sonin.mn
Шүүхийн тухай багц хуулийн төслийг Ерөнхийлөгч болон Засгийн газар тус тусдаа санаачлан боловсруулж, УИХ-д өргөн бариад буй. Хоёр төсөлд тусгасан онцлох зохицуулалтын хүрээнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш, судлаач Т.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ярилцлаа.
 
-Хуулийн төслүүдийн талаар ярихаас өмнө иргэд, олон нийтийн шүүхэд, шүүгчид итгэх итгэл алдарч, янз бүрээр шүүмжилж буй асуудлаас ярилцлагаа эхэлье. Энэ тухайд та ямар байр суурьтай байдаг вэ?
 
-Шүүх эрх мэдэл гэдэг бол өөрөө Монгол Улсын иргэний зөрчигдсөн эрхийг сэргээх, учирсан хохирлыг нь арилгуулах шийдвэр гаргах гэх мэтээр иргэний үндсэн эрхийг хамгаалахад хамгийн чухал механизм болж ажилладаг. Сүүлийн жилүүдэд олон нийт шүүх хараат бус байдлаа алдсан, ёс зүйн асуудалтай болсон, улс төрийн нөлөөнд автсан зэргээр шүүмжилж байгаа нь үнэний ортой. ШЕЗ, АТГ зэрэг байгууллагууд өөрсдийн шугамаар судалгаа хийдэг ч үр дүн нь эсрэг тэсрэг гардаг. Тиймээс хараат бус, хөндлөнгийн байгууллагаар социологийн томоохон хэмжээний судалгаа хийлгэж, иргэдийн шүүхэд итгэх итгэл ямар түвшинд байгааг тодорхойлох нь зүйтэй. Ингэхдээ яг шүүхээр үйлчлүүлсэн иргэн, хуулийн этгээдийн дунд энэ төрлийн судалгааг явуулах нь илүү үр дүнтэй. Яагаад гэвэл, шүүхээр үйлчлүүлээгүй хүн асуудлын нарийн учрыг мэдэхгүй, зөвхөн олон нийтийн хардлага, хандлагаар дүгнэх талтай байдаг.
 
-Засгийн газрын болон Ерөнхийлөгчийн өргөн барьсан Шүүхийн тухай багц хуулийн төслийг хэрхэн харж байна вэ?
 
-Засгийн газраас буюу ХЗДХЯ-наас, мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Шүүхийн тухай багц хуулийн төслийг сонгуулиас өмнө бүрэн эрхээ хэрэгжүүлж байсан УИХ-д өргөн мэдүүлсэн. Одоо УИХ-ын чуулганаар энэхүү хоёр төслийг эцэслэн шийдвэрлэнэ. Тухайн хоёр төсөлд шүүх эрх мэдлийг бэхжүүлэх, шүүхийн хараат бус, шүүгчийн бие даасан байдлыг хангахад чиглэсэн зохицуулалтыг оруулсан гэж талууд тайлбарладаг. Гэхдээ судлаачийн зүгээс харахад Засгийн газрын, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хоёр төсөлд хоёуланд нь авууштай болон орхигдуулсан зүйл байна.
 
Жишээлбэл, Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд Шүүгчдийн зөвлөлийг бий болгох талаар тусгаж, түүнд Улсын дээд шүүхийн шүүгчид бүгд, анхан болон давж заалдах шатны шүүгчдийн олонх хэсгийг оруулах байдлаар тусгасан байна. Судлаачийн хувьд үүнийг эсэргүүцэж байгаа. Яагаад гэвэл, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж буй шүүгчдийг дотор нь ялгаварлах ёсгүй. Бүгдээрээ шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх чиг үүргийг гүйцэтгэж байгаагийн хувьд хамтын шийдвэр гаргадаг нийгэмлэгтээ адил тэгш саналын эрхтэй оролцох ёстой.
 
-Хуулийн төслүүдэд шүүгчдийг сонгон шалгаруулах талаар тусгасан зохицуулалтын тухайд?
 
-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг 2019 оны арваннэгдүгээр сард баталсан. Энэхүү өөрчлөлтөөр ШЕЗ 10 гишүүнтэй байх ёстой. Үүний тавыг шүүгчдээс, үлдсэнийг нь шүүгч биш хүнээр бүрдүүлэх ёстой. Шүүгч биш таван хүнийг хаанаас хэрхэн сонгон шалгаруулах нь нээлттэй учраас хоёр хуулийн төсөлд үүнийг зарчмын хувьд өөр байр суурьтайгаар тусгасан байгаа. Тухайлбал, Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос гурав, ХЗДХЯ-наас хоёрыг нь сонгон шалгаруулж бүрдүүлэхээр тусгасан. Харин Ерөнхийлөгчийн санаачилсан төсөлд Монголын Хуульчдын холбооноос гурвыг нь, Монгол Улсын Ерөнхийлөгч, ХЗДХЯ-наас тус бүр нэгийг сонгон шалгаруулж бүрдүүлэхээр зааж өгсөн. Энэ хүрээнд төрийн эрх мэдлийн институцүүдийн оролцоо, легитим шинжийг хангах, төрөөс хараат бус, мэргэжлийн холбооны оролцоог алдагдуулахгүй байх талаас нь сайтар анхаарах ёстой.
 
-Ёс зүйн зөрчил гаргасан шүүгчид хүлээлгэх хариуцлагын асуудлыг хуулийн төслүүдэд хэрхэн тусгасан байна вэ?
 
-Энэ хүрээнд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу Шүүхийн сахилгын хороог шинээр байгуулах юм. Тухайн хороог хэдэн гишүүнтэй байлгах, хаанаас бүрдүүлэх асуудлыг хоёр төсөл мөн ялгаатай тусгасан. Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсөл УИХ, гүйцэтгэх эрх мэдэл болон шүүгчдийн оролцоог хадгалахад чиглэсэн бол Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөл хууль тогтоох, гүйцэтгэх байгууллагын болон Монголын Хуульчдын холбооны оролцоог хангахад чиглэсэн. Тиймээс тухайн хоёр хуулийн төслийг тал бүрээс нь харьцуулж, аль нь илүү үр дүнтэй байх вэ гэдэгт авах гээхийн ухаанаар хандах нь зүйтэй юм.
 
-Хоёр хуулийн төслөөс авууштай, онцлох зүйл нь юу байна вэ. Тухайлбал?
 
-Хоёр төслийн хувьд хоёулаа Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах, шүүх эрх мэдлийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг бэхжүүлэх үзэл баримтлалтай. Энэ хүрээнд улс төр болон олон нийтийн зүгээс шүүхэд зүй бусаар нөлөөлөх нөлөөллийг хязгаарлах тухайд тодорхой зохицуулалтыг хийсэн байна. Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд Улсын дээд шүүхийн шийдвэрлэдэг хэргийн зохиомол ачааллыг бууруулахад чиглэсэн чухал зохицуулалтыг тусгасан нь авууштай байгаа. Улсын дээд шүүх бүх төрлийн гомдлыг хүлээж авдаг болсон. Гэтэл дэлхий нийтийн жишгийг харахад Дээд шүүх нь бүх гомдлыг шийддэгтүй. Тухайн гомдол зарчмын шинжтэй, эрх зүйн хувьд чухал ач холбогдолтой асуудлыг хөндсөн бол мөн шат шатны шүүх өөр өөрөөр байдлаар шийдээд байгаа тохиолдолд хүлээн авч шийдвэрлэдэг. Тиймээс Иргэний болон Захиргааны хэргийн танхим гомдлоо хүлээж авах эсэхийг өөрөө шийдвэрлэх зохицуулалтыг хийж өгсөн. Харин Эрүүгийн хэргийн танхимын хувьд хүний эрх эрх чөлөөтэй холбоотой асуудпыг шийддэг болохоор асуудал арай өөр байдаг.
 
-Иргэний, захиргааны болон эрүүгийн хэргийн танхим жилд нийт хэчнээн хэргийг хянан шийдвэрлэж байна вэ?
 
-Улсын дээд шүүхийн 2020 оны тайлан гараагүй байгаа. 2020 оны эхний хагас жилээр авч үзвэл эрүү, иргэн, захиргааны нийт 1578 хэрэг хүлээн авч, шүүх хуралдаанаар 867 хэрэг хянан шийдвэрлэсэн байна. Энэ бол бусад улсын Дээд шүүхийн жишээтэй харьцуулан авч үзэхэд маш их тоо юм. Шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн хэргийн 38.4 хувь нь эрүүгийн, 34.3 хувь нь иргэний, 27.3 хувь нь захиргааны хэрэг байна.
 
-Засгийн газрын болон Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслүүдэд авууштай бас орхигдуулсан зүйлүүд байгаа гэдгийг хэллээ. Тэгэхээр цаашид үүнийг яаж шийдвэл зохистой вэ?
 
-Засгийн газраас өргөн барьсан Шүүхийн тухай хуулийн төсөл дээр тулгуурлан нэмж засах байдлаар боловсруулах уу эсвэл хоёр төслийнхөө үндсэн бүтцийг зарчмын хувьд нийлүүлэх үү гэдгийг зайлшгүй шийдэх ёстой. Миний хувьд хууль зүйн техник болон иргэн, хуулийн этгээдийн хувьд хэрэглээний амар хялбар байдлыг хангах үүднээс хамтын ажлын хэсэг байгуулж, шинээр нэгтгэж боловсруулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Ингэхдээ хоёр салгаж, Шүүхйин тухай хуулиар шүүхийн эрх зүйн байдал болон шүүхийн захиргааны байгууллагын эрх зүйн байдлыг зохицуулаад Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга хариуцлагын тухай хуулиар шүүгчийн эрх зүйн байдал, шүүгчийн сахилгын зөрчил, түүнд хүлээлгэх хариуцлагын асуудлыг багцлаад зохицуулчихвал илүү оновчтой байх болов уу.
 
-Шүүхийн тухай багц хуулийн төслийг баталж, хэрэгжүүлснээр нийгэмд үүсээд буй асуудал шийдэгдэх болов уу. Судлаач хүний хувьд үүнд ямар байр суурьтай байна вэ?
 
-Хамгийн гол нь ШЕЗ, Шүүхийн сахилгын хороог бүрдүүлэх арга ажиллагаа болон Улсын дээд шүүхийн гомдлыг өөрөө хүлээж авах, мөн шүүгчийг давтан сургах, мэргэшил ур чадварыг үнэлэх арга механизмыг хэрхэн хийх вэ гэдгээс шаптгаалж, үр дүн харагдана. Хэрэв эдгээрийг буруу хийвэл нийгэмд үүсээд буй асуудлыг шийдэж чадахгүй гэдгийг шууд хэлмээр байна. Шүүгч үнэхээр мэргэжил, арга зүйн хувьд хоцрогдсон, мэргэшлийн ур чадвар хангалтгүй тохиолдолд түүнийг давтан сургаж, дахин шалгалт авч үнэлэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, тухайн шүүгч шүүгчийн ажил, албан тушаалд мэргэжил, ёс зүйн хувьд тэнцэх үү гэдгийг нь зайлшгүй тодруулдаг, мөн шаардлага хангахгүй байгаа тохиолдолд хариуцлага тооцдог, албан тушаалаас нь чөлөөлдөг механизмыг нь зайлшгүй бас зөв хийж байж олон нийтийн шүүмжлэлд цэг тавина.
 
 
 
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин