрчдийн нөлөөлөлд байдаг гэх шүүмжлэлийг УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай болон зарим улс төрчид өмнө нь илэрхийлж байсан. Гэхдээ аливаа улс төрчийн талаарх дүгнэлт эцсийн дүндээ гаргасан шийдвэр, хийсэн үйлдлээр нь хэмжигддэг.


Үнэхээр ч ШИНЭ намын имиж УИХ-ын 2024 оны сонгуулийн үеэр МАН-ын ялалтын төлөө зүтгэсэн тоглоомын намын шинжтэй байсан нь нууц биш.


Товчхондоо, ШИНЭ намын түүх бол улс төрийн боломж зөвхөн сайн санаа, зөв уриагаар бий болдоггүй, харин зөв цаг үед зөв шийдвэр гаргах чадвар хамгийн чухал гэдгийг харуулсан сургамж юм. Олон мянган хүний итгэл, хөдөлмөр, цаг хугацаагаар босгосон улс төрийн төслийг хэдхэн хүний буруу тооцоолол, буруу алхам богино хугацаанд сулруулж болдогийг ШИНЭ намын замнал харууллаа. Тиймээс Ц.Гантулгыг намын даргаар сонгосон шийдвэр нь ШИНЭ намын түүхэн дэх хамгийн том алдаа байсан гэх дүгнэлт Монголын улс төрийн түүхэнд нэгэн том сургамж болон үлдэж байна.



Э.Солонго